Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хуучин 30 жил” нуран унаж байна

“Хуучин 30 жил” нуран унаж байна

 

Монгол Улсын эдийн засгийн 97 хувь нь  уул уурхайгаас хамаардаг. Жилдээ 40-50 сая тонн баялгийг түүхийгээр нь экспортолж, мөнгө олж ирдэг. Үүний дийлэнхийг нүүрс эзэлнэ. Харамсалтай нь нүүрсний экспортын орлогын бараг 70 орчим хувь нь хууль бусаар хэсэг хүний орлого болдог байжээ. Үр дүнд нь эдийн засаг унаж, Монгол “модоо барих”-даа тулсан. Хэдхэн хүн л хагартал баяжсан. Арав гаруй жилийн түүхтэй энэхүү нүүрсний хулгай ил болоод байна. Хууль хяналтынхан энэ хулгайг дотор нь дөрвөн томоохон хэсэгт ангилаад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.

 

Нүүрсний хулгайд холбоотой гэх маш олон улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн нэр дуулдаж байна. Мөрдөн шалгах байгууллагаас эхнээс нь зарлаж, бас “ус, тос”-оор нь ялгах ажлыг хийж эхэлсэн. Энэ хүрээнд АТГ-аас хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл гадаадад томилолтоор ажиллаад ирсэн Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан уг саналыг хянаад “...Үндэслэлтэй байна” гэж үзжээ. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна. Тэгэхээр энэ долоо хоногт УИХ эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж шийднэ. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороогоор ярина. Энэ дэд хорооны дарга өнгөрсөн долоо хоногт солигдож, Ц.Мөнх-Оргил сонгогдсон. Тэндээс гарсан шийдвэрийг байнгын хороод, нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.

УИХ-ын гишүүд өмнө нь ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдийг авч үлдэж байсан түүх бий. Тиймээс энэ удаад тэр жишгээр хандах вий гэсэн эргэлзээ нийгэмд байгаа юм.

 

Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганы өмнөхөн  “...Тавантолгой, нүүрсний асуудал, төмөр замын оффтейк гэрээний гэх мэт асуудлуудыг хуулийн байгууллагад шилжүүлээд сар гаруй болж байна. Нэлээд олон эрүүгийн хэрэг үүсгэгдээд, шалгагдаад явж байгаа гэж ойлгож байгаа. Өнөөгийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар нотлох баримтыг цуглуулах, шинжээч томилох, дүгнэлт гаргуулах зэрэг үйл баримтыг сэргээх ажлууд бүгд цаасан суурин дээр явагддаг, маш их цаг хугацаа ордог ажил гэдгийг иргэд, олон нийт ойлгох биз ээ. Өмгөөлж хамгаалах, эсвэл шахаж шаардахын аль аль нь хууль бус” гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд өнгөрсөн оны сүүлчээр “...Нүүрсний хэргийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайд Л:Оюун-Эрдэнэ ч “...Хэрвээ хэрэгт холбогдсон бол чөлөөлөгдөөд шалгуулах нь зүйтэй. Хамгаалахгүй” гэж байн байн хэлж байна.

Харин эрхэм гишүүд Ерөнхий прокурорын саналыг хэрхэн хүлээж авах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээллээр, нүүрсний хулгайд холбогдож, бүрэн эрх нь түдгэлзэж болзошгүй гишүүд УИХ-тайгаа “ажиллаад” эхэлсэн гэж буй. Хэрэв тэрхүү “ажиллагаа” амжилттай болсон бол гурван гишүүн үлдэнэ. Гэхдээ нийгмийн зүгээс таатай хүлээж авахгүй. Уугиж буй цогийг гал болтол ноцоож ч мэдэх юм. Тиймээс “...Нүүрснийхэн нүүх үү, үлдэх үү” гэдгийг эрхэм гишүүд энэ долоо хоногт нэг тийш болгох нь ээ.

 

АН-ынхан “...“Ажнай” Д.Бат-Эрдэнийг авч үлдэнэ” гэх вий

 

Нүүрсний хулгай хэмээх томоохон хэрэгт холбоотой хүнээр УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тодроод байна. Уг нь түүний “мөргөцөг”-ийн гэх асуудал яригдаад удсан. Олон ч тоо баримт, цаг хугацаатай ноцтой зүйлс яригддаг. Хууль хяналтынхан шалгаж байсан ч удаа бий. Харин энэ удаад мөрдөх байгууллага, прокурорын зүгээс “...Д.Бат-Эрдэнийн гэм бурууг тогтоохын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгах нь зөв” гэж үзжээ.

Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр чуулган дээр “...Шүүхээр батлагдаж нотлогдоогүй байхад эрх баригч намынхан сөрөг хүчнээс О.Адъяасүрэн гишүүн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байна. Цөөнхөө дээрэлхээд байгаа юм уу. Хууль зөрчөөд байгаа гэдгээ хувь хүнийхээ үүднээс сайн бодоцгоогоорой” гэсэн. Дараахан нь АТГ-аас “...Нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар холбогдсон хүмүүсийн нэг нь Д.Бат-Эрдэнэ” гэж зарлахад “...Өчигдөр АТГ-аас нүүрсний хулгайн талаар хийсэн мэдээлэлд миний нэр явж байгаад гайхаж байна. Ямар нэг байдлаар АТГ болон хууль, шүүхийн байгууллагаас надтай харьцаж, асуусан зүйл юу ч байхгүй. Ямар ч хэрэгт холбогдсон, шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд хүмүүсийн нэрийг зарлаж, цоллох нь буруу. Одоо нэр зарлагдсан 17 хүний гэр бүл, үр хүүхэд маш эрсдэлтэй болчихлоо” гэж байв.

Түүнээс хойш Д.Бат-Эрдэнийг”...Асуудлаа зохицуулахаар энд тэнд нөлөө бүхий хүмүүстэй уулзаад байгаа” талаар эх сурвалжууд мэдээлэх болсон. Тухайлбал, хоёр долоо хоног орчмын өмнө “...Нэгэн улстөрчийн морины уяан дээр очиж уулзлаа” л гэсэн.

Залгуулаад Ерөнхий прокуророос санал орж ирсэн ч  бүрэн эрхтэйгээ үлдэхээр “ажиллаад” эхэлсэн гэх мэдээлэл ч их явж байна. Тэр хүрээнд АН-ынхнаараа ч улс төрийн акц хийлгэх бололтой юм. Өнгөрсөн оны сүүлчээр АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “...Нүүрсний хулгайн талаар УИХ-ын нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-д гишүүд хүргүүлж байгаа. Үүнд АН-ын бүлгийн 6-7 гишүүн гарын үсэг зурсан. Үүнд Д.Бат-Эрдэнэ гишүүн гарын үсэг зурсан. Д.Бат-Эрдэнэ гишүүн нүүрсний хулгайн хэрэгт холбоогүй гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. А.Адъяасүрэн гишүүн хамааралгүй гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн үед бүх л бурууг АН руу чихэх гэсэн увиагүй үйлдэл гарч байна” гэж байсан юм. Энэ жишгээр АН-ынхан дуугарах магадлал өндөр гэсэн үг. Гэхдээ арайхийн даргатай болж, эвлэж нягтрах гэж ядаж буй үед “Ажнай” Д.Бат-Эрдэнийг өмөөрөөд дуугарах нь АН-ын хувьд зөв шийдэл биш. Учир нь нүүрсний хулгай бол нийгмийн анхаарлын төвд хэдийнэ орсон бөгөөд нийтээрээ дургүйцэж буй асуудал юм. Тиймээс Д.Бат-Эрдэнэ гэм буруугүй бол бүрэн эрх нь буцаад л сэргэнэ. Харин АН дахиад л хүндэрнэ гэсэн үг.

 

“Шүгэл”-дүүлбэл “шүүр”-дэнэ, дараа нь...

 

Эхэндээ инээдтэй ч юм шиг, эсвэл энгийн ч гэмээр сонсогдож байсан Засгийн газрын “5Ш” ажиллагаа нэлээд “юм” дуулгаж магадгүй болоод явчихлаа. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ хоёр “Ш”-ийг “...Нэгдүгээрт, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай батлуулж, үндэсний шүгэл үлээх эрх зүйн тогтолцоог болон шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлыг баталгаажуулна. Энэ нь авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоог бий болгох юм. Хоёрдугаарт, шүүр ажиллагааны хүрээнд орлогоосоо давсан хэрэглээтэй албан тушаалтнуудыг шүүрдэн чөлөөлнө. Нийтийн албан тушаалтнуудын холбогдон шалгагдаж байгаа хэргүүдийг шалгах ажиллагааг хуулийн хүрээнд эрчимжүүлнэ. Төрийн өмчит компанид наалдсан, шимэгчилж ажиллаж амьдардаг, олон тэрбумын амины орон сууцтай, үнэтэй машин унадаг. Тэгсэн атлаа цалингаас өөр бизнесгүй байдаг. Ийм албан тушаалтнуудыг чөлөөлөх ажиллагаа энэ онд бүрэн хийгдэнэ” гэж байсан. Энэ хүрээнд “Шүгэл”, “Шүүр” хоёр нь яах аргагүй холбоотой хэрэгжих бололтой. Товчхондоо, “шүгэл”-дүүлбэл “шүүр”-дүүлэхээр болж байна. Үүнийг ч төрийн алба хаагчид хэдийнэ ойлгожээ. Төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаа эрхэлдэг хэн бүхэн хуулийн хүрээнд ажиллаад эхэлж байгаа аж. Гол нь энэ бүхэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд илтэд мэдрэгдээд эхэлж буй бололтой. Тухайлбал, мэс заслын эмч нар л гэхэд хагалгааны өмнө, дараа нь “дугтуй” авдаг байснаа зогсоогоод эхэлсэн байна. Гэхдээ маш ноцтой нэг “арга” хэзээ арилах нь тодорхой бус байгаа юм. Өнгөрсөн жилийн шударга байдлын үнэлгээний судалгаанд 14 яам, 32 агентлаг, 21 аймаг болон НЗДТГ хамрагджээ. Үүнийг нэгжийн хувьд авч үзвэл гадаад шударга байдлын үнэлгээнд нийт 7440 иргэн, дотоод шударга байдлын үнэлгээн 1550 төрийн албан хаагч, бодлогод оролцогчдын үнэлгээнд 860 шинжээч, нийт 9850 оролцогчийг хамруулсан байна. Судалгаанд хамрагдсан 10 оролцогч тутмын долоо нь “...Монгол Улсад авлига түгээмэл байдаг” гэдэгтэй санал нэгдэж байсан. Мөн “...Ирэх жилүүдэд Монгол Улс дахь авлигын түвшин буурна” гэдэгт иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд итгэлгүй байна” гэжээ.  Судалгаанд оролцогчдоос “...Монгол Улсад авлига хамгийн их тархсан институц аль нь болох”-ыг тодруулахад “...Эрүүл мэндийн байгууллага” гэжээ. Араас нь “...Шүүх”,  “...Газрын алба”, “...Гаалийн байгууллага” гэж хариулсан байна. Эдгээр болон төрийн бусад бүхий л байгууллага дээр, ялангуяа тусгай зөвшөөрөл, янз бүрийн шийдвэрийг гаргалгүй, бичиг баримтыг удаашруулж байгаад хүссэндээ хүрдэг явдал байсаар байна. Уг нь хуульд “...Ажлын тав хоног”, “...Долоо хоног” гэдэг ч тухайн албан тушаалтнууд өөрсдөө “...Журам”, эсвэл өөр элдвийн шалтгаанаар “барьчихдаг” явдал хаа сайгүй гардаг. Тэгвэл ийм үйдлүүд дээр “шүүр”-дээд зогсохгүй бололтой. Удалгүй яг ийм үйлдлийг таслан зогсоох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулах эсэх талаар шийдвэр гаргагчид ярилцаж байгаа юм байна.

 

Баялаг бүтээгчид үү, баялаг ашиглаж хөлжигсөд үү?!

 

Бидний олон жил анзааралгүй ирсэн нэг ойлголт байдаг юм байна. Юу гэвэл, бизнес хийдэг, бяртай хэдэн нөхдийг бүгдийг нь “...Баялаг бүтээгч”, “...Хувийн хэвшил” гэцгээдэг. Энэ нэрийг зүүгч бүрт буруу байхгүй. Дийлэнх нь баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн байна. Тэдэнд төрөөс бодлого болгосон эрх зүй хийгээд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Харин энэ гоё, гэмгүй нэрний ард байгалийн баялаг ашиглаж хөлжигсөд нуугддаг байна. Бас хулгайн өмчөө хувийн өмч хэмээн итгүүлдэг. Энэ асуудал цагаан сарын битүүний өдөр болсон АН, МАН-ын дарга нарын уулзалтын үеэр сөхөгдсөн байна. Тэр үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “...Байгалийн баялаг ашиглачихаад асар их орлого олно. Олсон орлогоороо гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авна. Бас хөрөнгө оруулалт хийнэ. Үүнийг хуульчилж хаах ёстой. Яагаад гэвэл байгалийн баялаг дахин сэргээгдэхгүй. Тиймээс ийм баялаг иргэдэд хүртээмжтэй байх зарчим хамгийн эхэнд тавигдах учиртай” гэжээ. АН-ын дарга Лу.Гантөмөр тэгэхэд “... Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг эхлүүлэн ажиллаж байгааг нь дэмжинэ” гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, “...Баялаг бүтээх” гэдэг “...баялаг ашиглах”-аас тэс өөр ойлголт юм. Манай “жишээ”-нүүд үүний хангалттай нотолгоо болж өгнө. Тэд ухаж олсон орлогоо ийн “хашаа давуулж шиддэг” байгаа юм. Ингэхээр баялаг бүтээгч ба баялаг ашиглаж хөлжигч хоёрыг хооронд ялгаж салгах шаардлага нэгэнт үүссэн байгаа юм. Мөн хувийн өмч үү, хулгайн өмч үү гэдгийг ч эндүүрэлгүй болгох дээр анхаарах цаг болжээ.

 

“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон нь эдийн засагт “ногоон” асааж,  төсөвт “ногоон” дууджээ

 

Манай эдийн засаг маш товчхон. Орлого нь нүүрснээс орж ирдэг. Орлого муу байвал эдийн засаг уначихдаг. Сайн байсангүй л дээ. Хэсэг бүлэг нөхдүүд экспортод гаргадаг нүүрсний орлогын ихэнхийг гулгуулчихдаг байжээ. Одоо харин засаг улс төрийн шийдвэр гаргаж, хууль хяналтынхан энэ хулгайн олс дээсний үзүүрийг атгачихлаа. Аажим аажмаар лавшруулсаар байна. Үзүүрт нь олон том “тул” байх бололтой.

Манай нүүрсний хулгай маш том байжээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоогоод таван сар болоход илтэд мэдэгдэж байна. 2022 оны сүүлийн гурван сард л эдийн засгийн өсөлт мэдрэгдээд эхэлсэн. Нэг үгнээр хэлбэл, ингэснээр эдийн засагт “ногоон гэрэл” асаж, “ногоон” ч дууджээ. Учир нь, 2023 оны эхний  хоёр сарын байдлаар төсвийн нийт орлого гурван их наяд төгрөгт хүрчээ. Ингэж төлөвлөсөн орлогоос даруй 7.4 хувиар давж биелжээ. Хэрвээ “...Олон улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой байна” гэж үзвэл 2023 оны эхний хагас жилийн төсвийн нийт орлого 300-500  орчим тэрбум төгрөгөөр давах боломжтой болоод байгаа аж.

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар дугаар сарын 26-ны өдөр онцгой дэглэм тогтоосон. Түүнээс хойш 2023 оны гуравдугаар сарын 25-ныг хүртэлх таван сарын хугацаанд нийт 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 12.4 сая тонн нүүрс борлуулжээ. Тус компанийн хувьд 2022 онд хамгийн их буюу 1.1 тэрбум, 2019 онд бас 1.0 тэрбум ам.долларын борлуулалт хийж байжээ. Гэтэл таван сарын хугацаанд 1.2 тэрбумын борлуулалт хийсэн байна. Үүний 771.9 сая ам.доллар нь бэлнээр, 138.1 сая ам.доллар нь оффтейк, 279 сая ам.доллар нь урьдчилж олсон орлогыг бууруулжээ.

Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоон нүүрсний олборлолт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлснээр төлөвлөгөөг 4.4 сая тонноор, борлуулалтын орлогыг 421.0 сая ам.доллараар давжээ. Мөн биржээр, хил нөхцөлөөр борлуулснаар 15.7 сая ам.долларын нэмэлт орлого олжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 онд 6.5 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолж байсан. Гэсэн ч 13.5 сая тонн нүүрс экспортолсон нь баталсан төсвөөс 7.0 сая тонноор илүү гарсан. Үүгээр  улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлжээ. Мөн 2023 оны төсөвт “Эрдэнэс Тавантолгой” ХК –иас 14.1 сая тонн нүүрс борлуулахаар тооцсон байна. Гэтэл оны эхнээс буюу гуравдугаар сарын 25-ыг дуустал 7.0 сая тн нүүрс борлуулчихаад байгаа аж. Тэгэхээр жилийн эцсээр хамгийн багадаа 24-30 сая тонн нүүрс борлуулна гэсэн үг.

Түүнчлэн тус компани нь Засгийн газрын шийдвэрийн дагуу нийт таван удааагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулаад байна. Энэ хүргээнд коксжих нүүрсний дөрвөн удаагийн арилжааг явуулсан байна. Харин өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний нүүрсний арилжааг анх удаа хийжээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт буюу 2023 оны гуравдугаар сарын 24-нд 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр анх удаа амжилттай арилжжээ. Эрчим хүчний нүүрсийг урьд нь 2020 онд тонн тутмыг уурхайн  ам нөхцөлтэй 9.5 ам доллараар арилжиж байжээ. Харин одоо хил нөхцөлөөр, биржээр 73.3 ам.доллараар борлуулж байгаа юм. Товчхондоо, уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 100-115.83 ам доллараар борлуулж байсныг хил нөхцөлөөр, биржээр 178.6-182.1 ам доллараар борлуулж байгаа юм байна. Эдийн засагт “ногоон” асаж буйгийн учир шалтгаан нь энэ шийдвэртэй холбоотой гэсэн үг. Үүнээс болоод төсөв хагас жилээр 300-500 тэрбумын ашигтай гарах тооцоо гарч буй хэрэг. Цаашилбал, энэ удаагийн төсвийн тодотголыг анх удаа “...Төсөв ашигтай гарсан”-тай холбоотойгоор хийх юм байна. 

 

Товчилбол...

 

Ер нь бол ийм хэмжээний далд эдийн засаг байсныг “ухаж” гаргаж ирсэн байгаа юм. Харамсалтай нь энэ дөнгөж илэрч байгаа хэсэг нь, мөсөн уулын орой нь шүү гээд албаны хүмүүс яриад байгаа шүү. Аргагүй л дээ, энэ нам дамжсан бүлэглэлийн өгөө аваа, хуулийн завхрал, шүүхийн итгэл алдсан байдал, шударга ёсны өлсгөлөн, нүүрсний хулгай, урашлаад Хөгжлийн банкны зээл, “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйвар, тусгай сангуудын дээрэм зэргийг өнөөдөр нийгмээрээ, нийтээрээ эхлүүлсэн тэмцлийн дүнд л зогсооно. Одоо энэ “5Ш” хүрээнд ч төрийн дунд доод шатны зөрчил, завхралууд шийдэгдэнэ гэж горьдож буй.  Тэр утгаараа, өнөөдрийг хүртэл явж ирсэн, “хуучин 30 жил” маань тогтолцоотойгоо, хүнтэйгээ, авлигатайгаа нурж байгаа л үзэгдэл юм. Харин төрийн эрх мэдлийн тулгын гурван чулуу болсон УИХ, Засгийн газар, шүүх байгууллага авлигын эсрэг нэг зүгтэй, нэг зорилготой байх ёстой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 61 (7046)

“Хуучин 30 жил” нуран унаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хятад-АСЕАН-ы ХХ экспо боллоо

Хятад-АСЕАН-ы ХХ экспо 09-р сарын 17-ны өдөр Гуансийн Жуан үндэстний ...

Өчигдөр, 16:32
Хятад улс хоёр чухал металлын экспортыг зогсоожээ

  БЭЭЖИН. /CNN/. Хятад улс үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн ...

Өчигдөр, 15:09
Өчигдөр, 10:19
2023 оны 09 сарын 21, 18 цаг 23 минут
Тариалан аялал жуулчлалыг уялдуулан нутаг усаа хөгжүүлж байна

Хятадын Гуанси мужид болж байгаа Хятад-АСЕАН-ы экспод оролцож байгаа ...

2023 оны 09 сарын 21, 17 цаг 27 минут
2023 оны 09 сарын 21, 15 цаг 44 минут
2023 оны 09 сарын 21, 15 цаг 42 минут
Монгол Улсын гурилыг Эрээн боомтоор анх удаа оруулж ирэв

Монгол Улсын буудайн гурил дүүрэн ачсан ачааны машин 09-р сарын 15-ны өдөр ...

2023 оны 09 сарын 21, 11 цаг 48 минут
2023 оны 09 сарын 21, 05 цаг 03 минут
2023 оны 09 сарын 21, 05 цаг 00 минут
2023 оны 09 сарын 21, 04 цаг 32 минут
УУХҮЯ, АМГТГ, ҮГА мэдээллийн нэгдсэн системтэй болно

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын ...

2023 оны 09 сарын 21, 04 цаг 30 минут
УУХҮЯ, АМГТГ, ҮГА мэдээллийн нэгдсэн системтэй болно

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын ...

2023 оны 09 сарын 20, 06 цаг 25 минут
“Brent” маркийн газрын тосны үнэ 95 ам.доллароос давжээ

  ЛОНДОН. /Reuters/. Лондоны “ICE Futures” биржийн даваа ...

2023 оны 09 сарын 20, 06 цаг 03 минут
Танилц: "Эрдэнэс Монгол" ТУЗ-ийн баг

  “Зууны мэдээ” сонин төрийн өмчит компанийн ТУЗ-ийн ...

2023 оны 09 сарын 18, 11 цаг 42 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 07 цаг 27 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 01 цаг 42 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 01 цаг 42 минут
2023 оны 09 сарын 15, 01 цаг 26 минут
Хятад, Монголын IV экспо нээлтээ хийлээ

"Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг ...

2023 оны 09 сарын 14, 17 цаг 47 минут
Өвөр Монгол-Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум

Өвөр Монгол-Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны хамтын ...

2023 оны 09 сарын 14, 17 цаг 07 минут
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар С.Магнайсүрэнг томиллоо

  Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Барилга хот ...

2023 оны 09 сарын 14, 13 цаг 07 минут
Шог зураач А.Бат-Эрдэнэ экспог чимж байна

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Адъяагийн Бат-Эрдэнэ ...

2023 оны 09 сарын 14, 11 цаг 54 минут
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар С.Магнайсүрэнг томиллоо

  Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Барилга хот ...

2023 оны 09 сарын 14, 06 цаг 10 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 06 цаг 08 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 03 цаг 55 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 03 цаг 52 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан (Монгол анагаах ухаан)-ы аж үйлдвэрийн үзэсгэлэн болж байна

Хятад-Монголын IV экспогийн эдийн засаг, худалдааны үйл ажиллагааны чухал ...

2023 оны 09 сарын 13, 17 цаг 47 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

      2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах ...

2023 оны 09 сарын 13, 11 цаг 03 минут
Ашигт малтмал хууль бусаар олборлох 13 гэмт хэргийг илрүүллээ

  Экологийн цагдаагийн албанаас уул уурхай, ашигт малтмал хууль ...

2023 оны 09 сарын 12, 17 цаг 04 минут
”Гурван умард” төсөл

Энэ бол Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал ...

2023 оны 09 сарын 12, 10 цаг 45 минут
Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!

-Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 08, 15 цаг 18 минут
2023 оны 09 сарын 08, 10 цаг 19 минут
Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!

-Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 08, 09 цаг 37 минут
2023 оны 09 сарын 08, 09 цаг 35 минут
2023 оны 09 сарын 08, 05 цаг 30 минут
2023 оны 09 сарын 08, 05 цаг 30 минут
Халзан бүргэтэйн ордын үйл ажиллагааг зогсоов

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  есдүгээр сарын 3-5-ны хооронд ...

2023 оны 09 сарын 07, 10 цаг 40 минут
Brent маркийн газрын тосны үнэ өсөв

  АНУ-ын “ICE” бирж дээр Brent маркийн газрын тосны ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 57 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2

  Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 51 минут
Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 48 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2

      Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг "Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 06, 09 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй ...

2023 оны 09 сарын 04, 20 цаг 53 минут
Япон, Их Британи улсууд Африкт ашигт малтмал олборлоход хөрөнгө оруулна

  ТОКИО. /Nikkei/. Япон, Их Британийн эрх баригчид Африкийн ашигт ...

2023 оны 09 сарын 04, 19 цаг 00 минут
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ - ХҮРЭН ШАНДЫН УУРХАЙН ЭЗЭН Ч.ЧИНБАТЫН ЭРХ ОХИН

  УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат “Өсөх зоос”, ...

2023 оны 09 сарын 04, 15 цаг 06 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн ...

2023 оны 09 сарын 04, 14 цаг 34 минут
Ногоон өнгө өндөр чанартай хөгжлийн хөдөлгөгч хүч

Зуны дунд сард оршин буй бүхий л амьтай бүхэн цэцэглэн дэлгэрч, өнгө засан ...

2023 оны 09 сарын 04, 12 цаг 33 минут
Баян Баргын бахархалт наадам

Хөлөнбуйрын Баргын тал, баялаг соёлтой малчин ард гэж интернэтээс л харж ...

2023 оны 09 сарын 04, 11 цаг 59 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн ...

2023 оны 09 сарын 04, 09 цаг 56 минут
Эргүнэ голын эрэгт “ЭВ НЭГДЭЛ”-ийн мөнхийн цэцэг дэлгэрнэ

Цээж цэлмээх цэнгэг агаарт зүйлийн цэцэгс дэлгэрч, цэл ногоон талын өрцөнд ...

2023 оны 09 сарын 01, 18 цаг 01 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани