Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

П.Очирбат: “Алт” хөтөлбөртөө биш Монголын баялгийг хувааж идэх гэсэн төрийнхний дундах өрсөлдөөний хямрал юм

-Төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, хувийн эрх ашиг үндэсний эрх ашгийн дээр гарах боллоо-

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбаттай ярилцлаа.

-Таныг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч гэхээс гадна ардчилсан гэх тодотгол хамт явдаг. Өнөөдөр бол нийгэмд ардчилал жинхэнэ утгаараа тогтнож чадахгүй байна, ардчиллаа алдаж байна гэх шүүмжлэл бий. Үүнд хариулт өгөх ёстой хүмүүсийн нэг нь та болов уу?

-Тэр шүүмжлэл үнэн. Бид өнгөрсөн хугацаанд ардчилсан зарчмаас олон зүйлээр ухарч байна. 1992 оны Үндсэн хуулиас гадна 2000 онд хийсэн нэмэлт, өөрчлөлттэй Үндсэн хууль гэсэн хоёр хуультай болсон. Зах зээлийн эдийн засгаас алхам, алхмаар ухарсаар байна. Төрийн бодлогын залгамж чанар, төрийн тогтолцооны тогтвортой байдал алдагдах боллоо.

Хувийн эрх ашиг, намын эрх ашиг, үндэсний эрх ашгийн дээр гарч, хөл толгойгоо алдаж гүйцлээ. Эрх зүйт төрийн зарчим алдагдаж, хууль зөрчих, хууль биелүүлэхгүй байх нь ердийн үзэгдэл биш систем болж хувирлаа. Энэ бүхэн бол ардчилсан зарчимд харш, ардчиллаас ухарч буй баримт юм.

-Сүүлийн үед АН ихээхэн зөрчилтэй байгаа. УИХ дахь бүлгээ ч тараачихлаа?

-Ардчилсан намын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны буруугаас болж сонгуульд ялагдсан. Түүнээс л бүх буруу үр дагавар үүдэлтэй. Ардчилсан нам Монголын ардчиллыг манлайлагч байх үүргээ умартаж, нам доторх хэсэг бүлгийн сонирхол гаарч, нэгдсэн байдлыг алдаж, хувийн тоглогчид албан тушаал алдар нэр хөөцөлдөгчид, ашиг хонжоо хайгчид олширсноос намын нийгэмд эзлэх байр суурь суларч сонгуульд, ялагдахад хүрэв бололтой. Энэ аюулаас өөрөө, өөрийгөө аврах хэрэгтэй. Ийм боломж Ардчилсан намд бий.

-Та Ерөнхийлөгчийн албаа өгснөөс хойш Ардчилсан намын гишүүний эрхээ сэргээлгэсэн үү. Ер нь намын дотоод үйл ажиллагаанд оролцож байна уу?

-Ерөнхийлөгчийн албаа өгснөөс хойш намын гишүүн байхыг хориглосон. Албан ажилд орж, олон жил үргэлжлүүлэн ажилласан учир намын гишүүний эрхээ сэргээгээгүй. Тийм болохоор намын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй.

-Монгол Улсад эрдэс баялгийн салбар монголчуудын хувьд дээр дооргүй маргаан тэмцэлдээний гол шалтаг болж, эдийн засаг, улс төрийн хямралд хүргэсэн. Үүний эхлэлийг “Алт” хөтөлбөр тавьсан гэцгээх юм. Магадгүй тийм ч байж болох. Гэхдээ ашиг тусыг нь ч бас мэдэх ёстой болов уу. Та юу хэлэх вэ?

-Эрдэс баялгийн салбар Монголын эдийн засгийг нуруундаа үүрч яваа салбар. Монголын экспортын 90 гаруй хувийг энэ салбарын бүтээгдэхүүн эзэлдэг. Монгол Улс хэрэглээнийхээ 70 гаруй хувийг гаднаас авдаг орон. Утас, зүүнээс эхлээд онгоц, машин хүртэл гаднаас л авч байна. Үүний оронд өгдөг юм чинь уул уурхайн бүтээгдэхүүн шүү дээ.

“Алт” хөтөлбөрийн тухайд гэвэл түүнийг санаачлагч нь би мөн. 1990-ээд оны эхээр Зөвлөлтийн зээл тусламж зогссон. Эдийн засгийн харилцан туслах Зөвлөл тарж, бидэнд өгдөг байсан тусламж хаагдсан. Өөрсдийн дайснаа гэж үздэг байсан капиталист орнуудтай хань хамсаатан болж амжаагүй, Монголын эдийн засаг элгээрээ хэвтэж байсан үед “Алт” хөтөлбөр бүгдийг аварсан юм. Тэр үед нэг унц алт 258 ам.долларын үнэтэй байв. Одоо 1,423 ам.долларын үнэтэй байна.

Монголын эдийн засаг элгээрээ хэвтэж байсан үед “Алт” хөтөлбөр бүгдийг аварсан юм.

“Алт” хөтөлбөрийн хүчинд Монгол Улсын валютын нөөц өсөж, зээлжих чадвар ч дээшилж, дэлхийн зах зээлтэй харилцах боломж нэмэгдэж байсан. Одоо ч тийм байгаа. Энэ хөтөлбөрийн ач тус үүгээр хязгаарлагдахгүй. Монголын экспортын барааны нэг байсаар байна.

Цаашид ач холбогдол нь улам нэмэгдэнэ. "Алт” хөтөлбөрийг санаачлах үед Монгол Улс жилд 600 кг алт олборлодог байсан. Одоо жилд 20 мянган кг-аас илүүг олборлодог болоод байна. Энэ дэвшил биш гэж үү.

Чиний хэлж байгаагаар монголчуудын дотор дээр, дооргүй маргаан тэмцэлдээний гол шалтаг болж, эдийн засаг, улс төрийн хямралд хүргэж байгаа юм бол хэргийн учир “Алт” хөтөлбөртөө биш Монголын баялгийг хувааж идэх гэсэн төрийнхний дундах өрсөлдөөний хямрал юм байлгүй дээ.

-Таныг Ерөнхийлөгч байх үед нэрлэгдсэн стратегийн таван ордоос олонх нь хөдөлгөөнд орсон. Тэдгээрээс одоо Асгатын орд л түгжигдээд байна уу даа. Энэ орд бол Монгол, Оросын хил дамнасан орд. Тийм ч учраас ордыг хөдөлгөж чадахгүй байгаагийн шалтгаан нь хойд хөрштэй холбоотой гэсэн ойлголт байдаг?

-Чиний наад ойлголт чинь буруу байна. Асгатын мөнгөний ордыг ашиглах асуудлаар хил хязгаартаа байгаа юм биш. Энэ бол цэвэр технологийн асуудал байсан. Мөнгөний хүдэрт байгаа ялгах технологийн шийдэл олдохгүй байсаар нэлээд хугацаа өнгөрөөсөн. Асгатын мөнгөний орд дээр арай гэж нэг хамтрагч олоод хамтран ажиллах гэрээ байгуулсныг манай улстөрчид цуцлаад хаячихсан юм шүү дээ. Ямар шалтгаан байсныг би мэдэхгүй Ийм найдваргүй этгээдүүдтэй хамтран ажиллах, технологийн боломжтой хамтрагч дахиад олоход хүндрэлтэй байж мэднэ. 

-Одоо улсын төсөвт хамгийн гол үүрэг гүйцэтгэж байгаа орд бол Оюу толгой. Оюу толгойтой холбоотой олон үйл явдал өнгөрсөн хугацаанд өрнөлөө. Авлига албан тушаал, гэрээ, Монгол Улсын хүртэх ашиг зэрэг асуудал яригддаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Их харамсалтай байна. Оюу толгой шиг төсөл энэ зуунд бидэнд дахиж олдохгүй. Яагаад амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх гээд байгааг би ойлгохгүй байна. Оюу толгой бол маш сонин тогтоцтой, ур ухаан, эрдэм мэдлэг, дадлага туршлага шалгасан гайхамшигтай онцлог орд. Үүнийг хайж, нээх гэж дэлхийн алдартай мэргэжилтнүүд газар газраас ирж ажилласан.

Монголын сор болсон мэргэжилтнүүд ч энэ ордыг нээхэд гар бие оролцсон юм шүү. Өмнийн говьд зэсийн ордыг нээх боломжийг судлах мэргэжилтний багийг уулын инженер, техникийн шинжлэх ухааны доктор, хөдөлмөрийн баатар Шагдарын Отгонбилэг санаачилж зохион байгуулсан. Энэ багт аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дондогийн Гарамжав орсон.

Оюу толгойн хувь заяаг шийдсэн алдарт 150 дугаар цооног өрөмдөх газрыг геологич Д.Гарамжав заасан. Орд нээгдсэн. Асар их хөрөнгө зарсан. Болзошгүй олон эрсдэлийг давсан. Цаана нь ч цөөнгүй эрсдэл байхыг үгүйсгэх аргагүй.

Газрын гадаргаас 1,500 метр гүнд босоо хэвтээ 200 км уулын малталт хийх далд уурхайн ажил явагдаж байна. Хий тоос, халуун хүйтний горим, аюулгүй ажиллагааны бүх нөхцөлийг хангах уул уурхайн барилга байгууламжийн маш нарийн зураг төслийг боловсруулж мөрдөн ажиллаж байна. Газрын гүнд уул-геологийн шинэ нөхцөлтэй тулгарах бүрт зураг төсөл, төсөвт өөрчлөлт хийх шаардлага гардаг, хийдэг. Уул-геологийн хүчин зүйлээс гадна зах зээлийн хүчин зүйл, үнэ, коньюнктурын өөрчлөлтийн нөлөөнд өртөж ажил саатдаг.

Гэхдээ Оюу толгой төслийг зогсоох асуудал байх учиргүй. Тэгвэл амиа хорлохтой адил шахуу юм болно.

Ийм шалтгаанаас болж далд уурхайн ажил жил шахам хугацаагаар саатаж үлэмж хэмжээний хохирол амсаж байсныг “Дубайн төлөвлөгөө”-гөөр зохицуулж шийдвэрлэсэн байдаг. Одоо түүнийг буруутгах гэж байгаа юм байна. Сайн судалж, зөв бурууг тогтоох хэрэгтэй.

Өнөөгийн хүндрэл их шуугиан тарьж хөрөнгө оруулагчийн хувьцааны ханш хэзээ ч байгаагүй доод хэмжээнд уналаа. Уурхайн ам гэгдэх босоо малталт “ствол” нэвтэрч байсан газрын чулуулгийн бат бэх алдагдаж, сийрэг орчин таарч уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх судалгаа хийх шаардлагатай болсноос ажил саатаж байгаа юм шиг байна. Ийм эрсдэл уул уурхайн үйлдвэрлэлд байдаг зүйл. Шийдвэрээ хурдан олж, ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй.

Гэхдээ Оюу толгой төслийг зогсоох асуудал байх учиргүй. Тэгвэл амиа хорлохтой адил шахуу юм болно. Оюутолгойн төслийг эхлүүлсэн шигээ үргэлжлүүлж байгаа хүмүүсийг би гавьяатай гэж үнэлдэг юм шүү.

-Тэгвэл гэрээний хувьд?

-Оюу толгойн гэрээг алдагдалтай, буруу хийсэн, Монголд ашиггүй болсон гэх яриа тасрахгүй байна. Гэрээнд сайжруулах зүйл байгааг үгүйсгэх аргагүй. Үүнийг хийх ёстой. Бид Эрдэнэтийн гэрээг таван удаа өөрчилж байсан удаатай. Хүнд байдлаас хамтын хүчээр гардаг. Тэнд чинь манай 34 хувийн хувьцаа байгаа шүү дээ. Уг нь манайх шиг хөрөнгийн боломж муутай улсад энэ хувьцааг өндер хүүтэй зээлээр авах хэрэг байгаагүй л юм. Бид энэ талаар тухайн үед хэлж, бичиж байсан ч даанч сонсоогүй.

-Оюу толгойн тухай ярьсных танаас асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл бий. Таныг төрийн өмчит томоохон компанид ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг, өндөр урамшуулал авдаг гэсэн шүүмжлэл олны дунд бий. Гол нь ард түмнийг төлөөлж ТУЗ-д суучихаад өндөр урамшуулал авах нь хуульд нийцэхгүй гэж зарим хуульч үздэг юм билээ?

-Би “Энержи Ресурс” компанийн ТУЗ-д хэсэг хугацаанд байсан. Хууль зөрчсөн юм байхгүй.

-Одоогоос 30 орчим жилийн өмнө Монгол Улсад нефтийн орд илэрч, та тосоор дээлийнхээ энгэрийг мялааж “Монгол Улсын хөгжлийн шинэ үүд нээгдлээ” хэмээж байсан түүхэн үйл явдал бий. Монголд газрын тос илрээд ашгаа өгсөнгүй, хятад компани бүх тосыг түүхийгээр нь зөөж байна, байгаль орчин сүйдэж байна гэдэг. Бид үнэхээр өнгөрсөн хугацаанд зөв ажиллаж, ашгаа хүртэж чадсан уу?

-Монголд газрын тосны нөөц байхгүй, хэтийн төлөв муутай гэсэн дүгнэлтийг тухайн үед Зөвлөлийн мэргэжилтнүүд хийсэн байсан цаг. Энэ нь геологичдын биш улс төрийн бодлогын дүгнэлт байсан гэж үздэг. Монгол нефтьтэй, түүнийгээ ашиглаж байсан үе бий. Монголын нефтийн талаар бидний нүдийг нээж өгсөн ачтан бол Их Британийн “Бритиш Петролиум” компани, АНУ-ын “Соко интернэшнл”, Хятадын “Петро Чайна” корпораци юм. Эдгээр байгууллагын судалгааны үр дүнд миний санаачилгаар "Газрын тос” хөтөлбөр боловсрогдон батлагдсан.

Амжилттай хэрэгжиж байна. Дэд бүтэц хөгжөөгүй манайх шиг оронд нефть боловсруулах үйлдвэр барьж байгуулах нь нефть хайж олборлохоос хэцүү ажил. Гэхдээ хийж бүтээхийн төлөө чармайж ажиллах хэрэгтэй.

Нефтийн салбараас багагүй ашиг олж байгаа. 100 хувь гадаад зах зээлээс хамааралтай байсан Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг өөрөөсөө хангадаг болох нь үндэсний аюулгүй байдлын чухал баталгааны нэг. Нефтийн бизнес бол асар их зардалтай, өндөр эрсдэлтэй. Монгол Улсын нефтийн аж үйлдвэрийн шинэ үеийн эхлэлийг тавихад rap бие оролцож явсандаа би сэтгэл хангалуун байдаг.

-Цэцийн гишүүнээр та багагүй хугацаанд ажилласан хүн. Цэцийн дээр хөх тэнгэр байдгаа больж, эрх баригч нам байх болсон гэж нэрлэсэн нь шүүмжилдэг. Үнэхээр улс төрийн нөлөөлөл тасардаггүй хэрэг үү?

-Үнэндээ Цэцэд ямар ч улс төрийн нөлөөлөл байдаггүй юм. Есен гишүүн чинь гурван субъектийн төлөөлөл. УИХ өөрөө санал болгосон хүнээ тэг, ингэ хэлж чаддаггүй. Учир нь УИХ-ын баталсан хуулийг шүүмжилж хүчингүй болгож байгаа. Ерөнхийлөгч өөрөө хууль тогтоогч биш, хууль санаачлагч байж болдог. Тэгэхээр гаргаж байгаа хууль Үндсэн хуультай зөрчилдөж байхад Ерөнхийлөгчид пад байхгүй. Өөр нэг зүйл гэвэл тэнд намаас түдгэлзсэн хүмүүс байх ёстой.

Тэгэхээр намын хамаарал байхгүй. Зүгээр л хардлага сэрдлэгийн асуудал. Ядахдаа нэг баримт гаргаад ир гэхэд чадахгүй. Монголчуудад манжаас үлдсэн зүйл бол хардлага. Нөлөөлөөд байх шиг байна гэсэн л хардлага сэрдлэг. 

-Тэгвэл танд нөлөөлөхийг оролдож байсан тохиолдол бий юү?

-Утасдаж байсан тохиолдол бий. Төв аймгийн Засаг дарга ямар ч билээ нэг хэрэгт холбогдсон талаарх маргаан. Тэр асуудлаар зарим нэг хүн “Тэр их гэмгүй хүн байгаа юм. Асуудал нь танай Цэцээр явж байгаа гэнэ. Бодож үзээрэй” ч гэх шиг. Хариуд нь “Номоор л явна ш дээ хө" гээд л асуудал дуусаа байхгүй юу. Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэсэн уран сайхны халил байдаг юм.

Хуульч Б.Чимэд бол Үндсэн хуулийн Цэцийн дээр Монгол Улсын Үндсэн хууль байгаа гэж хэлдэг байсан. Тэгэхээр Үндсэн хуулиа л барь. Үүнээс дээш даваа байхгүй гэдэг зарчмыг үнэнээр нь хэлж байгаа юм. Намайг бол эд нар төрийн албанд 30-40 жил зүтгэчихсэн, төрийн албаны ойлголт дүйтэй, ноён нуруутай л гэдэг. Намайг магтах, муулах зүйлд би цочихоо байчихсан амьтан. Муулуулж ч үзсэн. Сүрхий магтуулж ч үзсэн. Надад бол нэг их сэтгэл хөдлөөд байх юм байхгүй болжээ.

-Ерөнхийлөгчөөс буухад тань Гэрлэх ёслолын ордны дэргэдэх нэг байрыг танд төрөөс бэлэглэж байсан. Түүнийгээ зарчихсан гээд одоо ч хүмүүс шүүмжлэлтэй ханддаг юм билээ?

-Тэр бол өнчин, ганц айлын сууц байсан юм. Ашиглахаар дулаан, цахилгаан, халуун, хүйтэн усны асуудал гарна. Шугам нь байнга цоорно, маш хэцүү. Хоёрдугаарт, ганц гэрээрээ амьдрах болоод“МСS”-ийнхэнтэй ярьж байгаад тэр газраа өгсөн. Тэр газар дээр 20 гаруй давхар байшин босож, манайх нэг давхрыг нь бүтнээр найман айлын сууц, таван машины гарааш, бас оффисын нэг давхрыг авах нөхцөлтэйгөөр байшин барьж эхэлсэн юм. Түүнд л хүмүүс дургүйцдэг юм уу даа.

Одоо бол би ганц гэрээрээ биш хэдэн хүүхэд, ах дүү нараа бөөгнүүлээд монгол төрийн харамжийг гэр бүлээрээ хүртэж байна. Нас явж байна. Үр хүүхдийнхээ хажууд байх шаардлагатай болдог юм байна. Хүргэн бэрүүд дотор эмч хүмүүс байна. Хэрэгтэй биз дээ, нас явж байгаа хүнд. Хөнгөн хөлтэй хүүхдүүд байна, гарын үзүүрт зарахад амар. Тийм мэтийн юмыг бодож байртай болсон.

-Ач хүү тань хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээс ял сонссон. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Шүүхээр ороод тэнсэн харгалзах ял авсан. Торгуулаад салсан байна лээ.

-1990-ээд оны Монгол ямар байсныг бүгд мэднэ. Харин тэр үеийн төр засаг ямархуу нөхцөлд ажиллаж байсан нь сонирхолтой. Таныг Ерөнхийлөгч болж байх үеийн улсын төсвөөс эхлээд одоогийнхтой харьцуулахад инээхэд ч багадмаар нөхцөл байдалтай байсныг хүмүүс ярьдаг. Ерөнхийлөгч болон гүйцэтгэх засаглал ямар нөхцөлд ажиллаж байв даа?

-Цаг үе хүнд байсан. Шилжилтийн хүнд үед нийгмийн тодорхой хэсэг нь хуучнаа мөрөөдөж, бараг өдөр бүр жагсаал цуглаан болдог байлаа. Төрийн шинэ тогтолцоог эсэргүүцсэн эвсэл, холбоод өдий төдийгөөр байгуулагдаж өргөх бичиг барина, их юм шаардана. Дэлгүүр хоршооны лангуу хоосон. Барааны хомсдолыг зохицуулахын тулд байгаа бага, сага барааныхаа нөөцийг ард түмэндээ хүргэх гэж цөөн нэрийн хүнсний барааг картаар олгоход олон түмэн урт оочерт цувж шахцалдаж байхыг хараад “Яана даа" гэж шаналж байсан үе бий.

Энэ үед иргэддээ гадаадад чөлөөтэй зорчих паспорт олгож “Ганзагын наймаа” гэгчийг эхлүүлж барааны хангамжийг арай дээрдүүлж билээ. Улс төрийн харилцан адилгүй үзэл бодолтой, улс төрийн нам, эвсэл холбоодын санал бодлыг сонсох, харилцан ярилцах, ойлголцох гэж үйлээ үзнэ.

Үндэсний эв нэгдлийг хангах, хамгаалах Төрийн тэргүүний үүрэг энэ л үед үйл ажиллагааны маань үндсэн зарчим байсан даа. Энэ хүнд үед гүйцэтгэх засаглалын тэргүүнээр Дашийн Бямбасүрэн ажиллаж, эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх эхний алхмуудыг зоригтой, тууштай хийж байсан.

Хүнсний барааг картаар олгоход олон түмэн урт оочерт цувж шахцалдаж байхыг хараад “Яана даа" гэж шаналж байсан үе бий.

Өмч хувьчлах, үнэ чөлөөлөх, суурь өөрчлөлтийг цаг алдалгүй хийснээр Монгол Улсын эдийн засгийн бүтцэд хувийн хэвшил зохих байраа эзэлж, бараа таваарын хангамж сайжирч, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээ өргөжсөн. Монгол Улс зах зээлийн эдийн засагтай, нээлттэй ардчилсан орон болж дэлхийн улс орнуудтай өргөн харилцаатай болсон шүү дээ.

Одоо мал нь бэлчээртээ багтахаа больтлоо өсөж, машин тэрэг нь замдаа багтахаа байж, хөдөөний малчин ард гэрээсээ гадаадад байгаа ах дүү, үр хүүхдүүдтэйгээ гар утсаар, интернетээр чөлөөтэй яриад суух боллоо.

Амьдрал ахуйгаа яаж өөд татах нь хувь хүн, айл өрхөөс өөрсдөөс нь хамаарах шударга зарчим үйлчилдэг нийгэмд бид оржээ.

-Бас улс төрийн соёл ямар байсан тухай, улстөрчид яаж ажиллаж байсныг та дурсахгүй юу?

-Бидний үеийн улстөрчид үндэснийхээ эрх ашгийг эн тэргүүнд дээдэлдэг улс төрийн соёлтой байжээ. Чи бод доо. Үндсэн хуулийг 430 депутат хэлэлцэн, маргалдаж мэтгэлцсээр нэгдмэл нэг санаанд хүрч, 99 хувийн саналаар баталж байлаа Улсын бага хурал өдөр, шөнө, үдэш, оройгүй ажиллаж аливаа хуулийн төслийг зүйл заалт үг өгүүлбэр ширхэг дараалан хэлэлцэж, эцсийн хувилбарыг уншиж сонсгон зөвшөөрвөл баталдаг байсан. Энэ бол улс төрийн өндөр соёл мөн. Одоо ийм байж чадаж байгаа бил үү.

Төрийн түшээд маань бие биеэ хэлэх хэлэхгүйгээр адалж, хувийн болон хэсэг бүлгийн, нам эвслийн эрх ашгийг нийгмийн, улс орны эрд ашгаас илүүд үзэж маргалдаж байна. Үлгэргүй араншинг өргөн олны мэдээллийн хэрэгслээр ичгүүргүй нэвтрүүлж байгаа нь улс төрийн соёг яавч биш.

Гэтэл эдүгээгийн улс төрчид УИХ-ын чуулга чуулах хугацааг бараг хоёр дахин богиносгож, хуралдаан ирцийн талыг хасаж, 20 хүний ирцтэй хууль батлахад хүртэл ажлаа хөнгөлчихөөд ажиг ч үгүй 19 жилийг ардаа хийлээ шүү дээ. Энэ улс төрийн соёл мөн үү.

-Бодох л асуудал. Өөр нэг асуулт байна. Улс орны дотоод нөхцөл тийм байж. Гадаад орчинтой харилцах цоо шинэ алхам тэр үед эхэлсэн. Монгол Улсыг төлөөлсөн анхны том айлчлалууд таны үед хийгдсэн. Тэр үеийн түүхэн айлчлал, манай талд ашигтай шийдэж байсан шийдвэрүүд зэрэг нь сонирхолтой санагдаж байна?

-Монголын ардчилал чинь Монголын Төрийн тэргүүнийг гурав дахь ертөнц рүү хөл тавих эрхийг нээсэн шүү дээ. Миний анхны гадаад айлчлал БНХАУ-аас эхэлж байлаа. 30-аад жил тасраад байсан төрийн айлчлалыг Хятад Улсаас эхэлсэн маань хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах харилцааны эхлэл байсан юм. Дараа нь би АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн урилгаар АНУ-д айлчилсан.

Монголын ардчилсан хувьсгалын үйл явц, зорилго, үр дүнгийн талаар ярьж, Америкийн сонирхлыг Монголд бий болгох оролдлого болгохыг зорьсон хэрэг. Эдийн засгийн хамтын ажиллагааны зарим салбарт, тухайлбал нефть, цацраг идэвхт ашигт малтмалыг нэрлэсэн. Ерөнхийлөгч Буш миний ярианд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж "Би танаас сонсох гэж байсан зүйлээ сонсож мэдлээ” гэж байлаа.

Энэ бол Монгол Америкийн өнөөгийн харилцааны эхлэл болсон юм. Би үдийн зоогийн үеэр Буш, Бейкер нарт анчин загасчны онигоо ярьж тэр хоёр биеэ шоолж наргиан болж байв.

Бас Их Британи Умард Ирландын вант Улсад айлчилж маш сонирхолтой яриа өрнүүлж, ёслолын цагийг хоёр дахин уртасгасан яриа болсны эцэст Хатан хаан биднийг гадаа үүдэндээ хүртэл үдэж өгсөн юм. Гэтэл тэр нь сонин хэвлэлээр бөөн шуугиан тарьж, зураг хөрөгтэйгөө гарч билээ. Тэдний ёслолын журамд Хатан хаан зочноо гадаа гартал үдэх ёсон байдаггүй юмсанж.

Энэ мэтчилэн Энэтхэгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаж, Японы эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайдтай уулзаж, Францын Ерөнхийлөгч, Унгарын Ерөнхийлөгч, Германы канцлер, Солонгосын Ерөнхийлөгч, Вьетнамын Ерөнхийлөгч, Лаосын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийж, шинэ цагийн ардчилсан Монгол Улсын төрийн бодлого, орон бүртэй хамтын ажиллагаа хөгжүүлэх тухайгаа ярьж явлаа. Дэлхийн Банк, ОУВС-гийн удирдлагуудтай Вашингтонд уулзаж Монгол Улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн билээ.

-Монгол Улс мөнхийн хоёр хөрштэйгөө харилцах харилцаа ямар байх тухай асуудал байнгын сэдэв байдаг. Дэлхийн улс орнуудын хөгжил хурдацтай дэвшиж, олон улс орон ОХУ, БНХАУ-тай харилцах сонирхолтой болж байна. Ийм цаг үед манай улсын геополитикийн бодлого ямар байх ёстой вэ?

-Монгол Улс гадаад бодлогынхоо үзэл баримтлалд хоёр хөрштэйгөө харилцах харилцааны зарчмыг тодорхой тусган хэрэгжүүлж байгаа. Эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар Монголын талын санаачилга муугаас болж ОХУ-тай харилцах харилцааны түвшин доогуур байгаа. Манай хоёр орны хооронд харилцан, хамтын ажиллагааны асар их боломж бий. Үүнийг бүрэн ашиглах талаар идэвхтэй, санаачилгатай ажиллах шаардлагатай.

-Таны ээжээрээ овоглосон түүхийг уншиж байсан. Нэг насаараа ээжээрээ овоглосон он жилүүдэд аавын нөмөр нөөлөг дутагдаж байв уу?

-Аав минь намайг тавтай байхад өөд болсон. Түүнээс хойших миний хамгийн ойр хүн бол ээж. Туж ээжтэйгээ хамт байсаар ижий маань 84 нас зооглож өөд болсон. Бага залуу үед эхийн ачийг хариулах талаар ойлголттой явснаас биш аав үгүйлэгддэггүй юм билээ. Харин одоо өтлөөд ирэхээр аавыгаа их санадаг юм байна. Сонгууль энэ тэрээр намайг чинь Хятадын эрлийз гэж ярьдаг шүү дээ. Эцгээрээ овоглож чадаагүйдээ ингэж хэлүүлсэндээ би ааваасаа өршөөл эрж бичсэн шүлэг, захиа бий.

-Аав тань аль нутгийн хүн байв?

-Аав бол Засагт ханы нутаг Говь-Алтайн Дарви хавийн хүн. Завханы Түдэвтэй тал руугаа явсаар байгаад Галуутайн хүрээнд суусан лам хүн байлаа. Өвөө маань гурван бүстэй хүүхдээ гурвууланг нь Галуутайн хүрээнд суулгасан. Намайг хамгийн бага хүүгийнх нь сүнс гэдэг. Аавын бага дүү 37-ныхоо жил дээр нас барж, аав маань хэдэн малынхаа талыг буяны ажилд нь зарцуулсан гэдэг юм билээ. Тийм их буян хийсний хариуд ирсэн сүнс нь би. Бас тэр аавынхаа буяныг эдэлж яваа гэж байгаа.

Аав минь өөд болохоосоо өмнө “Хүүгээ номтой хүн болгоорой" гэж захисан юм гэнэ лээ. Би ааваасаа гурвуулаа. Том нь би. Миний дараагийнхыг гаргаад долоо хонуулаад аавын дүүгийнхэд өргүүлчихсэн. Бага дүүг нэг настай байхад аав өнгөрсөн. Ээж дүүг дөрөвтэй байхад бас айлд өргүүлээд, намайг аваад хот руу нүүсэн. Тэр үед ээж юу бодож тийм зүйл хийсэн юм, бүү мэд.

Тэгэхэд 30 гарсан бүсгүй байсан. Хүний газар хоёр нялх хүүхэдтэй яаж амьдрах юм гэж түвэгшээсэн үү мэдэхгүй, эхийн бодлыг таах аргагүй. Хааяа асуухаар уйлчихдаг байсан. Ямартай ч эцгийн захиасаар сургуулийн мөр хөөж шинжлэх ухааны академич гээд явж байна. Тэгэхээр чинь номтой хүн болсон гэж хэлнэ биз дээ.

-Хүн амьдралдаа гурван буяныг үйлдэх ёстой гэдэг. Та буяны үйлд хэр их гар сунгадаг вэ?

-Ном бичих ёстой гэдэг, би хорь, гучин ном бичсэн. Байшин барих барих ёстой гэсэн, зуслангийн байшин барьсан. Мод бол маш их тарьсан даа. Мэдээж хэрэг хань ижилтэй болж хоёр охинтой, зургаан зээтэй маш өнөр өтгөн айл болж. Яах вэ буяны үйлд бол Очирбат гээд сан байгуулж, байгаль орчноо хамгаалах, хүүхэд залуучуудыг сургах чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан.

ОХУ-ын Ленинградын Уул уурхайн сургууль руу олон оюутныг хөнгөлөлттэй нөхцөлөөр явуулж сургалаа. Жижиг төслүүд хэрэгжүүлж чацаргана тарьдаг хүмүүст хүүгүй зээл олгож байлаа.

Гэтэл хүмүүс сангаас авсан мөнгөө буцааж өгдөггүй юм билээ. Уг нь хүүгүй шүү дээ. Хариуд нь “Та одоо мөнгө нэхээд байхдаа яадаг юм" гэдэг. Сангийн эх сурвалж байхгүй болохоор удаан явдаггүй юм билээ, зогссон. Ерөнхийлөгч байсан хүн бадар бариад санд мөнгө хандивлаач гэж явалтай биш.

Харин Цэвэлмаа маань Монголын эмэгтэйчүүдийн сангийн тэргүүн хийж идэвхтэй ажиллаж байна. Гадны дотныхныг “панаалдаж” жаал мөнгө олж сандаа тус дэм болдог (инээв). Тэдний сан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, өрх толгойлон эмэгтэйчүүдэд байшин барьж өгч байгаа. Яах вэ, тэрэн рүү нь тав гурван цаас тойруу замаар хандивладаг.

ЭХ СУРВАЛЖ: Б.ЭНХЗАЯА, ӨДРИЙН СОНИН
П.Очирбат: “Алт” хөтөлбөртөө биш Монголын баялгийг хувааж идэх гэсэн төрийнхний дундах өрсөлдөөний хямрал юм
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Чернобыль: Хүн төрөлхтний учруулсан шархыг байгаль өөрөө анагаасныг илтгэх баримтууд

 Одоогоос 33  жилийн тэртээ хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ...

Өчигдөр, 17:17
Оюутолгойн гадаад, Монгол ажилчдын тэнгэр газар шиг ялгаа

Монголчуудыг уурхайн талбарт очиход нэг л сонин угтаж авна. Хүндлээд ...

Өчигдөр, 17:08
Өчигдөр, 15:46
Сүржин шийдвэр, даржин бодлого эдийн засгийг сэргээх үү

Энэ Засгийн газар уул уурхайн компанийнхантай үзэлцээд завгүй байна. ...

Өчигдөр, 13:31
Монгол Улсад цацраг идэвхт үүл нэвтэрсэн тохиолдол ажиглагдаагүй байна

ОХУ-ын Архангельск мужийн цэргийн полигонд энэ сарын 8-нд дэлбэрэлт болж, ...

Өчигдөр, 12:57
Д.Жигжиднямаа жилийн дотор УБТЗ-ын алтан картнаас 280 сая төгрөг “уншуулжээ”

 Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч” нэгдэл нь авлига, хүнд ...

Өчигдөр, 12:34
Булган аймгаас түүхэн дурсгалын олдвор илрүүлсэн байна

Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газарт тус газрын ...

Өчигдөр, 12:33
Хятадын нүүрсний үйлдвэрлэл 1949 оноос хойш 114 дахин нэмэгджээ

 Энэ жил БНХАУ-ын 70 жилийн ой тохиож байна. Тэгвэл энэ 70 жилд ...

Өчигдөр, 11:05
Түмэн үеэрээ орших нутгаа төр хамгаалах нь зөв өө

Монголчууд бид нийгмийн шилжилтийг давахдаа олон драм туулсан. Мал аж ...

Өчигдөр, 09:45
Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү

 Төрийн ордонд уурхайчдынхаа эсрэг цэрэг, цагдаа дайчлахаар ярьж суух ...

2019 оны 08 сарын 22, 19 цаг 29 минут
Уул, ус, мод хамрах газар эзэн холбогдогч нь олдохгүй эвдэрч сүйджээ

 Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тусгай хамгаалалтад 1,3 сая ...

2019 оны 08 сарын 22, 19 цаг 19 минут
Монголд цацраг идэвхит үүл орж ирсэн үү

 Энэ сарын 8-ны өдөр Оросын цөмийн агентлаг Цагаан тэнгис дэх цэргийн ...

2019 оны 08 сарын 22, 18 цаг 10 минут
Бичил уурхайчдад Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулжээ

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Бөмбөгөр сумын ...

2019 оны 08 сарын 22, 17 цаг 41 минут
Д.Сумъяабазар сайдыг огцруулахыг шаардав

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн "Эв санааны нэгдэл” үйлдвэрчний ...

2019 оны 08 сарын 22, 13 цаг 43 минут
Улсын тусгай хамгаалалттай газрыг 1.3 сая га-гаар нэмнэ

 Засгийн газрын хуралдаанаар Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал ...

2019 оны 08 сарын 22, 11 цаг 56 минут
Идлэг шонхор хамгаалах ажлын ихэнх нь үр дүнд хүрсэнгүй

Шонхор шувуу цагт 300 км хурдалдаг учраас “тэнгэрийн ирвэс” ...

2019 оны 08 сарын 22, 11 цаг 04 минут
“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа

 "Эрдэнэс-Тавантолгой” ХК  нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ...

2019 оны 08 сарын 22, 10 цаг 45 минут
Орхоны хөндийг сүйтгэсэн алтны компаниудын лицензийг цуцаллаа

 Архангай аймгийн Цэнхэр суманд олборлолт явуулж байгаа алтны ...

2019 оны 08 сарын 22, 10 цаг 26 минут
Халуунаас болж Египетэд болор уул бий болжээ

 Египетийн Бахария болон Фарафра баян бүрдийн хооронд болор уул бий ...

2019 оны 08 сарын 22, 10 цаг 21 минут
Aзи тивээ тань

 БҮГДИЙГ НЬ ОРОЛЦУУЛСАН ТОГТМОЛ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ, ЯРИА ...

2019 оны 08 сарын 22, 10 цаг 00 минут
П.Ганхүү: Нийгэм, эдийн засгийн нөлөөлөл өндөртэй төслүүдээ эрчимжүүлж байна

Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал Улаанбаатар хотноо анх ...

2019 оны 08 сарын 21, 18 цаг 02 минут
2019 оны 08 сарын 21, 17 цаг 34 минут
RIO MONGOLIA улсын бодлого

  Уг нь манайх чинь Монгол Улс юм. 1992 онд Үндсэн хуулиа өөрчлөн ...

2019 оны 08 сарын 21, 15 цаг 42 минут
Танилц: Түүхий нүүрс түлэхийг зөвшөөрсөн бүсүүд

   С.САРУУЛ   Улаанбаатарт түүхий нүүрс худалдаалах, ...

2019 оны 08 сарын 21, 14 цаг 54 минут
Агаарын чанар хэмжих багаж хүртэл тоосонцроос “айдаг” болжээ

 Өвлийн турш нүүрсний хорт утаанд утуулсан нийслэлчүүдэд зуны улирал ...

2019 оны 08 сарын 21, 14 цаг 46 минут
Ц.Мянганбаярын "Монгол газар" болон түүний хамаарал бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сая Архангай аймагт олгогдсон 13 тусгай ...

2019 оны 08 сарын 21, 14 цаг 02 минут
RIO MONGOLIA улсын бодлого

 Уг нь манайх чинь Монгол Улс юм. 1992 онд Үндсэн хуулиа өөрчлөн ...

2019 оны 08 сарын 21, 13 цаг 52 минут
“Баатарван транс“ ХХК-ийн үйл ажиллагааг зогсоов

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Баатарван ...

2019 оны 08 сарын 21, 13 цаг 19 минут
Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү

Төрийн ордонд уурхайчдынхаа эсрэг цэрэг, цагдаа дайчлахаар ярьж суух ...

2019 оны 08 сарын 21, 13 цаг 09 минут
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ыг зорино

Халх голын байлдааны 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ...

2019 оны 08 сарын 21, 13 цаг 04 минут
Есөн газрыг улсын тусгай хамгаалалтад авах санал хүргүүлнэ

БОАЖ-ын сайд Б.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2019 оны 08 сарын 21, 12 цаг 08 минут
Д.Сумъяабазар: Тавантолгойг хуваасан асуудал огт байхгүй

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар уул уурхайн бүс нутагт ажиллаж, бүтээн ...

2019 оны 08 сарын 21, 10 цаг 59 минут
Төсөл сайн бол хөрөнгө оруулагчид бэлэн

 Азийн "Давос” хэмээн дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг боао форум нь Ази ...

2019 оны 08 сарын 21, 10 цаг 53 минут
Нүүрсний олборлолт 40 хувиар нэмэгдсэн

 Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.2 их наяд төгрөгөөр ...

2019 оны 08 сарын 21, 10 цаг 39 минут
Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт-4

Сүх жанжны нутагт хариуцлагагүй уул уурхай газар авч байгаль орчин ...

2019 оны 08 сарын 21, 09 цаг 42 минут
Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байжээ

 Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран ...

2019 оны 08 сарын 20, 17 цаг 37 минут
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хөгжлийн стратегиа танилцууллаа

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын баг мэдээлэл хийж, олон ...

2019 оны 08 сарын 20, 17 цаг 02 минут
2019 оны 08 сарын 20, 16 цаг 48 минут
Хамгийн баян орон хамгийн чухал нөөцгүй болох нь

 Дэлхийн хамгийн баян орнуудын нэг болох Саудын Арабыг тун аюултай ...

2019 оны 08 сарын 20, 15 цаг 38 минут
Борооны улмаас хадлан бэлтгэх ажил хойшлох төлөвтэй байна

2019 онд улсын хэмжээнд 361.0 мянган га-д үр тариа, үүнээс 337.0  ...

2019 оны 08 сарын 20, 14 цаг 12 минут
Архангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий аймаг дахь уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцал

Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал Төрийн ордонд болж, Монгол Улсын ...

2019 оны 08 сарын 20, 13 цаг 05 минут
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ МАЙНИНГ” ЗУРГААН ЗАХИРАЛ,16 ХЭЛТЭСТЭЙ АЖИЛЛАНА

Өнгөрсөн баяр наадмын урд өдөр Засгийн газраас  “Эрдэнэс ...

2019 оны 08 сарын 20, 12 цаг 59 минут
Австрали улс нүүрстэй хамт хорт хий экспортолдог

 Австралийн өсөн дэвжиж буй нүүрсний аж үйлдвэр дэлхийд гуравт ...

2019 оны 08 сарын 20, 12 цаг 51 минут
Уурхайчдын барьцаанд орсон урагшгүй албатуудын МЭДЭГДЭЛ!!!

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Эко системийг устгаж буй гэмт хэрэгтнүүдтэй ...

2019 оны 08 сарын 20, 12 цаг 34 минут
1072 хувьцааны данс нээх заавар

 "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2 511 000 иргэн эзэмшдэг. ...

2019 оны 08 сарын 20, 12 цаг 27 минут
Оюутолгойн шалгалтын баримтуудыг Засгийн газар татаж авчээ

Эрх баригч намынхан Үндсэн хуулийн өөрчлөлтөд улайрч Оюутолгойн асуудлыг ...

2019 оны 08 сарын 20, 12 цаг 10 минут
Монгол “мартсан” ч, Москва сонирхоод эхэлсэн Төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн “төгрөгийн хэрэг”-2

 Дамдинсүрэнгийн Жигжиднямаа нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. ...

2019 оны 08 сарын 20, 12 цаг 05 минут
Оюутолгойн шалгалтын баримтуудыг Засгийн газар татаж авчээ

 Эрх баригч намынхан Үндсэн хуулийн өөрчлөлтөд улайрч Оюутолгойн ...

2019 оны 08 сарын 20, 12 цаг 01 минут
“Рио тинто”-гийн хагас жилийн тайлан дахь Оюутолгой

Дэлхийн уул уурхайн хамгийн том олборлогч, Оюутолгойн зэс, алтны ордод ...

2019 оны 08 сарын 20, 12 цаг 00 минут
4 өрөө байрны үнээр ТӨХК-ийг хувьчилж авсан түүх буюу “Хөтөл” ХХК...

Хөгжлийн банкнаас зээл аваад төлөлгүй “луу унжсан” томоохон ...

2019 оны 08 сарын 20, 11 цаг 50 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани