Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Бадамсүрэн: Монголчууд “Эрдэнэт үйлдвэр”-тээ хайртайг би мэдэрдэг

Х.Бадамсүрэн: Монголчууд “Эрдэнэт үйлдвэр”-тээ хайртайг би мэдэрдэг

 

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэнтэй ярилцлаа. Улсын эдийн засаг, хөгжил дэвшилд амин чухал оролцоотой аж ахуйн нэгж "Эрдэнэт үйлдвэр”-ийг хамгийн амаргүй, адармаатай гэмээр он жилүүдэд нь нэр төртэй удирдаж, давтагдашгүй түүхээ бүтээж яваа түүний илэн далангүй ярилцлага сонирхолтой байна гэдэгт найдаж байна.

ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ХАМТ ОЛНЫ УУР АМЬСГАЛ, ҮЙЛДВЭРЛЭЛД НӨЛӨӨЛӨХ ВИЙ ГЭЖ ЭМЭЭЖ, АЛЬ БОЛОХ АЖИЛД НӨЛӨӨЛҮҮЛЭХГҮЙ БАЙЛГАХЫГ ХИЧЭЭСЭН. ИНГЭЖ АЖИЛЛАЖ Ч ЧАДСАН

- "Эрдэнэт үйлдвэр” гэж мөнгөний уурхай, Засгийн эрх авсан намаас даалгавар авч томилогдсон хүмүүс сонгуулийн санхүүжилт босгох гэж тэнд бужигнуулж өгдөг гэсэн ойлголт нийгэмд бат суучихсан шүү дээ. Нам тань танд ямар даалгавар өгөв, та түүнийг нь биелүүлж байна уу. Ярилцлагаа ингэж эхлэхэд эмзэглэхгүй байх дархлааг таны хашиж явсан, хашиж буй албан тушаалууд бий болгосон байх гэж найдаад ийм асуулт тавьж буй юм шүү?
-Юуны өмнө эрхэм уншигчдадаа XVII жарны "Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, амар амгалан, баяр баясал, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
"Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдоод гурван жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Надад л лав намын даалгавар гэж байсангүй. Эзэмшсэн мэргэжил, дадлага туршлага чинь хэрэгтэй байна гээд үүрэг хүлээлгэсэн гэж ойлгоод ажиллаж явна. 

- Та Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үед томилогдоод, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед улиран ажиллаж байна. Улсын эдийн засагт асар том нөлөөтэй, тэр хэрээрээ хэл ам, хардлага сэрдлэг дагуулдаг энэ байгууллагыг хоёр Ерөнхий сайдын үед удирдсан хүнийг хоёр төрд нүүртэй гэх нь аргагүй ч юм шиг...
-Миний хувьд дээд сургууль төгсөхдөө дипломоо бичихээс эхлээд өнөө хүртэл "Эрдэнэт үйлдвэр”-тэй ямар нэг сэжмээр холбоотой яваа. Төгсөж ирээд Геологи, уул уурхайн яамны төв аппаратад хуваарилагдаж ажилласан. Уул уурхайн үйлдвэрийн хэлтэс, Хамтарсан үйлдвэрийн  хэлтсийн дарга, салбарын ерөнхий инженерийн алба хашиж байлаа. Хожим Монгол, Оросын хамтарсан үйлдвэр гэсэн адилхан статустай ихэр хоёр үйлдвэрийн нэг "Монголросцветмет”-ийн ерөнхий захирлаар 12 жил ажилласан. Тэр он жилүүдэд бидний харьяалагддаг байгууллага, ажиллах зарчим нэг, ажил төрлийн холбоотой байсан болохоор "Эрдэнэт үйлдвэр”-тэй ойр байлаа. Хамтарсан үйлдвэрүүдийн удирдах дээд байгууллага нь Зөвлөл байв. "Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет” хоёр нэг Зөвлөлд харьяалагддаг байсан учраас Эрдэнэтийн талаар мэднэ.
"Эрдэнэт үйлдвэр” Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн статустай 38 жил явж ирсэн. ОХУ-ын Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг "Монголын зэс корпорац”-д 2016 оны зургадугаар сарын дундуур худалдсан. Ингээд Монголын Засгийн газар 51, хувийн хэвшил 49 хувийг эзэмшиж байх үед би ерөнхий захирлаар томилогдсон. Одоо 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) болсон үед нь ажлаа үргэлжлүүлээд явж байна. Дээр хэлсэн дээ, эзэмшсэн мэргэжил, дадлага туршлага чинь хэрэгтэй байна гэсэн болохоор би ажиллаж байна гэж.

- Та яах аргагүй онцгой, адармаатай цаг үед энэ албыг хашиж байна. Засгийн газар 51, хувийн хэвшил 49 хувийг нь эзэмшиж, эзэмшигчид хоорондоо маргалдаж, шүүх цагдаадаа тулсан үед ажиллах ямар байв. Тэр өдрүүдийн тухай ярих зүйл их бий байх?
-Үнэхээр, богино ч гэсэн амаргүй цаг үе байсан шүү. Миний мэддэг Монгол, Оросын хамтарсан үйлдвэртэй харьцуулахад өөрчлөгдсөн зүйл нэлээд байлаа. "Монголын зэс корпорац”-ын хувьд ч амаргүй байсан байх. Уг компанийг төлөөлж ажилласан хүмүүсийн дунд яам, тамгын газарт ажиллаж байсан хүмүүс ч байсан, ийм том үйлдвэрийн ажлаас хол хөндий хүмүүс ч байв. 
Би ерөнхий захирлын ажлыг хүлээж авахдаа "Эрдэнэт үйлдвэр”-ийн өмчлөлийн байдлаас үл хамааран энэ үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн, жигд явах ёстой” гэж хэлсэн. "Эрдэнэт үйлдвэр” ямар ч тохиолдолд Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байсан үеийнхээс муу ажиллах ёсгүй, болж өгвөл илүү ажиллах хэрэгтэй. Энэ бол зөвхөн "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захиралтай төдийгүй, нийт монголчуудын нэр төртэй холбоотой асуудал л даа. Хэрэв муу ажилласан бол "Ээ чааваас, монголчууд оросуудаас "Эрдэнэт үйлдвэр”-ээ аваад хамраар нь газар хатгууллаа” гэхчилэн янз янзын яриа гадаад талд гарах нь тодорхой шүү дээ. Тийм учраас хичээж ажиллах ёстой гэдгийг хамт олондоо, 49-ийг төлөөлж байсан хүмүүст  байнга хэлж байлаа. Ямар ч тохиолдолд "Эрдэнэт үйлдвэр” сайн ажиллах ёстой гэдэг дээр бид ойлголцсон. Бидэнд санаа зөрөх зүйл байсан ч хэрүүл уруул хийж, хоёр тийшээ харж суусан удаа байхгүй. Би ойлголцож ажиллахыг эрхэмлэсэн. 
Хамгийн гол хүндрэл нь үйлдвэрийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн хууль эрх зүйн хувьд маргаантай, байс хийгээд өөрчлөлт ордог, тогтвортой бус байсан. Тэр бүрт дүрэм журам өөрчлөгдөнө. ТУЗ-ийн гаргасан шийдвэр хүчингүй болох тохиолдол ч олон байлаа. Энэ тогтворгүй байдал хамт олны уур амьсгал, үйлдвэрлэлд нөлөөлөх вий гэж эмээж, тэнд болж буй өөрчлөлт, наагуур цаагуур өрнөж буй яриа хөөрөөг аль болох ажилд нөлөөлүүлэхгүй байлгахыг хичээсэн. Ингэж ажиллаж ч чадсан. Үүний хүчинд үйлдвэр тэр үед хэвийн ажилласан. Одоо 100 хувь төрийн мэдлийнх болоод ч сайн ажиллаж байгаа. Энэ нь үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийн өсөлт, түүний үр дүнд улсын сан хөмрөг, төсөвт төвлөрүүлсэн хөрөнгө мөнгөнөөс ил харагдана. Тэр амаргүй үед ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн төрийн хүний ноён нуруу гаргаж, зоримог, голч ажилласан шүү.

-Саваагүй асуулт тавья. 49 хувийг худалдаж авчирсан залуусыг ингээд гаргачихсаныг юу гэж боддог вэ?
-Энэ асуудал хэвлэл мэдээллээр хангалттай гарсан даа. Бүх асуудал хууль тогтоомжийн хүрээнд шийдэгдэх ёстой. УИХ-ын шийдвэрийг үндэслэж, Засгийн газар шийдвэрээ гарган 100 хувь ТӨҮГ болгосон. Сангийн яамаар толгойлуулсан ажлын хэсэг байгуулагдаж шалгалт хийн, санал дүгнэлт, зөвлөмжөө Засгийн газарт танилцуулсан. Сангийн яамны санал, зөвлөмжийн хэрэгжилтийг Ерөнхий сайдын захирамжаар томилогдсон нэлээд том ажлын хэсэг шалгаж байгаа. Тэд санал, дүгнэлтээ Засгийн газарт удахгүй танилцуулах байх. Төр, засаг шийдвэрээ гаргаад, ажлаа явуулж байна. 

-"Эрдэнэт үйлдвэр” өнгөрсөн онд олон түүхэн амжилт тогтоосон, улсын төсөвт их наяд шахам төгрөг төвлөрүүлсэн гэх мэтийн сайхан мэдээллүүд оны босгон дээр сонсогдсон. Өнгөрсөн онд гэлтгүй, таны ажилласан гурван жил гаруйн хугацаанд "Эрдэнэт үйлдвэр”-ийн ажил үйлс, улсын болон орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг тоймловол сонин байх болов уу?
-Өнгөрсөн онд 37.2 сая тонн хүдэр олборлож, 32.2 сая тонныг боловсруулсан нь "Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо. 2019 онд 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, төлөвлөгөөг 112.6 хувиар  биелүүлсэн нь түүхэн дээд амжилт юм. Мөн нийт зардлыг 1.4 хувиар,  борлуулсан бүтээгдэхүүний нэг төгрөгт ногдох зардлыг 3.7 хувиар төлөвлөгөөнөөс бууруулан ажилласан. Улс, орон нутгийн төсөвт 2016 онд 184, 2017 онд 580, 2018 онд 655 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол 2019 онд 961.9 тэрбум төгрөгт хүргэсэн нь "Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэнд хамгийн их орлого бүрдүүлсэн, үндэсний баялаг бүтээсэн амжилт болж байна. "Эрдэнэт үйлдвэр”-ийн нэг ажилтан өнгөрсөн онд 146 сая төгрөгийн үндэсний баялаг бүтээж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан гэсэн үг. "Эрдэнэт үйлдвэр”-ийн 2019 оны ажлыг нэг хоногоор авч үзвэл, хоног тутамд 6.1 тэрбум төгрөгийн орлого олж, 2.6 тэрбумыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.
Мөн гаалийн төлбөр, хураамж, цахилгаан эрчим хүчний төлбөрт 238.5 тэрбум төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2019 оны үр дүнгээр улс, орон нутгийн төсөв болон гааль, цахилгааны төлбөрт нийтдээ 1.2 их наяд төгрөг оруулсан. "Эрдэнэт үйлдвэр” нь 2019 онд төрийн өмчийн статустай, онцгой дэглэмийн нөхцөлд ажиллаж, сүүлийн 10 жилд анх удаа гадаад, дотоодын зээлийн өр төлбөргүй боллоо.
Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд "Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлыг анх удаа тусгайлан авч үзэж, 2019 оны зургадугаар сард 224 дүгээр тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжиж, бүс нутгийн хэмжээнд "Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэсэн уул уурхай-хөдөө аж ахуй, уул уурхай-металлург-химийн үйлдвэрийн цогцолбор, уул уурхай-хүнс, хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн цогцолбор байгуулах талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулахыг холбогдох яамд, аймгийн удирдлага болон "Эрдэнэт үйлдвэр”-т даалгасан. Энэхүү үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2019 оны зургадугаар сарын 18-нд баталсан. Энэ нь үйлдвэрийн тогтвортой хөгжил, урт хугацааны бодлого, чиглэлийг тодорхойлсон чухал үйл явдал болсон. 
Энэхүү хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд Эрдэс баялгийн нөөц өсгөх, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэр болон Засвар механикийн заводыг өргөтгөн шинэчлэх, байгаль, экологид сөрөг нөлөө багатай, хамгийн орчин үеийн шийдэлтэй Уусган баяжуулах технологиор исэлдсэн хүдэр боловсруулах үйлдвэр барих, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажил эхлээд байна.
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлуулсан. Сүүлийн жилүүдэд төсөв төлөвлөгөө цаг хугацаандаа батлагдаж чаддаггүй байсан. Энэ нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байсан бол 2020 онд энэ эрсдлийг арилгаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа оны эхнээс хэвийн жигд явах боломж бүрдсэн. 2020 оны худалдан авалтын төлөвлөгөөг төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системд 2019 онд багтаан бүрэн байршуулсан. "Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өмнөх 2019 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. "Эрдэнэт үйлдвэр” 2020 оныг "Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил” болгосон. Энэ хүрээнд шинэ төслүүд, бүтээн байгуулалтын ажилд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангаж, шинжлэх ухааны ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьж байна.
Засгийн газар, МҮХАҮТ-аас шалгаруулдаг шилдгийн шилдэг аж ахуй нэгж, Гранпри шагналыг 2003 онд хүртэж байсан бол 16 жилийн дараа 2019 онд хоёр дахь удаагаа хүртсэн нь манай хамт олны ажлын үнэлгээ.

- "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ амжилттай ажиллаж, төр муу менежер гэдэг үгийг няцаажээ. Үүнд таны дадлага туршлага, төрөлх салбартаа ажилласан шиг ажиллаж, өөрийнхөө ул мөрийг үлдээсэн шиг үлдээе гэсэн тэмүүлэл гол нөлөөтэй болов уу гэж бодоод, асуухаар төлөвлөж байсан юм. Гэтэл та дээр нууцаа хэлчих шиг боллоо. Өөрийн нэрийг хичээхээс илүүтэй улсынхаа нэрийг хичээж ажилласан гэж...
-Аль аль нь л байсан даа. Төр муу менежер гэдэгтэй би угаасаа санал нийлдэггүй. Хүн толгойдоо том төлөвлөгөө, сайхан зүйл тээж явах нэг хэрэг. Түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх юу юунаас чухал. Төр муу менежер биш гэдгийг "Эрдэнэт үйлдвэр” үйл ажиллагаагаараа харууллаа. Энэ бол надтай баг болж ажиллаж байгаа уурхайчид, ажилтан, ажилчдын маань хамтын хөдөлмөрийн үр дүн. Нөгөөтэйгүүр, энэ амжилт нь биднийг улс төрөөс хараат бусаар ажиллах, үйлдвэрлэлээ ном журмынх нь дагуу, мэргэжлийн өндөр түвшинд удирдаж явуулах боломжоор хангасан, ингэж ажиллахад бодлогоор дэмжиж "Эрдэнэт үйлдвэр”-ийн хэт ирээдүйтэй холбоотой чухал шийдвэр гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний толгойлсон Засгийн газартай шууд холбоотой. Хүмүүс ойлголцож, хичээгээд, гар нийлэн ажиллавал юу ч бүтээж болдог гэдгийг, аливаа ажлын хувь заяа бүх шатны удирдах ажилтан, хувь хүнээс хамаардаг гэдгийг "Эрдэнэт үйлдвэр”-ийн ажлын үр дүн сүүлийн жилүүдэд харуулсан гэж бодож байгаа.

-Хүн аливаа ажилд очихдоо сайнаар дурсагдаж үлдэхээр ажиллах юм сан гэж бодвол ул мөр нь сайхнаар үлддэг шиг санагддаг. Танд тийм бодол төрж байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Хаана ч, ямар ч ажил хийсэн тодорхой зүйл бүтээж, сайхан ул мөр үлдээх юм сан гэсэн бодол тээдэг. Би таван хүүтэй айлын ууган нь. Сургууль соёлын мөр хөөхдөө эцэг, эхийнхээ чихийг халууцуулахгүй юм сан, нутаг усныхаа нэрийг зөвөөр гаргах сан гэсэн бодол тээж, бас ч түүнийгээ муугүй хэрэгжүүлж явлаа. Энэ бодол маань надаас салахгүй өдий хүрч байна.

ЕРӨНХИЙ САЙД НАМАЙГ "ӨӨРИЙНХӨӨРӨӨ, МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД АЖИЛЛА. АЖЛАА ТОЛГОЙГООРОО ХАРИУЦААРАЙ” ГЭСЭН

-"Эрдэнэт үйлдвэр”-ийн статус өөрчлөгдсөн ч үлдэж ажиллах боломжийг орос мэргэжилтнүүдэд олгосонд тань тэд их баярладаг юм билээ. Та оросуудад их элэгтэй юм аа?
-Миний сурч боловсорсон, ажиллаж буй он жилүүд Оросын ард түмэнтэй салшгүй холбоотой учраас энэ агуу ард түмнийг хүндэлдэг. Би долдугаар анги хүртлээ сумын сургуульд сураад, наймдугаар ангидаа аймгийнхаа төвийн арван жилийн нэгдүгээр сургуульд ирсэн. Тэр үед ЗХУ манай улсад бэлэглэсэн сургуулиудын нэг нь Өмнөговь аймагт баригдаж, ашиглалтад орсон юм. Хөдөө сумд байхдаа "Брежневийн бэлгийн сургууль гэдэг гоё сургуулийг Зөвлөлтийн нөхөд барьж байгаа, удахгүй ашиглалтад орох гэнэ” гэх мэтээр сургийг нь сонссоор төсөөлөлдөө ургуулчихсан байсан. Энэхүү шинэ сургуульдаа анх хөл тавихад шил толь болсон, орд харш шиг санагдаж байж билээ. Дотуур байр маань халуун устай, шүршүүртэй. Тэр үед аймгийн төвд халуун устай, байрандаа душэнд ордог сургууль байтугай байгууллага, орон сууц байгаагүй дээ. Тэр үеэс л Зөвлөлтийн ард түмэн гэж ямар буянтай, өгөөмөр улс вэ гэсэн бодол надад бат суусан. 
Дунд сургуулиа төгсөөд ЗХУ-д сурахдаа ч тэр л сэтгэлээрээ явсан. Төгсөж ирээд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд ажиллахдаа мөн л Зөвлөлтийн уурхайчид, геологичидтой гар нийлсэн. Манай яамны дэргэд ЗХУ-ын Өнгөт төмөрлөгийн яам, Геологийн яамны бүрэн эрхт төлөөлөгчийн газар ажилладаг байлаа. Дараа нь хамтарсан үйлдвэрүүдийг удирдахад мөн л оросуудтай хамтарч ажилласан. Энэ мэтээр дандаа оросуудтай холбоотой байж дээ. Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийг олон жил удирдсан, одоо ч удирдах бүрэлдэхүүнд нь байдаг. Мөн ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөлийн Монголын хэсгийн даргаар ажиллаж байна.
"Эрдэнэт үйлдвэр”-т томилогдож ирээд орос мэргэжилтнүүдээ тусад нь хүлээж авч уулзсан. Намайг ирэх үед оросууд нэлээд бужигнаж, сандарч тэвдсэн байдалтай байгаа нь ажиглагдаж байв. Оросын тал хувиа зарчихлаа, хамтарсан үйлдвэрийн статусгүй боллоо, ажиллах боломж нөхцөл хязгаарлагдах нь гэсэн байдалтай, нутаг буцах бодолтой болцгоосон нь анзаарагдсан. Зарим нь ч нутаг буцаад эхэлчихсэн байлаа. 2016 онд 118 хүн нутаг буцсан байдаг.
Шилжилтийн үед, 1990-ээд онд орос цэргүүд, геологичид, барилгачдыг манайхан хөөгөөд явуулсан гэдэг яриа, ойлголт байдаг шүү дээ. Түүнд оросууд сэтгэл дундуур явдаг юм. Ний нуугүй хэлэхэд би "Ийм зүйл битгий болоосой. Монгол инженерүүд, уурхайчдыг бэлтгэхэд Монгол, Оросын хамтарсан үйлдвэрүүд томоохон үүрэг гүйцэтгэж, гавьяа байгуулсан. Техник, технологийн хувьд ч бодитой дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Хэний хүчинд, хэний тус дэмээр өдий зэрэгт хүрснээ бодох хэрэгтэй. Хүний мөс чанар гэж байх ёстой” гэж бодсон. Хамтарсан үйлдвэрийн статус байхгүй болонгуут хэдэн оросоо хөөгөөд явуулчихаж болохгүй биз дээ.
Тиймээс "Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсан оросуудад элгэмсэг хандаж, тэднийг хүлээж авч уулзахдаа "Та нар үйлдвэртээ үргэлжлүүлэн ажиллахыг хүсвэл надтай гэрээ хийгээд ажиллах боломжтой” гэсэн. Энэ саналыг маань оросууд маш баяртай хүлээж авсан. Дээр үед МАХН-ын Төв хорооны Бүгд хурлын материалд "Удтал алга нижигнүүлэн ташив” гэсэн байдаг шиг ёстой л удтал алга нижигнүүлэн ташиж билээ. Намайг томилогдож ирэхээс өмнө явах шийдвэр гаргаад, ачаа хөсгөө явуулчихсан хүмүүс нь буцаад, тэгээгүй хэсэг нь үлдсэн дээ. Одоо "Эрдэнэт үйлдвэр”-т 200 орчим орос хүн ажиллаж байна. Тэд сэтгэл хангалуун байгаа. ОХУ-ын ЭСЯ-ныхан ч энэ шийдвэрт талархалтай байгаагаа илэрхийлдэг.

-"Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоолоо, ТӨҮГ болголоо гэх мэтийн дуулиант мэдэгдлүүд ар араасаа гарч, бужигнасан ч та ерөнхий захирал хэвээр үлдсэн. Энэ талаарх асуултад та дээр тодорхой хариулт хэлээгүй. Засгийн газар, Ерөнхий сайд танд ямар үүрэг даалгавар өгч, улираасан бэ гэвэл хариулт өөрчлөгдөх үү?
-2019 оны гуравдугаар сард Засгийн газар шийдвэр гаргаж, "Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоосон. Ингээд ТӨҮГ болгож, дүрэм журмыг нь баталсан. Намайг улираан томилохдоо У.Хүрэлсүх Ерөнхий сайд "Та мэргэжлийн хүн. Танд эрдэм, мэдлэг, дадлага туршлага бий. Үүнийгээ үйлдвэр, хамт олныхоо төлөө зориулаарай. Таны ажиллах цаг хугацаа амаргүй байх нь. Хуулийн дагуу л ажиллаарай” гэсэн. Ер нь манай Ерөнхий сайд их тууштай хүн шүү дээ. Асуудалд шийдэмгий, түс тас. Цагийг яс баримтална. Хэлсэн бол хийж, хэрэгжүүлдэг. Энэ чанар нь хамтарч ажиллахад дөхөмтэй байдаг. 

-Гурван жил гэдэг урт хугацаа биш ч бас богино хугацаа биш. Өнгөрсөн хугацаанд Х.Бадамсүрэнгийн гэх бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлсэн ажил олон байсан нь гарцаагүй. Хулгана жилийн эхэн дээр гурван жилийн ажлаа дүгнээч. Та ажлаа авснаасаа хойш тэгж дэлгэрэнгүй яриагүй санагдаж байна?
-Би ерөнхий захирлаар үргэлжлүүлэн ажиллахаар болж, Ерөнхий сайдтай уулзахдаа дараах тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлсэн. Нэгдүгээрт, уул уурхайн үйлдвэрийн амин чухал асуудал нь нөөц баялаг байдаг. "Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайн уул-геологийн нөхцөл хүндэрч байна. Нөөц баялгийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай. Хоёрдугаарт, үйлдвэр маань 40 жил ажиллалаа, техник, тоног төхөөрөмж нь муудаж, солих шаардлагатай болсон. Гуравдугаарт, байгаль орчны асуудлыг тусгайлан авч үзэж, хуримтлагдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх   шаардлагатай. Тухайлбал, цагаан тоос гэж эрдэнэтчүүдийн санааг зовоодог, тэр ч бүү хэл Монголын ард түмэн мэддэг хэцүү асуудал бий. Дөрөвдүгээрт, улиг домог болтол олон жил яригдсан гадаад, дотоод дахь өр, авлагын асуудлыг эцэслэх зайлшгүй шаардлагатай. Тавдугаарт, "Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон, элдэв нэр хоч зүүлгэсэн асуудлуудыг цэгцлэх, тухайлбал, боловсон хүчний болон бараа таваарын шахаагүй болгох хэрэгтэй гэдэг асуудлыг ярьсан. Ерөнхий сайд намайг "Өөрийнхөөрөө, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаарай. Ажлаа толгойгоороо хариуцаарай” л гэсэн.

-Ерөнхий сайдтай ярьсан эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд таны ажил чиглэж байгаа гэж ойлгож болох нь ээ?
-Тэгж болно. "Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайн уул-геологийн нөхцөл хүндэрч, хүдрийн хатуулаг нэмэгдсэн нь үйлдвэрлэлийн өртөг зардал нэмэгдэх үндсэн шалтгаан болж байна. Үүнийг шийдэхийн тулд ил уурхайнхаа техник, технологийг боловсронгуй болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Геологи хайгуулын ажлаа эрчимжүүлсэн. Энэ ажилд 2017-2019 онд 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, үр дүнд нь нөөц баялгаа дорвитой өсгөж, үйлдвэрлэлийнхээ ажиллах хугацааг 20 орчим жилээр уртасгаж чадлаа. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт үйлдвэр” цаашид наанадаж 60 жил ажиллах боломжийг бүрдүүлсэн.
2016 онд үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн 55-80 хувь үндсэндээ элэгдсэн, сольж, шинэчлэх шаардлагатай байсан. Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг солих амаргүй. Ялангуяа, баяжуулах үйлдвэрийн хувьд өргөтгөл, шинэтгэл хийхэд асуудал ихтэй. Үйлдвэрлэл тасралтгүй явах ёстой атал техник, тоног төхөөрөмжийг солихын тулд бид зайлшгүй хуучныг нь авч, шинийг суурилуулна. Зарим тоног төхөөрөмжийн овор хэмжээ нэмэгдвэл суурийн даац, хэмжээ дамжааг бас өөрчлөх шаардлага гарна. Ингэлээ гээд үйлдвэрлэлээ зогсоохгүй, хүрсэн түвшинг буруулахгүй байхыг зорьж байна. Үүний тулд цагаа маш нарийн тооцох, төлөвлөсөн хугацаандаа яс багтаах хэрэгтэй. Техник, тоног төхөөрөмжөө солих, шинэчлэх ажил овоо урагштай байгаа. Сүүлийн гурван жилд нийтдээ 625 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 70 гаруй хувийг техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааны түвшинг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангахад зориуллаа. Үүний үр дүнд техник, тоног төхөөрөмжийнхөө 10-20 хувийг шинэчилсэн, Ингэснээр техник, тоног төхөөрөмжийн насжилт багасаж, найдвартай ажиллагааны түвшин энэ хэмжээгээр дээшилсэн.

- Цагаан тоос гэж эрдэнэтчүүдийн санааг зовоодог, тэр бүү хэл нийт монголчууд мэддэг болсон, олон жил яригдсан асуудал шүү дээ. Харин танайхан цагаан тоосыг дарах шийдэл олсон гэж ярьж байхыг сонссон. Үнэхээр цагаан тоосноос эрдэнэтчүүдийг салгаж чадвал том ажил болно. Гэхдээ яг чадах уу гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирээд байна?
-Энэ талаар иргэд төдийгүй БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын газар гээд холбогдох байгууллагууд ч яриад багагүй хугацааг үдэж байна. Үүнээс ангижрах гарц, шийдэл хайж "Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага, хамт олон ажиллаж байна. Цагаан тоосыг дарах, тоос дэгдээхгүй байх арга замыг олсон гэж үзэж байгаа. Энэ ажилд тодорхой хөрөнгө зарж, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийг байгуулж, хариуцах эзнийг нь тодорхой болгосон. "Эрдэнэт үйлдвэр” 2019 онд ТӨҮГ болоод бүрэлдэхүүндээ Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэстэй болсон. Энэ хэлтсийн хариуцах гол ажил нь цагаан тоос, байгаль орчны асуудал. Хариуцах эзэн тодорхой болсноор үр дүн ч гарч байна. Цагаан тоосыг хямгадах, цаашид бүрэн шийдвэрлэх ажлыг үе шаттайгаар хийж байна. Ер нь бол цагаан тоосноос сална.

ЦАГ АЛДВАЛ "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ БАРЬЦААЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОГОЛДУУЛАХАД БЭЛЭН БОЛСОН БАЙСАН

-"Эрдэнэт үйлдвэр”-ийн өр, авлагын асуудлыг монголчууд өрх гэрийнхээ өр, авлага шиг л мэддэг гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн жил өр, авлагын асуудлаа овоо цэгцэлсэн гэсэн мэдээлэл харагдсан. Энэ таны хийхээр төлөвлөж, Ерөнхий сайдад танилцуулсан ажлын нэг байсан байх нь ээ?
-"Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон гадаад, дотоод дахь олон жил яригдсан өр, авлага, ялангуяа, гадаад түншээсээ мөнгөө авч чадахгүй олон жил болсон асуудлуудыг мэдэхгүй хүнгүй болсон доо. "Балхашмыс”-ээс авч чадаагүй олон жил болсон 20 сая ам.долларыг бид өнгөрсөн онд бүрэн авсан. Боломжтой бүх аргыг хуулийн хүрээнд хэрэглэж, төр, засгийн холбогдох байгууллага, тухайлбал, Гадаад харилцааны яамны дэмжлэг туслалцааг ч авч байж энэ асуудлыг шийдлээ. Уг мөнгөнөөс дэлхийн жишигт хүрсэн, олон улсын стандартыг хангасан сайхан лаборатори барина. Дэлхийн хэмжээнд ажилладаг "Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд ийм түвшний лаборатори их чухал. 
Өрийн тухайд, хамгийн том, ярвигтай нь "Стандарт банк”-тай холбоотой асуудал байсан. Уг нь "Эрдэнэт үйлдвэр” энэ банканд өр тавьчихаагүй юм шүү дээ. "Жаст” групп зээл авахад нь "Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан гэж буруутгаж, тус үйлдвэрээр 51 сая ам.доллар төлүүлэх шийдвэрийг 2013 онд Лондоны Арбитрын шүүхээс гаргасан юм билээ. Түүн дээр нь хүү, торгууль нэмэгдэж явсаар 2019 оны эхэн гэхэд 120-иод сая ам.долларт хүрсэн. Тэгээд арбитрын шүүхээс "Энэ өр төлбөрөө дуусга. Тэгэхгүй бол "Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөн урсгалыг зогсооно. Үйлдвэрийн хөрөнгөтэй холбогдуулж асуудал тавина. Удирдлагынх нь гадаадад зорчих эрхийг хязгаарлана” гэх мэтийн тун хэцүү, хатуу шаардлага тулгаж эхэлсэн. Товчхондоо, "Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа, санхүү, хөрөнгө мөнгөд аюул нүүрлэсэн. "Эрдэнэт үйлдвэр” 2019 оны эхээр ТӨҮГ болсон учраас уг асуудлыг төртэй холбож, улс орны хэмжээнд өндөр эрсдэл дагуулахаар нөхцөл байдал үүссэн шүү дээ.

-"Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаална, мөнгөн урсгалыг зогсооно, дансыг нь хаана гэсэн мэдээлэл монголчуудыг бүгдийг нь айлгасан шүү?
-"Эрдэнэт үйлдвэр”-тээ монголчууд хайртай, үйлдвэрийнхээ төлөө санаа нь зовдог гэдгийг энэ үйлдвэрийг удирдаж буй хүний хувьд би мэдэрдэг. Манай хамт олонд ч мэдрэгддэг байх. Энэ нь бидэнд илүү хариуцлагатай, илүү мэрийж, чармайж ажиллах ёстойг сануулж, түлхэц болдог.

-"Жаст”-ын тавьсан өрийг "Эрдэнэт үйлдвэр” төлсөн нь шударга бус санагддаг. Нөхцөл байдал үнэхээр тэгэхээс өөр аргагүй байсан уу?
-Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол "Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд ч, улс орны хувьд ч амаргүй нөхцөл байдал үүссэн. Цаг алдалгүй нэг талд нь гаргаагүй бол "Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалах, үйл ажиллагааг доголдуулахад бэлэн болсон байсан шүү. Бид тэр мөнгийг зээлээд авчихаагүй учраас манай өр гэхэд хэцүү. Гэхдээ олон улсын  шүүхээс тухайн үед "Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргаж өгсөн гэж буруутган, энэ төлбөрийг манайд хариуцуулсан учраас төлж байж л аюулыг зайлуулахаас өөр арга байгаагүй. Ингээд "Стандарт банк”-тай аргагүйн эрхэнд ширээний ард сууж, төлөх мөнгөө багасгах яриа хэлэлцээ хийсэн. Хэлцлийн явц, тэдний зүгээс тавьж буй шаардлага амаргүй байсан шүү. Бид тиймэрхүү хэлцэлд ашигладаг хуулийн хүрээний арга хэрэгслийг бүгдийг судалж, сүвэгчилсэн дээ.
Төлбөрийг аль болох багасгахын тулд бүх арга замыг хайсны үр дүнд хамгийн боломжит хувилбараар шийдсэн гэж бодож байгаа. Үүнийг Засгийн газар, холбогдох байгууллагууд ойлгож, дэмжсэн нь бидний ажилд том тус болсон. Бид асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, зохих шийдвэр, удирдамжийг авсан. Ингээд Лондоны Арбитрын шүүхийн шийдвэрээр тогтоосон 120 сая ам.долларын өрийг 40 сая болтол, гурав дахин бууруулж төлснөөр үйлдвэр нэг зовлонгоос гэтэлж, том аюулыг зайлуулж чадсан. Одоо 40 сая ам.доллараа буруутай этгээдүүдээс гаргуулах талаар "Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс боломжтой бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. 
Өр ширтэй холбоотой өөр асуудлууд ч байсан. Тэдгээрийг бүгдийг нэг мөр болгосон. Хулгана жилийн босгон дээр өр, авлагатай холбоотой асуудлыг эцэслэсэн гэдгээ ард түмэндээ дуулгахад таатай сайхан байна. Одоо "Эрдэнэт үйлдвэр” гадаад, дотоодод өр, зээлийн асуудалгүй, нэг ч төгрөг, нэг ч долларын зээлийн өр төлбөр байхгүй, санхүүгийн хувьд цэвэр болсон. Санхүүгийн бичиг баримтыг үзэхэд сүүлийн арван жилд л лав ийм байгаагүй юм билээ. Энэ бол бидний хувьд түүхэн амжилт байлаа.

-Тэр 40 сая ам.долларын тал нь зам зууртаа алга болсон гэсэн мэдээлэл гарсан санагдана. Зуучлагч "Ошиан партнерс”-т асуудал байсан юм уу?
-Монголчуудын зовлон юм даа. Төлөх мөнгөний хэмжээг багасгах гэж бүх л арга замыг ашиглан хичээсэн, аргагүйн эрхэнд хийсэн энэ ажлыг хөөрхөн улстөржүүлж, хардаж, сэрдэх шив дээ. Тийм зүйл болох боломж огтхон ч байхгүй, бүгд олон улсын дүрэм журмын дагуу хийгдсэн. Санхүүгийн баримт, нотолгоо нь ч бий. Ямар ч яриа хэлцэлд зуучлагч чухал үүрэгтэй. Зуучлагч "Ошиан партнерс”-ыг сонгохдоо "Эрдэнэт үйлдвэр”-тэй хамгийн олон жил түншилсэн, хэн хэнийхээ итгэлийг алдаж байгаагүй, найдвартай, туршлагатай гэх мэтээр бүх талыг нь бодолцсон. "Эрдэнэт үйлдвэр” уг компаниар дамжуулж "Стандарт банк”-нд 40 сая ам.доллар төлсөн. Уг мөнгө хэзээ манай данснаас гарч, "Ошиан партнерс”-ын дансанд орсон, тэндээсээ хэзээ "Стандарт банк”-ны данс руу шилжиж орсон гээд бүх зүйл тов тодорхой баримттайгаа байгаа. Олон улсын хууль, дүрэм журмын дагуу баталгаажсан.

Ажлаа хугацаанд нь амжуулъя гэвэл сард 100 тендер зарлах нь харин ч бага тоо болно шүү

-Та "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдохдоо "Барааны шахааг цэгцэлнэ” гэж Ерөнхий сайдад хэлсэн гэлээ. Тэр зорилгодоо хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Итгэлтэй байлгүй яахав, бид чадна. Ер нь "Эрдэнэт үйлдвэр”-ийг дагасан олон нэр хочны нэг нь бараа таваар шахдаг тухай яриа. "Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааны цар хүрээ том. Дэлхийн хэмжээний үйлдвэр. Хоёр хөрш, Япон, БНСУ, АНУ, Европын улсууд гэх мэтийн 20-иод оронтой худалдаа арилжаа хийх, техник технологийг нь ашиглах зэргээр хамтарч ажилладаг. Өмнө нь, ерөнхий захирлын орлогч нарын хариуцах ажлын чиглэлээр 4-5 хэлтэс, нэгжээр худалдан авалт хийгдэж байсан. Бид шахаа гэгч зүйлийг зогсоохын төлөө шийдвэртэй арга хэмжээг үе шаттай авч  хэрэгжүүлж байна. Сүүлийн үед хэрэгжүүлж байгаа дорвитой арга хэмжээ бол Хөрөнгө оруулалт, худалдан авах үйл ажиллагааны газартай болж, худалдан авалтыг нэг цонхны бодлогоор явуулж байна. Ингэснээр элдэв асуудал цэгцрэх нь дамжиггүй.

-Үйлдвэрийн цар хүрээ том гэснээс сард 100-гаад тендер зарласан нь хэвлэлийнхний шүүмжлэлд өртөөд байсан. Байнга ийм олон тендер зарладаг уу?
-"Эрдэнэт үйлдвэр” бол том айл. Энэ том үйлдвэрийн ажлыг явуулахад сард 100 байтугай тендер зарлах шаардлага гардаг юм шүү дээ. Өнгөрсөн онд өөрийн хөрөнгөөр 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтыг боломжит хэмжээнд хийж хэрэгжүүлсэн. Томоохон ажлууд он дамжин хэрэгжиж байна. Энэ онд хөрөнгө оруулалтын хэмжээ 2019 оныхоос хоёр дахин нэмэгдэж, 800 гаруй тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн. 2020 онд том төслүүд хэрэгжүүлнэ. Тиймээс худалдан авалтын цар хүрээ, тоо хэмжээ өсөж байгаа. Бид тухайн жилд төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхийн төлөө явна. Энэ онд "Эрдэнэт үйлдвэр” нийт 1143 тендер зарлахаар төлөвлөж, төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан. Үүнийг бид эхний долоон сард багтаан зарлаж байж төлөвлөсөн ажлаа ондоо багтаан дуусгана гэж тооцож байна. Үүний тулд эхний хагас жилд 1000 орчим тендер зарлахаар байгаа. Тэгж байж улс орныхоо байгаль цаг уурын нөхцөлтэй уялдаж ажиллана. Урин дулааныг ашиглаж бүтээн байгуулалтаа хийхийн тулд оны эхний хагаст худалдан авалтынхаа асуудлыг шийдэх нь чухал байгаа юм. Тэгэхээр нэг сард 100 тендер зарлана гэдэг харин ч бага тоо болж таарна шүү.

-Энэ жил 800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн гэсэн. Ямар хөрөнгө оруулалт хийх гэж байгаа нь нууц биш байх. БНХАУ-ын техник, тоног төхөөрөмжийг өндөр үнээр авлаа гэх хэл ам гараад байсан?
-"Эрдэнэт үйлдвэр”-т дэлхийн шилдэг тэргүүний техник, технологийг нэвтрүүлэх ажлыг бодлогоор үе шаттай хэрэгжүүлж байна. Одоо ажиллаж буй тоног төхөөрөмжийн 30-аад хувь нь ОХУ-ынх, Япон, БНХАУ, АНУ-ынх тус бүр 10 гаруй хувьтай байгаа. БНХАУ-ын техник, тоног төхөөрөмж авлаа гэсэн шүүмжлэл цахим сүлжээгээр гарсан юм билээ. Эдийн засаг, техник технологиороо дэлхийд тэргүүлж буй улс хаяанд байхад юмыг нь авахгүй, хамтрахгүй гээд ч яах билээ. "Эрдэнэт үйлдвэр”-ийн бүх ажил бодлогоор явж байгаа. Энд тохиолдлын, зам зуурын, санамсаргүй зүйл огт байхгүй. Бид 2018 онд үйлдвэрийнхээ алсын хараа, хэтийн зорилгыг тодорхойлж, "Гарын таван хурууны бодлого” (техникийн, технологийн, байгаль орчны, эдийн засгийн, хүний нөөцийн)-оо гаргасан. Хүний гарын таван хуруу хоорондоо нарийн уялдаатай, нэг нэгнээ дэмжиж ажилладаг, өөр өөр зүгт хараад суучихдаггүй, ёстой л багийн зарчимтай шүү дээ. Тиймээс ингэж нэрлэсэн юм.

-Коронавирус олон улсыг хамран дэгдэж, дэлхийн эдийн засгийн байдалд нөлөөлж эхэллээ. Энэ нь манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол гэдэг санаа зовоосон асуудал болж байна. "Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд ямар нэг нөлөө үзүүлэхээр байна уу?
-Энэ асуудал "Эрдэнэт үйлдвэр”-ийн гадаад харилцаа, экспорт, импортод багагүй нөлөө үзүүлэхээр байна. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнэ унаж байна. Бид нэг тонн цэвэр зэсийн үнийг 2020 оны улсын төсөвт тусгагдсаны дагуу 5991 ам.доллараар төлөвлөсөн. Гэтэл хоёрдугаар сарын дундаж үнээр тооцоход тонн тутамд 290 ам.доллароор доогуур байна. Бид энэ нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, зэсийн үнийн бууралтын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг үнийн гурван түвшинд тооцож, тушаал гаргасан. Үйлдвэрийн хэмжээнд өртөг зардлыг бууруулах чиглэлээр бүх цех, нэгжүүд тодорхой үүрэг даалгавар аваад ажиллаж байна. Нөгөө талаар үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг хэрэгсэл, технологийн материалын худалдан авалтад эрсдэл үүсэхээр байна. Тендерт шалгарсан олон компани бараа бүтээгдэхүүнээ гэрээний цаг хугацаанд нийлүүлэх боломжгүй болж буйгаа мэдэгдэж байна. Энэ нөхцөл байдалд бид шаардлагатай технологийн материал, сэлбэг хэрэгслийн нөөцийг тасалдуулахгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн жигд явуулахын тулд нийлүүлэлт хийх боломжтой бусад үйлдвэрлэгч, эх үүсвэрийг судалж, зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. 2020 оны эхний хоёр сарын байдлаар "Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-107 хувиар биеллээ. Улс, орон нутгийн төсөвт ногдуулан төвлөрүүлдэг төсвийн орлого өнгөрсөн оны мөн үеийн хэмжээнд байна. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд явагдаж байна. Цаашдаа бид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр боломжит бүх ажлыг зохион байгуулна.

БАРААНЫ ШАХАА, ХҮНИЙ ШАХАА ХОЁР ХООРОНДОО ИХ ХОЛБООТОЙ НЬ АНЗААРАГДСАН ШҮҮ

-Нээрэн, та багаа яаж бүрдүүлсэн бэ?
-Миний хувьд ойрхон ажилладаг хүмүүсээ, хэдэн орлогчоо ч юм уу миний баг гэж хязгаарладаггүй. Баг гэдгийг би арай өргөн хүрээтэй ойлгодог. "Эрдэнэт үйлдвэр”-ээр овоглодог 7000 шахам хүн бүгд миний баг. Би ажил авахдаа л энэ байр сууриа хэлсэн.

-Барааны шахаанаас гадна хүний шахаа гэж дийлддэггүй зүйл "Эрдэнэт үйлдвэр”-т байдаг гэдэг. Танд тэр нь мэдрэгдэж байна уу?
-Энэ хоёр шахаа чинь хоорондоо их холбоотой нь анзаарагдсан шүү. (Инээв) Одоо бол "Эрдэнэт үйлдвэр”-т хүний шахаа байхгүй. Өмнө нь "Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх удирдлагыг улс төрийн томилгоогоор байршуулдаг байсан юм биш үү. Харин энэ удаа Ерөнхий сайд "Та өөрийнхөө орлогчоор ажлын дадлага туршлагатай, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн, хуулийн хүрээнд шударга ажиллах хүнийг томилоод ажиллуулаарай” л гэсэн. Би тэр дагуу л ажилласан. Ерөнхий захирлын орлогчийн томилгооны түвшинд ийм зарчим баримтлаад ирэхээр хүний шахаа аяндаа зогсчихож байгаа юм. Би ажил авснаасаа хойш зайлшгүй шаардлагатай ажилд дадлага туршлагатай ганц нэг хүн томилсон. Бусад нь үйлдвэрийнхээ дотоод боловсон хүчний хэмжээнд шийдэгдээд явж байна.
Би аливаа ажлыг мэргэжлийн хүн л хийж байж үр дүнд хүрнэ гэж боддог. Тийм учраас ерөнхий захирлаар томилогдоод ажлаа авахдаа хамт олондоо "Эрдэнэт үйлдвэрийг уламжлал, шинэчлэлийг хослуулах зарчмаар удирдана. Манай үйлдвэр улс төрөөс ангид байна. Энд ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнууд улс төрөөс хамааралгүйгээр ажил төрлөө амгалан тайван хийж, өөрсдийнхөө чадлаар хөгжиж дэвжих учиртай. Хүн өөрөө зөв байх их чухал. Зөв хүнээс л сайн удирдах ажилтан төрдөг. Энэ бол зөвхөн Монголын биш, дэлхийн жишиг” гэж хэлсэн. Энэ маань ч хэрэгжээд явж байгаа. Одоо "Эрдэнэт үйлдвэр”-т улс төрөөс ангид, шат шатандаа мэргэжлийн шаардлага хангасан хүмүүс ажиллаж байна.
"Эрдэнэт үйлдвэр”-ийн нийт ажиллагсдын 65 хувь нь, газар, хэлтэс, цех нэгжийн дарга нарын 30 гаруй хувь нь 40 хүртэлх насныхан. Сайхан залуус өсөж өндийж байна. Би залуусаа дэмжих хүний нөөц, боловсон хүчний бодлого гаргасан. Залуу инженерүүдээ дэмжиж байгаа. Тэд өөрсдөө хичээх хэрэгтэй. Удирдлагын зүгээс тэднийг давтан сургах, илүү хурдан дадлагажуулах, онолын мэдлэгийг нь дээшлүүлэх системтэй арга хэмжээ авч байна. 2019 оны сүүлчээр 30-аад насны 20 гаруй залуусыг ОХУ руу ахисан түвшний сургалтанд явууллаа. Тэд маань эргэж ирээд үйлдвэртээ, шинээр өргөжих цех дамжлагадаа ажиллана. Бид шат шатанд удирдах ажилтнуудыг бэлтгэж байна. Удирдах ажилтныг бэлтгэнэ гэдэг их чухал ажил. Энд ажиллах хугацаандаа инженер, техникийн 400-гаад ажилтныг өөр өөрсдийнх нь ажил мэргэжлийн чиглэлээр дэвшүүлсэн. Сайн ажиллаж байж сайхан амьдарна гэдэг зарчмыг манай хүмүүс ойлгох хэрэгтэй.

-Хүн рүү хандсан бодлого хэрэгжүүлж байгаа юм байна. Ажилчдынхаа нийгмийн асуудалд бас их анхаардаг гэдэг.
-Эцсийн дүндээ "Эрдэнэт үйлдвэр” монгол хүний төлөө ажиллаж байгаа. Манайх ахмадууддаа нэмэлт тэтгэвэр олгодог. Улсад ажилласных нь төлөө төрөөс тогтоосон тэтгэвэр дээр нь "Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсных нь төлөө 120-250 мянган төгрөг нэмж олгож байна. Нэмэгдэл тэтгэврийг өсгөхдөө тэтгэврийн зөрүүг багасгах төрийн бодлогын хүрээнд зохицуулалт хийж, зөрүүг аль болох бага байлгахыг зорьж байна. Түүнчлэн, гэр бүлийг дэмжих, хүн амаа өсгөх бодлогод хувь нэмрээ оруулж, амаржаад, хүүхдээ асрах чөлөөтэй байгаа ээжүүдэд сар бүр 500 мянган төгрөг өгдөг. 
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь цалин хөлс, урамшууллын бодлогын хүрээнд ажилтнуудынхаа цалинг сүүлийн гурван жилд 45 хувиар, үүнээс 2019 онд 20 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр нэг ажилтны дундаж цалин 2.9 сая төгрөгт хүрсэн. Нэг айлын орлого сар бүр 900 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг жилдээ 11 сая орчим төгрөг болно. Анхан шатны удирдах ажилтны үүрэг оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулах зорилгоор "Манлайлагч мастерын нэмэгдэл цалин”-г шинээр бий болгож, 40 мастерт сар бүр 600 мянгаас нэг сая төгрөгийн нэмэлт цалин, тэргүүлэх зэрэгтэй мэргэшсэн ажилчдад сар бүр 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгож байна. 2019 онд ажилчдын орон сууцны хороолол барих ажлыг эхлүүлсэн бөгөөд ажилтнууддаа орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж 518 ажилтанд 6.2 тэрбум төгрөг олгосон. Мөн тэргүүний найман ажилтанд амины орон сууц олголоо. Энэ мэтээр ажилтан, ажилчид руугаа хандсан бодлого явуулж байна. "Эрдэнэт үйлдвэр”-т ажиллана гэдэг нэг талаас том бахархал. Нөгөө талаас том хариуцлага юм даа.

-"Эрдэнэт үйлдвэр”-т ирэхэд тань өр, авлагаас эхлээд олон жил шийдэгдээгүй асуудалтай, жаахан тааруухан байдалтай угтсан шиг санагдлаа. Тийм байдлыг нь хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ. Яасан сэтгэлгүй ажиллаа вэ ч гэдэг юм уу, тиймэрхүү бодол төрсөн үү?
-Миний хувьд "Эрдэнэт үйлдвэр” цоо шинэ газар биш гэж дээр хэлсэн. Дэлхийн хэмжээний, тасралтгүй үйл ажиллагаатай том үйлдвэрийн хувьд асуудал, хүндрэл бэрхшээл байлгүй яахав, амаргүй шүү дээ. Эгзэгтэй цагт ажиллаж байна. Гэхдээ уул уурхайн салбарын  маань нэг л эд эс, салаа мөчир нь учраас "Эрдэнэт үйлдвэр”-ийг удирдахад мэргэжлийн хүний хувьд хүндрэл бэрхшээл бага байна. "Эрдэнэт үйлдвэр” 40 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд  дөрвөн орос, таван монгол хүн ерөнхий захирлаар ажилласан байна. Би 10 дахь ерөнхий захирал нь. Түүхэн 40 жилийн хугацаанд хийсэн бүтээсэн, алдсан оносон бүхнийг судалж үзлээ. Хамгийн гол нь энэ үйлдвэр өчигдөр ямар байсан, өнөөдөр ямар байна, маргааш ямар болох вэ гэдгийг зураглах нь чухал байв.  "Эрдэнэт үйлдвэр”-ийн хэт ирээдүйг төр засгийн түвшинд шийдэж өгснийг дээр хэлсэн дээ. Одоо бол ирээдүйгээ харж зүтгэх л үлдсэн, ингэж ч ажиллаж байна.

Үргэлжлэл бий...

Үндэсний шуудан



Х.Бадамсүрэн: Монголчууд “Эрдэнэт үйлдвэр”-тээ хайртайг би мэдэрдэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
2020 оны 05 сарын 31, 18 цаг 52 минут
Шилийн гол аймаг дахин уул уурхай нээхгүй

 Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Засаг захиргааны ...

2020 оны 05 сарын 28, 23 цаг 48 минут
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

Монгол Улсын Зэрлэг ан амьтан судлах, хамгаалах төв ТББ болон Их Британийн ...

2020 оны 05 сарын 28, 11 цаг 05 минут
2020 оны 05 сарын 27, 21 цаг 43 минут
2020 оны 05 сарын 27, 17 цаг 26 минут
2020 оны 05 сарын 27, 11 цаг 15 минут
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

 Алтны ханш өнөөдөр  1728.29 ам.доллар байгааг  Bloomberg ...

2020 оны 05 сарын 27, 10 цаг 58 минут
Шатахууны үнэ БУУРЛАА

 Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар ...

2020 оны 05 сарын 26, 10 цаг 58 минут
“Борц” болсон эдийн засаг

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, бөхийн ...

2020 оны 05 сарын 26, 10 цаг 42 минут
Том гүрнүүд сансрын уудамд олборлолт хийхээр өрсөлдөж эхэллээ

Өнгөрсөн таван жилийн хугацаанд дэлхийн томоохон гүрнүүд сансрын уудамд ...

2020 оны 05 сарын 25, 21 цаг 04 минут
Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ

 АНУ-ын зүгээс хатуу сануулга өгөөд байсан хэдий ч Ираны түлш ...

2020 оны 05 сарын 25, 20 цаг 17 минут
В.Путин Оросын нефтийн салбарыг дэмжих удирдамж өглөө

 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Засгийн газартаа хандаж, ирэх сарын 15-ны ...

2020 оны 05 сарын 25, 20 цаг 07 минут
Хятад улс цөлийг 60 жилийн дотор баян бүрд болгов

 Юйлин хотын иргэд элсэн шуурганаас хамгаалж мод суулгаж эхэлсэн ...

2020 оны 05 сарын 25, 16 цаг 12 минут
Дэлхийн ан амьтдын тухай сонирхолтой баримтуудаас

Дэлхийн ан амьтдын тухай сонирхолтой баримтуудаас та бүхэнд хүргэж байна. ...

2020 оны 05 сарын 25, 16 цаг 08 минут
Салхитын ордын авлигалын хэрэгт холбогдсон 6 шүүгчээс хоёр нь 3-5 жилийн ял авчээ

 Салхитын  ордын маргааныг шүүхээр шийдэхдээ 10-170 сая ...

2020 оны 05 сарын 25, 13 цаг 28 минут
У.Хүрэлсүх: Хил нээхгүй, хэзээ нээхийг хэлж чадахгүй

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. ...

2020 оны 05 сарын 25, 13 цаг 21 минут
АН-ЫН ДЭД ДАРГА АСАН Б.ДЭЛГЭРМАА ЯАГААД ЯАГААД ИЗНН-ААС НЭР ДЭВШИХ БОЛОВ

  АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр ...

2020 оны 05 сарын 23, 21 цаг 44 минут
2020 оны 05 сарын 23, 20 цаг 03 минут
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүллээ

 Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн ...

2020 оны 05 сарын 23, 19 цаг 44 минут
Мартаж болохгүй үнэн!!!

Бид 100 гаруйхан жилийн өмнө ингэж дарлуулж явсан гэдгээ өглөө бүр санах ...

2020 оны 05 сарын 23, 16 цаг 21 минут
Завилаа суудалтай бурхан уулын заяа хаашаа явна вэ...

Хөгшчүүд сайхан домог, ам дамжсан ардын сургаал их хүүрнэнэ. Тээр жил ...

2020 оны 05 сарын 23, 14 цаг 34 минут
2020 оны 05 сарын 22, 19 цаг 17 минут
Хятадын цахилгаан станцууд Австралийн нүүрсийг авахаас татгалзаж эхэлснийг мэдээлжээ

Хятадын засгийн газар өөрийн төрийн өмчит цахилгаан станцуудад Австралийн ...

2020 оны 05 сарын 22, 16 цаг 56 минут
Орос гацааг хоёр хөршийн гацаа гэсээр байх уу?

Өнгөрөгч зууныг бид “Зөвлөлтийн тусламж, Хятадын аюул” гэх ...

2020 оны 05 сарын 22, 10 цаг 13 минут
Тавантолгойн нүүрстэй холбоотой хэргийг өргөн хүрээтэй шалгаж эхэлжээ

   Б.ДАМДИН-ОЧИР   "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал ...

2020 оны 05 сарын 21, 13 цаг 40 минут
Шүүгчдийн авсан хахуулын мөнгө ЗЭЭЛ болоод замхарах нь ээ!!!

Салхитын ордын хэргийг шийдэхдээ шүүгчдийн авсан хахуулын хэрэг Хан-Уул ...

2020 оны 05 сарын 21, 11 цаг 57 минут
УБЦТС ТӨХК 2019 оны үндсэн үзүүлэлтээрээ Топ - 100 компанийн нэг боллоо

 Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн ...

2020 оны 05 сарын 21, 11 цаг 52 минут
ХӨНДӨХ СЭДЭВ: Сүсэглэл, солиорлын дэнс: ЯМАА

Содон өнгө, өөр төрх, өвөрмөц хэв маягийг байгаль эхээс өвлөсөн бүхэн эрт ...

2020 оны 05 сарын 21, 10 цаг 58 минут
Хийн хоолойг Монголоор дайруулах нь Украин, Беларусийн адил асуудал үүсгэж магадгүй гэв

 ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг ...

2020 оны 05 сарын 20, 19 цаг 11 минут
ОУ-ын байгууллагаас “Рио тинто”-д тавьсан ШААРДЛАГЫН УЧИР

 Рио Тинто. Энэ нэр зарим нэгнийх нь хувьд асар их мөнгө шиг ...

2020 оны 05 сарын 20, 17 цаг 24 минут
Уйлж буй байгаль ээжийн гомдол КОРОНА

 Соёл, зан заншил гэдэг ямар агуу, бас яасан аймаар зүйл болохыг ...

2020 оны 05 сарын 20, 17 цаг 09 минут
Венесуэл алтаа эргүүлэн авахын тулд Английн банкийг шүүхэд өгчээ

ЛОНДОН. /TASS/. Венесуэлийн Төв банк коронавирустэй тэмцэх ажлыг ...

2020 оны 05 сарын 20, 13 цаг 31 минут
Зургадугаар сарын 10-ныг хүртэл аялж, зугаалахыг хориглолоо

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ирэх сарын 10-ны өдрийг хүртэл ...

2020 оны 05 сарын 20, 11 цаг 51 минут
Коронавирусээс шалтгаалж төмрийн хүдрийн ханш унажээ

 Коронавируст цар тахал уул уурхайн салбарт тэр дундаа төмрийн ...

2020 оны 05 сарын 19, 20 цаг 56 минут
2020 оны 05 сарын 19, 20 цаг 29 минут
Алтны оргил цаг дэлхийн зах зээлд тохиож байна

    Даваа гарагийн арилжааны дараа алтны ханш 1771 ...

2020 оны 05 сарын 19, 16 цаг 03 минут
2020 оны 05 сарын 19, 15 цаг 37 минут
Шатахууны үнийг дахин ЗУУН ТӨГРӨГӨӨР бууруулахаар болжээ

Шатахууны хангамж үнэ тарифыг тогтворжуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл ...

2020 оны 05 сарын 19, 13 цаг 27 минут
2020 оны 05 сарын 19, 13 цаг 22 минут
“Brent” маркийн нефтийн үнэ 33.3 ам.долларт хүрлээ

     "Brent” маркийн нефтийн үнэ дөрөвдүгээр сарын 13-наас ...

2020 оны 05 сарын 19, 12 цаг 03 минут
2020 оны 05 сарын 18, 16 цаг 27 минут
Оюутолгойн хөрөнгө оруулагчид далд уурхайн нэмэлт санхүүжилтийг хэлэлцжээ

“Туркойз Хилл" компани энэ оны эхний улирлын санхүүгийн мэдээллээ ...

2020 оны 05 сарын 18, 15 цаг 22 минут
Парламентын танхимд "суудал горилогч" шатахуун импортлогчид

УИХ-сонгуульд нэр дэвшигчдийн нэрс хоёр хоногийн дараа буюу 10-наас 16-ны ...

2020 оны 05 сарын 18, 12 цаг 51 минут
Цар тахлын үед хэлцэл хийх нь эрсдэлтэй гэж Rio Tinto үзэв

 COVID-19 цар тахлын үед компаниудын үнэлгээг бодитой тогтоох нь ...

2020 оны 05 сарын 18, 11 цаг 48 минут
Данс тулгаж дууссаны дараа 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно гэв

 Нэг их наяд төгрөгийн орлоготой ажилласан "Эрдэнэс Таван толгой” ХК ...

2020 оны 05 сарын 18, 11 цаг 26 минут
2020 оны 05 сарын 18, 11 цаг 11 минут
МАН, АН хоёр байгаа цагт Монгол Улс Оюутолгойгоос ашиг авахгүй

Францын судлаач Антойне Майрг 2011 оны наймдугаар сард болсон Олон улсын ...

2020 оны 05 сарын 16, 14 цаг 13 минут
2020 оны 05 сарын 15, 17 цаг 08 минут
30 хүртэлх ажилчинтай хайгуулын 86 компани сул зогсож байна

  Гурван талт хэлэлцээрийн дагуу ажилчдын сул зогсолтын ...

2020 оны 05 сарын 15, 15 цаг 09 минут
МАН, АН хоёр байгаа цагт Монгол Улс Оюутолгойгоос ашиг авахгүй

 Францын судлаач Антойне Майрг 2011 оны наймдугаар сард болсон Олон ...

2020 оны 05 сарын 15, 11 цаг 06 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани