Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Хасар: Ерөнхий сайд солигдоод татвар, инфляц буурахгүй нь бодит үнэн. Иймд улс төрийн үзэл, үнэт зүйлд тулгуурласан соёлыг л бий болгох хэрэгтэй

Н.Хасар: Ерөнхий сайд солигдоод татвар, инфляц буурахгүй нь бодит үнэн. Иймд улс төрийн үзэл, үнэт зүйлд тулгуурласан соёлыг л бий болгох хэрэгтэй

 

Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар “Мизес Монгол” ТББ-ын судлаач, улс төр судлаач Н.Хасартай ярилцлаа.

Тэрбээр цэвэр баруун жигүүрийн либертари үзэл баримтлалыг таниулахаар ажиллаж байгаа. Жагсагчдыг болон нам, төрийг төлөөлөх субъект биш тул хөндлөнгийн аналист байдлаар ярилцахаар түүнийг сонгосон юм. Н.Хасар нарын залуус "Либертари нам"-аа байгуулахаар 801 гарын үсэг цуглуулж байна. Хэрэв нам нь байгуулагдвал энэ үзэл баримтлалын хувьд сөрөг хүчин болж чадах юм.

Улс төрийн бүлэглэлүүд жагсагчдыг хууран мэхэлж гомдол, дургүйцлийг нь тодорхой зорилгоор чиглүүлж байна

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү, бэрд холбогдох скрийншот гарч ирснээр жагсаал өрнөж, түүнийг огцруулах акц улс төрийн сонирхолтой өөрчлөлт хөдөлгөөнд хөтлөөд байна. Та эдгээрийг хэрхэн харж байна?

-Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн үндэслэлгүй санхүүгийн эх үүсвэрээр өөрийн хүүг хангасан бол ёс суртахууны хувьд зөвтгөх ямар ч аргагүй. Энэ бол авлига албан тушаалын гэмт хэрэг байж ч болох асуудал. Гэхдээ ганц Л.Оюун-Эрдэнийн хүүхэд л ийм гэвэл утгагүй шүү дээ. Төрөөс төрсөн тэрбумтан гэж хэзээнээс л ярьж байгаа. Дарга нарын амьдрал аль хэдийнэ иргэдээс тасарчихсан. Магадгүй Л.Оюун-Эрдэнийн хүүхэд болгоомж алдсан тул эсрэг бүлэглэлийн аманд орж, шалтгийг нь гаргаж өгсөн байж болно. Үүнд хүмүүс бухимдаж ёс зүйн хариуцлага шаардаж, органикаар жагсаалд нэгдэж байгаа нь үнэн. Үгүйсгэж болохгүй.

Гэвч зөвхөн органикаар жагссан хүмүүсийн жагсаал үр дүнд хүрчихлээ, хүмүүс органикаар цуглаж хариуцлага хүлээлгэж чадлаа гэдэгт итгэвэл хэтэрхий гэнэн хэрэг болно. Монголын түүхэнд ийм зүйл тохиолдож байсангүй.  Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнд чиглэсэн огцруулах санаачилга аль хэдэн сарын өмнөөс л эхтэй.  Багагүй хугацаанд улс төрийн акц явагдаж, одоо оргил цэгтээ хүрч байх шиг. Мэдээж маш олон хүн жагсаалд органикаар нэгдэж байна. Олон түмний бухимдал дээд цэгтээ хүрсэн байна. Миний найз нөхдийн дунд ч гэсэн энэ жагсаалд нэгдсэн хүмүүс бий. Гэхдээ энэ жагсаалаар Монголчууд бидний өмнө тулгарсан бодит асуудлыг шийдсэн гэж үзэх аргагүй. Засгийн газар огцроод, Монголд улс төрийн бодлогын бодит өөрчлөлт гарахгүй. Иймээс би улс төрийн бүлэглэлүүд жагсагчдыг хууран мэхэлж гомдол, дургүйцлийг нь тодорхой зорилгоор чиглүүлж байна гэж харж байна.

Энэ бол миний бодол, хөндлөнгөөс ажиглаж буй байр суурь шүү. Бас хүмүүс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад дургүй байж, түүнийг огцруулахыг шаардах эрхтэй. Би тэдний чин сэтгэлийг үгүйсгээд байгаа хэрэг биш. Гол нь уг жагсаал ямар ч үр дүнд хүрлээ гээд бидний бодит асуудал шийдэгдэхгүй. Асуудал энд л байна.

-Эхлэлийг нь зохион байгуулалттай гэж харж байна гэсэн үг үү?

-Ер нь ний нуугүй хэлэхэд орчин үед органик жагсаал гэдэг юм байхаа больчихсон шүү дээ. Жагсаал ч бодитоор нийгмийн өөрчлөлт хийхэд үр дүнтэй арга хэрэгсэл байхаа больсон. Талбай дээр хэчнээн олон хүн жагссан ч тэдгээр хүмүүс сонгогчдыг бүхэлд нь төлөөлж байна гэж үзэх аргагүй. Тиймээс орчин үед жагсаалыг үзэл бодлоо илэрхийлж байгаа нэг хэсэг хүмүүсийн л үйлдэл гэж харна уу гэхээс ард түмнийг бүхэлд нь төлөөлөөд байна гэж хэлэх боломжгүй.

Үүнээс гадна улс төрийн активизм, жагсаалаар дагнаж амьдардаг мэргэжлийн жагсагчид гэж өнөөдөр хаа сайгүй л бий. Монголд ч гэсэн өнөөдөр ихэнх жагсаалд итгэхээ байсан. Би л хувьдаа огт итгэдэггүй. Өрнөдөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэж газрын тосны олборлолтыг эсэргүүцэгч активистуудын жагсаалыг USAID, Евро Коммис гэх мэт байгууллагууд элдэв ТББ-уудаар дамжуулж, татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж байдаг нь нэгэнт ил болчихсон. Улс төрийн активизм чинь өөрөө тодорхой хүмүүсийн хоолоо олж иддэг нэг төрлийн мэргэжил болчихсон гэдгийг өнөөдөр бид ойлгох цаг хэдийнэ ирсэн.

Яг үнэндээ өдөр тутмын амьдралаа болгох гээд цаг мөчтэй уралдаж яваа энгийн хүмүүс олон хоног жагсах боломж ч байхгүй. Мэдээж органик жагсаал бий. Тухайлбал, цар тахлын үеийн хөл хорио, авторитари арга хэмжээнүүдийг эсэргүүцэж байсан хүмүүсийн жагсаал илүү бодитой. Миний бодлоор хамтарсан Засгийн газарт багтаж байгаа улс төрийн намуудын гишүүд л эдгээр жагсаалд оролцоод, Засгийн газрыг бүхэлд нь огцруулах тухай ярихгүй, зөвхөн Л.Оюун-Эрдэнэ ганцаараа авлигач, муу муухайн тууль мэтээр яриад, огцруулна гэж дайраад байгаа нь хоёр нүүртэй харагдсан.

Монгол Улс бол ганц хоёр хүн бүх асуудлыг мэддэг, ганцаар засаглах дарангуйллын тогтолцоотой улс биш

-Энэ асуудал гарч ирэхээс өмнө, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийг дахиж өөрчлөхийг дэмжихгүй гэсэн агуулгаар бүлэг дотроо гарын үсэг цуглуулсан. Хэд хоногийн дараа О.Алтангэрэл сайд Тавантолгойн асуудлаар хоёр боть ном хэвлэж, тараасан. Ингээд яг маргааш нь бэрийн цүнх гэдэг сэдэв гарч ирснийг та холбож бодож байна уу?

-Эдгээртэй давхцаад хоёр жил идэвхгүй байсан “Ажлаа хий” гэдэг пэйжээс цүнхний асуудлыг гаргаж тавьсан байна лээ. Угтаа эрх баригч нам бол МАН ганцаараа биш.  Л.Оюун-Эрдэнэ ч ганцаараа эрх баригч биш. Эрх баригчид гэвэл МАНАНХҮН. Үзэл санааны ялгаралгүй, хэзээ ч яаж ч хоорондоо эвсэж мэдэх улс төрийн намууд сонгуулийн үр дүнгээс үл хамааран нийлж, Засгийн газар байгуулчихсан байна. Жагсаал надад таалагдаагүй хамгийн том шалтгаан нь, эвсэж засаг байгуулсан улс төрийн намуудын эсрэг хэн ч юу ч хэлэхгүй байна. Зөвхөн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнд төвлөрөөд байна. Би Л.Оюун-Эрдэнэд дургүй. Гэхдээ энэ засгийг байгуулах шийдвэрийг гаргасан бусад бүх хүмүүсийг орхигдуулаад, ганц хувь хүний эсрэг олон түмний дургүйцлийг чиглүүлж байгаа нь утгагүй санагдаж байна.

Мэдээж олон түмэн улс төрийн бодит байдлын тухай мэдээлэлтэй байж чадахгүй. Тиймээс болж буй бүх асуудал, бэрхшээлийг цөөн хэдэн эрх баригч, хувь лидерүүдтэй холбож ойлгодог.  Яг үнэндээ Монгол Улс бол ганц хоёр хүн бүх асуудлыг мэддэг, ганцаар засаглах дарангуйллын тогтолцоотой улс биш. Харин улс төрийн намууд буюу нийгмийн тодорхой ашиг сонирхлын бүлэглэлүүдийн дарангуйлалд орчихоод байна. Нам дотор бүлэглэлүүд бий. Тэдний эрх ашиг зөрчилддөг. Ингээд улстөрчид хоорондоо муудалцаад, эрх барьж буй нэр хүндээ алдсан цөөн хэдэн хувь хүмүүс рүү довтолж байна. Ингэсэн хүн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа юм шиг харагдаад байх.

Өнөөдөр Ардчилсан нам дотор Засгийн газарт багтаж орж чадаагүй гомдогсдын фракц буй. МАН дотор ч энэ Засгийн газраа унагаж, дангаар засаглахыг хүссэн фракц байгаа. Бэрийн цүнхний асуудал явсаар АН-ыг засгаас гаргахдаа тулсан гэдгээс харахад – энд фракцуудын эрх ашиг л зөрчилдөж байгаа юм шиг харагдаж байна. Өөрөөр хэлбэл МАН дотор дотоод зодоон явагдаад байна. Бид үндсэндээ олон жил засгийн эрхэнд ээлжилсэн эсвэл эвссэн - хөрөнгө мөнгө, хүн хүч, хэлхээ холбоо сүлжээ бүхий, өөр хоорондоо огт ялгарахаа байсан том намуудын тогтолцооны дарангуйлалд орчихоод байна. Тэгэхээс ганц нэг хувь хүний дарангуйлал биш. Манай нийгэмд улс төр, эдийн засгийн эрх мэдэлтэй элит давхарга бий болчихоод байна. Аль аль намуудад нь тэдний төлөөллүүд байна.

 -Жагсагчид сүүлдээ өргөтгөсөн шаардлага гэж уншихдаа, “Хамтарсан Засгийн газрыг боль, Үндсэн хуулийг дахиж битгий өөрчил” гэж байна лээ. Энэ нь эдгээр өдрүүдэд Ерөнхийлөгчийн илэрхийлсэн байр суурьтай давхацсан тул асуудал МАН доторх бүлэглэлийн зөрчил байв уу гэж харахад хүрчээ?  

-Би бол намын дотоод фракцуудын талаар баримттай мэдэхгүй байна. Дедукцийн зарчмаар л таамаглал дэвшүүлж байгаа. АН-аас Засгийн газарт багтаж чадаагүй нэг бүлэг бий. Ц.Элбэгдоржийн фракц ч гэж ярьдаг. Энэ хүмүүс үнэн хэрэгтээ МАН-д хэзээнээс ойрхон шүү дээ. Нөгөө талд нь У.Хүрэлсүх байна. Түүнийг дэвшүүлэн зайлууллаа, залуус нь намаа авчихлаа гэж ярьж байсан. Ингээд харахад Ерөнхийлөгч болон АН-аас засагт багтаагүй фракцууд, дээр нь МАН дахь Л.Оюун-Эрдэнийн эсрэг эрх ашгууд нэгдчихээд байж мэднэ. Энэ бухимдлыг нийлүүлж байгаад одоогийн Засгийн газар луу чиглүүлсэн байж болно. Нам дамнасан бүлэглэлүүдийн дайн гэсэн үг.

Монголын төр данхайгаад байгаа гол шалтгаан нь эдгээр намууд коммунизм байгуулах зорилго тавьчихсантай холбоогүй. Өрсөлдөөнөөс мултрах гэсэн том компаниуд

-Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг болиулах нь тэр бүлэглэлд ямар хэрэгтэй юм?

-Миний санаж буйгаар төрийн дахин хуваарилалтын эрх мэдлийг л булаацалдаад удаж байгаа. 14 мега төсөл гэдэг чинь угтаа нөөцийн асар их дахин хуваарилалт шүү дээ. Хэдэн их наядын дүнтэй нь одоо хэр тодорхойгүй л байна. Төрийн мөнгийг хэдхэн том компаниудад бүтээн байгуулалт хийх нэрээр хуваарилна гэсэн үг. Өнөөдөр улстөрчдийг дамнан худалдаж авсан компаниуд бодитоор бий. УИХ-ын гишүүдийн тал хувь нь яахаараа нэг компаниас хандив авчихсан байдаг юм. Яагаад хэн ч энэ асуудалд ач холбогдол өгөхгүй байгаа юм. Энэ бол маш аюултай зүйл болж байна. Ингээд харахаар, энэ бүхэн 14 мега төслийг хэрхэн хувааж авах вэ гэсэн зодоон ч байж болно.

Гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхай гэж их гоё юм ярьдаг болжээ. Ийм нэрээр өр тавьж, эргээд системээ тэжээж, хүмүүсийн бухимдлыг түр зуур намжуулж байгаад одоогийнхоо дэглэмийг хамгаалж, улам л өрийн хавханд оруулах асуудал явдаг. Гадаадын хөрөнгө оруулалт чухал, уул уурхайг зөв ашиглах нь чухал. Гэхдээ том төр, том нам, том бизнесүүдийг л зөвхөн санхүүжүүлэхэд ашиглавал эсрэгээрээ хортой.

Хуучин ЗХУ коммунизм байгуулах үйл хэргээ уул уурхай, байгалийн баялгаараа санхүүжүүлж байсан. Өнөөдөр Монголд байгаа намууд дэглэмээ мөн л уул уурхайгаар санхүүжүүлж байна. Үнэндээ уул уурхайн компаниудын улсад төлөөд байдаг татвар нь бага л юм билээ. Монголыг уул уурхай авч яваад байна л гээд байдаг. Сүүлийн гурван жил улсын төсвийн 60 гаруй хувийг жижиг дунд бизнесүүд болон албан хаагчдын орлогын албан татвар, иргэдийн төлсөн НӨАТ санхүүжүүлсэн байх жишээтэй. Уул уурхайг ашиглаад Монголын зах зээлийн хэмжээ өргөжөөд, чөлөөт зах зээл биежээд, капитализмын замнал руу орсон гэвэл худлаа.

Ердөө төртэй хамтарсан хэдхэн бизнес бүх өрмийг хамдаг болсон. Түүнийг эсэргүүцэнгүүт хувийн өмч, чөлөөт зах зээл гэсэн худал реторик ашигладаг болчихсон байна. Өнөөдөр Монголын төр данхайгаад байгаа гол шалтгаан нь эдгээр намууд коммунизм байгуулах зорилго тавьчихсантай холбоогүй. Ийм зорилготой улс төрийн нам одоо байхгүй. Зүүний үзэлтэй намууд өнөөдөр коммунизмд итгэхээ байсан.

Харин төрийн эрх мэдлийн төвлөрөлд бол хязгааргүй итгэдэг хэвээрээ. Цаад зорилго нь эдийн засгийн бүх нөөцийг төвлөрүүлээд, хувийн хэвшил нэртэй улс төр, эрх мэдэлтэй хамссан бүлэглэлүүдэд дахин хуваарилах. Дахин хуваарилалт хийх нь төрийн цор ганц үүрэг болчихлоо. Энэ дахин хуваарилалттай зэрэгцээд зах зээлийн зохицуулалтууд хийгдэнэ. Тухайлбал, ТҮЦ-ийг зайлуулснаараа нийтийн эрх ашгийг хангаж, хотын өнгө үзэмжийг сайжруулж эсвэл хувийн өмчийн тогтолцоог халж коммунизм байгуулах гээгүй. Харин тодорхой бизнесүүдэд зориулж зах зээлийн өрсөлдөөнийг хумьж байна. Шуудхан хэлэхэд том бизнесүүдэд зориулж жижиг дунд бизнесийн зах зээлийг ил цагаан булаан авч өгч байна. Ер нь бол өрсөлдөөнөөс мултрах гэсэн том компаниуд л өнөөдрийн данхар төрийг бий болгосон. Цаад эдийн засгийн сэдэл нь энэ.

Том компаниуд өөрсдөө яам болж, өөрсдийнхөө зах зээлийг зохицуулдаг болчихоод байна. Том төр, том бизнес хоёр бол нэг зоосны хоёр тал. Чөлөөт зах зээлийг коммунистууд нураагаад байгаа юм алга. Үнэнийг хэлэхэд хэн ч өнгөрсөн баларсан ЗХУ-ын коммунизмыг байгуулах гэж оролдоод байгаа юм байхгүй. Өнөөдрийн тогтолцоог: Эдийн засгийн тодорхой сектор бүрийг цөөн тооны картелиудын гарт даатгах замаар төр нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлдэг фашист тогтолцоотой төстэй гэж хэлбэл үнэнд нийцнэ.

Өнөөгийн өрнөдөд ноёрхож буй улс төр-эдийн засгийн тогтолцоо нь чөлөөт зах зээл бус харин фашист тогтолцоо гэж баруун жигүүрийн үзэлтэй хүмүүс шүүмжилж байхыг та сонсоо л байлгүй дээ.  

Улс төрийн бүлэглэлүүд өөрсдийнхөө ашиг, сонирхлыг хамгаалахдаа зах зээл, баялаг бүтээгч, хувийн өмч гэх реторик ашигладаг

-Тэгэхээр нөгөө MCS яригдах нь. Үүнтэй тэмцээд л ялагдлаа гэж Л.Оюун-Эрдэнэ өөрөө тайлбарладаг. Бүх жагсаал эсэргүүцэл Ухаа худаг, Тавантолгойн сэдэвтэй давхацсан гэдэг. Нөгөө талаас MCS-ийг бас баялаг бүтээгч, хувийн хэвшил гэж өмгөөлдөг?

-Ер нь төрийн эрх мэдэлтэй хамсаж, татвар төлөгчдийн мөнгөөр бизнес хийдэг, тусгай эрх дарх эдэлж байгаа том монополь эсвэл картелиудыг хувийн хэвшил гэж үзэх аргагүй. Эдгээр бизнесүүд өрсөлдөөнөөр бус албадлагад тулгуурлаж үйл ажиллагаа явуулж байна.

Ашиг олбол өөрсдөө хүртэнэ, алдагдал хүлээвэл татвар төлөгчдөд хохирлоо үүрүүлнэ. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн бараг талынх нь сонгуулийн санхүүжилтийг нэг том компани гаргасан байгаа сурагтай. Ийм их мөнгийг зүгээр хандив маягаар өгнө гэдэгт хэн итгэх вэ? Татвар төлөгч, баялаг бүтээгч гэх нэрийг зүүсэн том бизнесүүд өөрсдийнхөө төлөөллийг улс төрд илгээгээд, өөрсдөдөө яам байгуулаад, салбар салбарынхаа зах зээлийг өөрсдөө зохицуулаад явчихдаг болсон. Ийм компаниудыг баялаг бүтээгч, хувийн хэвшил гэж нэрлэх боломжгүй.

Үнэндээ Монголын ашигт малтмалын ордууд хувийн өмч биш. Хайгуул, олборлолтод зарцуулсан хөрөнгө оруулалтынх нь мөнгө бол байж болох. Том бизнесүүд улс төр дэх өөрсдийн төлөөллөөрөө дамжуулаад аль нэг орд ашиглах лицензийг төрөөс авч л ашиглаж байгаа. Тувтан төрийн эрх мэдлээр дамжуулж бизнес хийдэг хүмүүс том ордуудыг эзэмшчихээд, санхүүгийн хувьд хүчирхэгжчихээд улс төрчдөө хүртэл олноор нь худалдан авч, өөрсдийнхөө нөлөөнд байлгадаг болчихсон байна.

Энгийн хүмүүс шударгаар бизнес хийж, зах зээлийн өрсөлдөөний зарчмаар дэвжээд, элдэв улс төрийн нөлөөнөөс ангидаар ордуудыг авч ашиглах боломж хаалттай. Энэ бүхэн монголчуудын нүдний өмнө илт. Ингээд эдгээр хүчирхэг улс төрийн бүлэглэлүүд өөрсдийнхөө ашиг, сонирхлыг хамгаалахдаа зах зээл, баялаг бүтээгч, хувийн өмч гэх реторик ашигладаг. Үр дүнд нь эдгээр үгсийн утга санааг монголчуудын олонх сөргөөр төсөөлдөг болчихсон.  Ингээд иргэдийн зарим нь бүр социалист тогтолцоог хүсдэг болсон байх жишээтэй.

ЗХУ нурж унаад Оросод эмх замбараагүй байдал зонхилж байх үед улс төрийн эрх мэдэлтнүүдтэй холбогдсон цөөн хэдэн хүмүүс маш богино хугацаанд ямар ч зардал, хүчин чармайлтгүйгээр хамаг юманд эзэн суучихсан байсан. Үүний эсрэг бий болсон иргэдийн дургүйцэл эцэстээ Владимир Путиний дэглэмийг хүчирхэгжихэд хүргэсэн.

Ер нь бизнес, улс төр нийлсэн тогтолцоо бол чөлөөт зах зээл биш. Меркантализм. Хааныг дагасан цөөн хэдэн худалдаачид бүх зах зээлийг хааны тусгай зөвшөөрлөөр хамдаг, бусдыг нэвтрүүлдэггүй боож хаадаг. Хэдхэн язгууртан, сурвалжтан болон хэсэг худалдаачид л баян. Бусад нь хамжлага. Энэ тогтолцоог сөрж л анх чөлөөт зах зээлийн үзэл санаа бий болсон. Хүн бүр бизнес хийх эрхтэй, хүн төрөөс хамааралгүй амьдрах боломжтой байх ёстой гэдэг бол чөлөөт зах зээл. Хавиер Милей хэлж байна лээ, “Би зах зээлийн төлөө болохоос бус бизнесийн төлөө биш” гэж. Өнөө үеийн чөлөөт зах зээлийн хамгийн том дайснууд бол өрсөлдөөнөөс ангижирах хүсэлтэй, төртэй нийлсэн бизнесүүд. Тэд төрийг худалдаж авах чадвартай болтлоо томорсон.

МАН төрийн бүтээн байгуулалт ярих эрхтэй. Өөрсдөө хөгжлийн загвар бол төр гэж үздэг нам. Зүүний үзлийн төлөө АН, ХҮН эвсэж л болохгүй ш дээ

-Хамтарсан Засгийн газар хэр зөв жишиг юм. Ер нь бусад орон хамтрал руу явж байгаа, өмнөх алдаа дутагдал бүгд талцаж хуваагддагаас болсон, нэг талд гарч аваад олон зүйл эхлүүллээ, гадаад ертөнц ч манай төрийг тогтвортой гээд сонирхож байна гээд байгаа?  

-Сонгуулийн цэвэр пропорциональ системтэй оронд нэг нам дангаар засаглах боломжгүй хэмжээний саналыг олон намууд хуваагаад авчихдаг. ХБНГУ ч гэдэг юм уу. Тэд бол хүссэн хүсээгүй хамтрахад хүрдэг. Сонгуулийн тогтолцооноосоо болоод эвсэхээс өөр аргагүй болох эсвэл үр дүн нь хүссэн хүсээгүй эвсэхэд хүргэх нь бий.

Гэхдээ намууд нь эвссээр байгаад ялгарах юмгүй болчихлоо гэж Германы ард түмэн сэтгэл ханамжгүй байна. Иймдээ ч арав орчим жилийн өмнө байгуулагдсан шинэ нам өнөөдөр дэмжлэгээрээ Германы хамгийн том нам болчихлоо. Сонгуулийн тогтолцооноос болоод хамтарсан засаг байгуулагдах нь бий. Гэхдээ ихэнхи тохиолдолд зүүний намууд нь зүүний намтайгаа эвсдэг. Харин Монголын хувьд өнөөдөр МАН дангаар засаглах хэмжээнд сонгуулийн үр дүн бий болсон. Гэтэл нөгөө хоёр намтайгаа нийлээд бүтээн байгуулалт, төсөл хэрэгжүүлэх нэрээр эвсчихсэн. Хамгийн инээдтэй нь зүүний намууд өөр хоорондоо эвсээд бүтээн байгуулалт яриад байсан бол асуудал огт алга. Гэтэл төрийн бүтээн байгуулалтын эсрэг байх ёстой барууны намууд нь зүүний бодлогыг сөрнө гэж иргэдийн дэмжлэгийг авчихаад тэр бодлогыг хэрэгжүүлэх багийн нэг хэсэг болчихсон нь шившгийн.

Монголын эдийн засагт тулгарч байгаа гол бэрхшээл бол төрийн оролцоо. Гэтэл өнөөдөр төр хөндлөнгөөс оролцох бүү хэл бүтээн байгуулах нэрээр үйлдвэрлэл, хуваарилалтыг өөрсдөө чиглүүлнэ гэдгээ ил тод зарлаж байна. Бид угтаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзсан. Тийм замналаар явбал сүйрдэг юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн учраас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн. Гэхдээ зах зээлийн эдийн засгаа ойлгоогүй. Тиймдээ ч төд удалгүй Монгол данхар төртэй болж хувирсан. Ингээд төр зөвхөн дахин хуваарилдаг, дахин хуваарилалтаас хүртэх гэсэн бүлгүүд төрийн эрх мэдлийг булаалддаг ийм эдийн засгийн тогтолцоотой боллоо.

Үр дүнд нь жилээс жилд төр данхайх. Харин өнөөдөр татварлаж хуваарилдаг төр маань мега төсөл нэрээр огт байхгүй мөнгийг дахин хуваарилах тухай яриад сууж байна. Өр зээл тавиад том төсөл хэрэгжүүлэх нэрээр улстөрчид болон том бизнесүүд төрийн мөнгөнөөс ахиухан хүртэнэ. Ингээд 1980 онд социализмын материал техникийн бааз байгуулж, коммунизмийн диваажинд иргэдээ амьдруулна гэдэг шиг л юм яриад байна.

Ер нь аж үйлдвэржилт төрийн санаачилгаар явагддаггүй. Явуулах гэж оролдвол улсын эдийн засаг дампуурдаг. Эдийн засгийн анхан шатны онол гадарладаг хүмүүсийн мэдэх л ойлголт. Яах вэ, зүүний үзэлтэй намууд ийм зүйл хийх санаачилга гаргахыг бол үгүйсгэхгүй. Угаас тэгнэ гэдэг үзэл санаатай. МАН ингэж ярилаа гээд үзэл санаанаасаа гажихгүй. Гэтэл өөрсдийгөө баруун жигүүрийн үзэлтэй гээд байгаа улс төрийн намууд ийм юм яриад байна. Зүүний бодлогыг сөрж, тэнцвэржүүлэх ёстой баруун жигүүрийн намууд нь хамтарсан засаг байгуулснаа “Нийтийн эрх ашгийн үүднээс төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй” гэж социалист шалтгаар өмгөөлж сууна.

МАН төрийн бүтээн байгуулалт ярих эрхтэй. Өөрсдөө хөгжлийн загвар бол төр гэж үздэг нам. Зүүний үзлийн төлөө АН, ХҮН эвсэж л болохгүй ш дээ. Сонгуулийн өмнө л ХҮН, АН-ын мөрийн хөтөлбөрт бүсчилсэн хөгжил, мега төсөл явж байсан. Сонгуулиас жилийн өмнө л эвсэл яригдаж байсан.

-Нам нь шийдээд Засгийн газрыг нэг тийш нь болгох бололтой. Харин ард түмнээс сонгогдсон парламент гэдэг бүтэц ер цааш дорвитой явах юм уу?

-Энэ парламентын өмнөөс намын бүлгүүд л шийдвэр гаргаж байгаа. Манай улс төрийн намын тогтолцоо өөрөө чухал онцлогтой. Эрх мэдэл төвлөрсөн бүтэцтэй. Дээрээс доошоо хатуу зохион байгуулагддаг бюрократ бүтэц бүхий. Улс төрийн намын уг зохион байгуулалтыг бид хуучны коммунист цаг үеэс өвлөж авсан.

Улс төрийн эрх мэдлийг өөрсдөдөө төвлөрүүлсэн намын дарга нар таалсан гишүүддээ сонгуульд оролцох, нэр дэвших боломжийг олгодог. Залуу гишүүд нь дарга нарынхаа эсрэг элдэв юм яривал нам дотроо няслуулчихдаг. Иймд ард түмний парламент ярих нь утгагүй. Парламент бол улс төрийн намуудын мэргэжлийн улс төрчдийн байгууллага. Ардчиллын идеал ёсоор бол иргэдийн сонгогдсон төлөөлөгч гэгддэг. Гэхдээ бодит байдал дээр үүнийг худлаа гэдгийг бид бүгд мэднэ. 

Өнөөдөр парламентын гишүүдийг намын бүлгийн байр сууринаасаа зөрвөл оноожуулж, оноог нь хасна гэх мэтийн асуудал ч яригдаж байх жишээтэй. Парламентад сонгогдох боломжийг зөвхөн том намуудад олгосон тогтолцоог аль хэдийнэ бүтээчихсэн. Бид нарын байгуулаад байгаа ардчилал идеалдаа тийм ч ойрхон байгаад байна гэж би хувьдаа боддоггүй. Тэгэхээр энэ тогтолцооны асуудал болчихсон. Тогтолцоо нь өөрөө ийш түлхэж байна. Түүнээс гарч ирсэн улстөрч нь өөрөө муу хүн болохоор, улс орноо сүйрүүлье гэж бодсондоо энэ тэр биш. Тогтолцоо өөрөө төрийн дахин хуваарилалтаас хүртэхгүй бол хожигддог зарчим бий болгочихсон.

Залуу хүн зоригтой бас гэнэн л байдаг

-Үнэхээр өөрчлөлт, шинэчлэлийн төлөө жагсаж байгаа залуусыг үгүйсгэж болохгүй талаар хоёул ярьсан. Залуу хүмүүс бүх улс оронд л хувьсгалч байдаг. Гэхдээ дараагийн өрнөлийг өнөөдөр яриад хэрэггүй, огцруулах л ёстой, хүсвэл дараагийн хүнийг ч жагсаад огцруулчихна гээд байна. Том агуулгад нь ухаан зарахгүй нь дийлэнх байх шиг?

-Ер нь залуучууд бол гэнэн шүү дээ. “Танай үе өөр байна” гэдэг дээр хошгируулдаг. Маогийн улаан хамгаалагчид чинь залуус л байсан. Мэдэхгүй яваад дарга нарын тоглолтод л орчихсон хүмүүс шүү дээ. Энэ бусад орнууд дахь элдэв залуусын социалист хөдөлгөөнүүдийн цаана  хөгшин улс төрчид л байгаа. Залуучууд өөрсдөө зохион байгуулалтад орж чадсан түүх дэлхийн хаана ч байхгүй. Тэгж андуурсан байж болох ч масс өөрсдөө зохион байгуулалт хийдэг түүх дэлхийд байхгүй. Залуучууд улс төрийн бузрыг тэвчдэггүй. Улс төрийн бодит байдлыг бодитоор ойлгоход мэдлэг, туршлага нь хангалттай байх боломжгүй. Залуусыг дэвэргэн сэтгэл дээр нь тулгуурлаж, нийгмийн эсэргүүцлийн хүч болгож ашигласан түүх маш олон. Залуу хүн зоригтой бас гэнэн л байдаг. Би залуусыг үгүйсгээгүй. Тэдний эерэг өөрчлөлт хийх гэсэн хүсэл, чин сэтгэлийг хүндэтгэнэ. Гэхдээ олон хүн дургүй зүйл дээрээ нэгдэж эерэг өөрчлөлт хийдэггүй.

Дараагийн Ерөнхий сайд хэн болохоос үл хамааран татвар буурахгүй, инфляц зогсохгүй, төрийн данхайх явдал хазаарлагдахгүй. Бидний амьдралын проблемуудаас нэг нь ч алга болохгүй. Энэ л бодит үнэн.

Тийм учраас бид хувь хүнд бус улс төрийн үзэл баримтлал, үнэт зүйл, зарчимд тулгуурласан улс төрийн соёлыг бий болгох хэрэгтэй.  Монголын улстөрчид үзэл баримтлалд тулгуурласан улс төр хийдэг, сонгогчид нь мөн адил үүнд тулгуурласан сонголт хийдэг соёл Монголд алга. Улс төрийн тэмцэл гэдэг нэг, хоёр дайсныг зайлуулснаар зорилгоо биелүүлчихдэг зүйл биш.

Дээр нь, асуудлыг зөвхөн улстөрчдөд нааж болохгүй. Сонгогчид чинь бас хэцүү. Иррациональ байхаас гадна атгаг сэтгэлдээ хөтлөгддөг. Сонгогч олон түмэн гэхээр бүгд ариун сайхан хүмүүс, улс төрчид гэхээр л хар хэрээ байдаг гэж хэлэх боломжгүй. Нөхцөл байдал сайжирч байсан ч сэтгэл нь ханадаггүй, дордлоо гэдэг сонгогчид бий. Олон түмний үзэл санаанд түшиглэсэн ардчилал гэх энэ улс төрийн тогтолцоо өөрийн гэсэн давуу болон сул талуудтай. Эдгээрийг ойлгохгүйгээр хэсэгхэн хувь хүмүүсийг болохгүй бүх зүйлийн буруутнаар тодруулж, эерэг өөрчлөлтийг бий болгох боломжгүй.

-Танай либерал гэсэн хүмүүс эсрэгээр нь ярьж, хийгээд яваа юм биш үү?

-Юун либерал вэ? Либерал гэдэг нь либертаритай ямар ч хамаагүй. Төстэй сонсогдож болох хэдий ч либерал, либертари хоёр чинь өөр. Либерал гэдэг нь өнөө цагт төрийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх зорилготой социал демократуудын Америк дахь нэршил. Зүүний либерализм, социал демократизм гэдгээр улс төрийн ардчиллыг эдийн засаг дахь төрийн оролцоо, социалист тогтолцоотой хоршуулахыг хүсдэг зүүний үзэлтнүүдийг нэрлэдэг.

Харин либертари гэдгээр төрийн эдийн засаг дахь оролцоог хязгаарлаж, чөлөөт зах зээлийн зарчмаар хөгжихийг сурталддаг баруун жигүүрийн үзэл санааг хэлнэ. 

Либерал ба либертари гэх хоёр нэршил хоёулаа либер гэх латин нэр томьёоноос үүдэлтэй нь үнэн. Харин либералууд эрх чөлөө гэдгээр гудамжинд шалдалж, нүцгэлж, хүйсээ солиулахыг сурталддаг бол либертаричууд эрх чөлөө нь хүн өөрийн амьдралтай холбоотой сонголтоо өөрөө хийж, хариуцлагаа үүрэх ёстой, үүнд нь төр болон бусдын зүгээс албадлага, саад тээг учруулж болохгүй гэх  зарчмаар ойлгодог.

Үнэндээ либертари  үзэл нь либералын сөргүү үзэл. МАН, АН, ХҮН гурав гурвуулаа либерал нам. Хуучин цагт бол МАН коммунист байсан байж болох. Харин одоо бол үгүй. Энэ гурван нам гурвуулаа Европын Холбоо болон Америкийн Ардчилсан намын улстөрчдийг идеалаа болгож харах жишээтэй. Тэдний хэрэгжүүлж буй бодлогыг Монголын хөрсөнд сохроор хуулбарлаж тулгадаг.

Эдгээр намын шинэ залуу үеийнхний дунд “Чингис гэж дарангуйлагчийн зураг парламентын ордонд байх шаардлагагүй” хэмээн ярьдаг радикал либералууд ч байгаа тухай сонсогдсон. Үндэстний ижилсэл, онцлог, соёлоо үгүйсгэдэг, өөрсдөөсөө ичдэг шахуу, өрнөдийн бүх юмыг сохроор хуулдаг, итгэдэг, суртал ухуулгад нь автчихсан хүмүүс бол либералууд. Эдгээр либералууд өрнөдийн одоогийн фашист тогтолцоог чөлөөт зах зээлийн реторикоор хааяа зөвтгөх нь бий. Тиймдээ ч хүмүүс либертари, либерал хоёрыг хольж солих нь аргагүй байх.

Намын дарангуйллыг харин ч парламентын тогтолцоо нь бий болгож, түүнийг Ерөнхийлөгч нь сөрсөн түүх дэлхийд олон

-Энэ өрнөл аажимдаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг улам нэмдэг жишиг рүү хөтлөх вий гэж болгоомжилцгоож байна?

-Ганц хүний захиргаанд орчих боломж БНХАУ-д ч байхгүй. Мао бол Соёлын хувьсгал нэрээр коммунист намаа массын дэмжлэгээр дарж аваад өөрийнхөө эрх мэдлийг хүлээн зөвшөөрүүлсэн хүн. ЗХУ-д Сталин гарч ирээд нэг хүнийг тахин шүтэх явдлыг зохион байгуулж бий болгоод намаа өөрийн хяналтад оруулчихсан. Мөн тэдний түүхийг дуурайж давтсан дарангуйлагчид бий.

Гэхдээ энэ цаг үе дуусгавар болсон. Бас элдэв цэргийн хүчинд дулдуйдсан хунтууд болон ганцаар засаглагч диктаторуудын цаг үе дууссан. Өнөөгийн бүх улс төрийн тогтолцоо нэг хүнд эрх мэдэл төвлөрүүлэх бололцоог үгүй хийчихсэн.

Харин өнөөгийн дэлхий ертөнцөд масс намын дарангуйлал бол бий. Бид нэг, хоёр хүний дарангуйлал бус сонгогчдоо амьжиргааны хувьд хараат болгох байдлаар улс төрийн эрх мэдлээс огт хагацаж салж өгдөггүй хүчирхэг улс төрийн намуудын цаг үед амьдарч байна.

Тиймээс бид нэг хүний дарангуйллаас айгаад байх шаардлагагүй. Монголын Үндсэн хуулиар Ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогддог. Тиймдээ ч Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог улсуудтай харьцуулбал харьцангуй их эрх мэдэл эдэлдэг. Иймэрхүү тогтолцоотой улсуудыг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэж улс төр судлаачид тодорхойлох нь бий.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумина, парламентад, Ерөнхий сайдад эрх мэдлийг төвлөрүүлнэ гэж ярих хүмүүс олширчээ. Ерөнхийлөгчийн засаглал бол дарангуйлал гэх мэтээр худлаа ярих жишээтэй. Үнэндээ улстөрчид хэр зэрэг эрх мэдэл нь хуваарилагдана, төдий чинээ түлхэлцэнэ.  Хэдий чинээ түлхэлцэнэ төдий чинээ иргэдэд ашигтай. Тиймээс Ерөнхийлөгчийн институци тодорхой эрх мэдэлтэй байх нь парламентын болон гүйцэтгэх эрх мэдэлд тодорхой хяналт тэнцэл болж өгдөг байж магад.

Намын дарангуйллыг харин ч парламентын тогтолцоо нь бий болгож, түүнийг Ерөнхийлөгч нь сөрсөн түүх дэлхийд олон. Ер нь ардчилал гэдэг бол “Германд эсвэл Англид ийм байдаг, иймээс бүгдийг тэндээс хуулах ёстой” гэсэн үг биш. Бүгд Английн сонгодог парламентын буюу Вестминистрийн тогтолцоотой байх ёстой гэсэн үг ч биш. Улс үндэстэн бүр өөр өөрсдийнхөө түүх, соёл, нөхцөл байдал, онцлогт нийцүүлэн, иргэдийн төлөөллүүдээр хууль тогтоолгож, эрх мэдлийн хуваарилалтыг улс төрд бий болгох тухай ойлголт.

Ардчилсан улс бүр Англи, Герман, Америкийн тогтолцоог бүхэлд нь хуулах ёстой гэсэн юм огт байхгүй. Одоо байгаагаараа байхад асуудалгүй байх. Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хувь хүмүүс мэдээж эрх мэдлээ нэмэгдүүлэхийг хүснэ. Гэхдээ тэглээ гээд диктатортой болно гэж байхгүй байх. Өнөө үед үеэ өнгөрөөсөн ганцаар засаглах дарангуйллын тогтолцоогоор хүмүүсийг айлгах хэр нь ээ намын дарангуйллын тухай ярихаа больсон нь харамсалтай.

Үнэн хэрэгтээ коммунист дарангуйллууд ч нэг хүний гэхээсээ илүү намынхаа хүчээр эрх мэдлээ төвлөрүүлсэн, масс намд дулдуйдсан намын лидерүүдийн шинжтэй байсан. Дарангуйлал гэдэг бол ганц нэг хүн хүсээд бий болгочихдог зүйл биш. Харин тогтолцоо болон түүний эд эс болсон хэсэг бүлэг хүмүүсийн бий болгодог зүйл.

-Цүнхний асуудлаас эхлээд явж явж Бага хурлаараа АН-ыг хэлэлцдэгтээ тулсан өрнөлийн цаад шалтгаан юу байж болох вэ?

-Ерөнхий сайдын орлогыг нотлуулах гээгүй нь л тодорхой. Тэгвэл улстөрчид бүгдээрээ мөнгө санхүүгээ тайлагнах, яаж баян амьдардгаа илчлэх үүд хаалга нээгдэнэ. Л.Оюун-Эрдэнэ нь ч орлогоо нотлохгүй нь тодорхой. Харин Л.Оюун-Эрдэнийг л огцруулах гэсэн байх. Ерөнхий сайд нь огцорвол Засгийн газар нь огцорно. Харин намуудын хэрэгжүүлж байгаа бодлогод хэн ч бурууг өгөхгүй. Учир нь яг энэ бодлогыг дараагийн засаг залгамжилж хэрэгжүүлнэ. Гол нь энэ засаг Л.Оюун-Эрдэнээс болж огцорлоо гэх имижийг л бүрдүүлж байна.

Мэдээж одоо дараа дараагийн яриа тохироон дээрээ үйл явдал гацчихаад байх шиг. Магадгүй дахиад хамтсарсан засаг ч байгуулагдаж болох. Ямартай ч ард түмний дайсан зайлсан учир одоо бүх зүйл сайхан болно гэж хүмүүсийн бухимдлыг намжаагаад, дахиад хэдэн жилийн нүүрийг үзэх гэж эдгээр намууд оролдох нь тодорхой.

Сайн муугийн хоорондын зөрчил бус харин нам доторх л зодоон. МАН ганцаараа ч буруутай биш. Сөрөг хүчнүүд нь олигтой, үнэхээр баруун жигүүрийн байсан бол өнөөдөр бүх зүйл өөр байх байсан. МАН ингэж хүчирхэгжих боломжийг сөрөг хүчин нэртэй хэдэн олхиогүй намууд л бий болгосон.  

Бид 35 жил хувь хүмүүстэй тэмцэж жагслаа. Олон хувь хүмүүсийн засгийг огцруулсан. Гэхдээ Засгийн газар бүхэн зөвхөн төрийн оролцоог нэмэгдүүлдэг цор ганц л жанжин шугамын дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Ингээд буруу бодлого нь олон түмнийг бухимдуулна. Түүнд нь бухимдсан хүмүүсийн бухимдлыг дараа дараагийн улс төрчид нь цөөн хэдэн хувь хүмүүс рүү чиглүүлж, өөрсдөө дарга болж, албан тушаал авдаг. Тэгээд бас ижилхэн бодлого хэрэгжүүлдэг. Ардчилсан хувьсгалаас хойш л ингэж явлаа. Юу өөрчлөгдөв? Жагсаал дээр очиж лайв хийж хандалтаа нэмэгдүүлдэг наймаачид хүртэл байх жишээтэй. Сонгуулиар эдгээр намуудыг зайлуулж чадахгүй байж, жагсаалаар нэг хоёр хүнийг өөрчлөөд тайвширч болохгүй.

Яг үнэндээ Ж.Баярмаагийн хэлдэг үгийг хэн ч хэлчихнэ. Сөрөг хүчин өнөөдөр байхгүй учраас нэг хоёр хүн Л.Оюун-Эрдэнийг шүүмжлэнгүүт л ард түмний өмнө баатар болж хувирч байна

-Сөрөг хүчний ажлыг Ж.Баярмаа гишүүн ганцаараа шахуу хийлээ гэж их үнэлэгдээд байгаа дээр?

-Нэг, хоёр хүний бие даан хийдэг улс төр гэж байхгүй. Ж.Баярмаа гэдэг хүн яагаад ганцхан Л.Оюун-Эрдэнэтэй зууралдаад байгаа юм. Хамтарсан Засгийн газарт орох шийдвэр гаргасан намын даргатайгаа яагаад үзэхгүй байгаа юм. Өөрийнх нь байгуулалцсан засаг биз дээ. Монголчууд Ж.Баярмааг шүүмжлэхээр хүлээж авахгүй байх. Яг үнэндээ Ж.Баярмаагийн хэлдэг үгийг хэн ч хэлчихнэ. Сөрөг хүчин өнөөдөр байхгүй учраас нэг хоёр хүн Л.Оюун-Эрдэнийг шүүмжлэнгүүт л ард түмний өмнө баатар болж хувирч байна. Ард түмэн аргаа барчихсны шинж.

Аа, тэр хүмүүс үнэхээр сөрөг хүчин байж чадах уу гэвэл чадахгүй. Яагаад гэвэл сөрөг хүчин гэдэг бодлогыг сөрөх үйл ажиллагаа. Хувь хүнийг биш. Ж.Баярмаа гишүүн мега төсөл, баялгийн сан гэх мэтийг дэмжинэ гэж мэдэгдэл гаргасан байна билээ. Мөртлөө данхар төрийг жижиглэнэ гэх. Ярьж байгаа зүйлээ огт мэдэхгүй байна гэдгээ мэдэгдлээрээ нотолж байна. Ийм улстөрчдийг сөрөг хүчин гэж би л хувьдаа үзэхгүй.

Хамтарсан ЗГ-ын эсрэг биш хувь хүн рүү дайрахыг сөрөг хүчний үйл ажиллагаа гэхгүй, зүгээр л жүжиг. Үнэхээр сөрөг хүчин, ардын төлөөх тэмцэгч юм бол намынхаа удирдлагуудыг шүүмжлэхээс ажлаа эхэлнэ. Үнэндээ ингэх боломжгүй. Өөрөө бас л нам дотроо хэсэг хүний фракцад харьяалагддаг, тэдгээр фракцуудын хүчний тэнцвэр дээр л УИХ-ын гишүүн болох боломж нь нээгдсэн хүн.

Ер нь ижилхэн үзэл баримтлалтай намууд бие биедээ сөрөг хүчин хийх боломжгүй. Эрх ашгаараа л зөрчилддөггүй юм бол өөр юугаараа зөрөх вэ?  Ийм ч учраас хувь хүн рүү чиглэсэн хэрүүл хийнэ. Гэтэл бодлогын сөрөг хүчин, үзэл санааны сөрөг хүчний орон зай Монголд маш их үгүйлэгдэж байна. Үнэхээр Монголд энэ зүйл байхгүй учраас иргэд ч хүн бүхний дургүй Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцвэл баатар болгож шүтэх жишээтэй.

-Гэтэл парламентад барууны нам алга байна шүү дээ.  

-Байхгүй байна. Барууны үзэл баримтлалыг л би өнөөдөр ярих гэж оролдоод байна. Либертари нам бол МАН-аас гадна АН, ХҮН хоёрыг эсэргүүцнэ. Юуны өмнө жинхэнэ сөрөг хүчин гарч ирэх хэрэгтэй байна. Харин МАН бол анхнаасаа үзэл баримтлалаа зарлаад явж байгаа нам. АН, ХҮН хоёр бол жинхэнэ улс орныг хорлогч. Хувь хүний сайн мууг яриад юу ч өөрчлөгдөхгүй байна.

Бид анх барууны либертари үзлийг судалсан хэдэн залуус л байсан. ТББ-тай. Гэтэл ТББ-аараа олон нийтэд нэвтрэх боломжгүй юм билээ. Асуудал хувь хүнд биш үзэл санаанд бий гэдгийг ойлгуулах гэж л нам байгуулах дээр тогтсон. Түүнээс сайхан амьдруулна, гуравдагч хүчин болно энэ тэр гэхгүй. Гуравдагч хүчин гэж ер нь байхгүй. Эрх баригч ба сөрөг хүчин л гэж байх ёстой. Л.Оюун-Эрдэнийн эсрэг ялих шалихгүй үг хэлэнгүүт л ардын баатар болж байна гэхээр ойлгомжтой биз дээ. Хувь хүн рүү дайрдаг, бусдад таалагдах гэсэн хүмүүс л байдаг болчихлоо. Тэднийг сонголоо гэхэд дахиад л хулхидуулна шүү дээ. Хүний сайн мууд тулгуурлаж улс төр угаас явдаггүй учир тодорхой үзэл санаа, үнэт зүйлд тулгуурласан улс төрийн тогтолцоог хүмүүс цогцлоодог тухай бид мэдэхгүй байна.

-Либертари нам тэгвэл мега төсөл гэдгийг эсэргүүцэх нь ээ?

-Төр үйлдвэрлэлийн чиглэлийг тодорхойлох нь бүү хэл үйлдвэрлэлд хэрэгцээгүй зохицуулалт хийхийг ч баруун жигүүрийн үзэл санаа эсэргүүцдэг. Компаниуд өөрийнхөө хүмүүсийг төрд оруулж ирж, татвар төлөгчдийн мөнгөөр алдагдлаа үүрүүлж, ашиг олдог, ийм зорилгоор бүтээн байгуулалт ярьдаг, үүнийгээ зөвтгөхийн төлөө зүүний социалист үзэл санаа, активистуудыг санхүүжүүлдэг социал демократ загварыг либертаричууд сайшаадаггүй.

Хувийн хэвшил, баялаг бүтээгч нэрээр хүмүүсийн толгойг эргүүлдэг бусармаг хүмүүс чөлөөт зах зээлийн нэрийг бузарладаг учир бид эдгээр хүмүүст таатай ханддаггүй.

Төр нийгмийн нөөцийг удирдан чиглүүлж болохгүй. Ямар ч нийтийн эрх ашиг нэрээр цөөн хүмүүст асар их нөөцийг дахин хуваарилах эрх мэдэл олгож болохгүй. Энэ бол зарчмын асуудал. Социализмыг сайн хүн бүтээж чадна гэдэгт бид итгэдэггүй. Иймээс хувь хүнд чиглэх бус мега төсөл мэтийн радикал зүүний бодлогуудыг хэн хэрэгжүүлэхээс үл хамааран сөрөх ёстой.

Жагсаалаар далимдуулж нэр хүнд олох гээд нам доторх бүлэглэлүүдийн аль нэг талд нь тусалж тэнэгтэж болохгүй л дээ

-Өөр үзэл баримтлал ярихаар одоо хиамчин гэж талцдаг, ерөөсөө өөр юм ярьсан хүнийг шууд л хүрээллээс шахан гаргаж, нийтээр үзэн яддаг болоод байгааг юу гэж хардаг вэ?

-Фанатизм ш дээ. Аврагч эзэн хайгаад л манай, танай тал болчих юм. Намайг арай ч хиамчин гэхгүй байх. Би системийг хөндлөнгөөс харж ярьж байна. Аль нэг талыг баримтлагч биш. Хөгшчүүдийг “Хоёр кг махаар ирээдүйгээ худалдагсад” гэж доромжилсон байна лээ, Ц.Уянга гэдэг хүн. Өөрөө ч бас активист биз дээ. Тэр жагсаж болдог, бусад нь болдоггүй хэрэг үү. Нөгөө хөгшчүүд нь харин сурч боловсрох, юмыг ойлгох цаг үеэ өөр нийгмийн тогтолцоонд өнгөрүүлсэн тэс өөр ойлголттой гэдгийг нь бид огт харгалзаж үзэхгүй байж шууд доромжилж байна.

“Надад албан тушаал өгчихсөн бол энд ирэхгүй” гэж Ц.Уянга өөрөө ярина лээ. Өөрсдийгөө л зөв, бусдыг хиамчид, тролл гэдэг болчихсон. Энэ бол мугуйдлал. Энэ улс төрийн бүлгүүдийн аль аль талыг баримталж, өөр хоорондоо хэрэлддэг хүмүүс зөвхөн өөрсдийгөө үнэн шударга, хүний хайлан, бусдыг хүний адаг мэтээр тайлбарладаг. Гаргаж байгаа хандлагууд нь өөр хоорондоо ялгарах зүйлгүй. Бусдыг тролл, хиамчин гэж байгаа бол өөрөө хиамчин байх магадлал өндөр ч юм шиг.

Зөвхөн нэг намын, нэг улстөрчийн эсрэг ярих бол биш ээ. Шударга байя. Хамтарсан засагт багтчихсан намын гишүүн МАН-ыг хараах нь инээдтэй. Зөвхөн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг л буруутгаад, дараагийн хүмүүст боломж олгох гэж байгаа бол олон түмний дургүйцэл дээр оппортунитизм хийж байгаа ёс зүйгүй үйлдэл шд. Активист жагсаалчид бүгдээрээ л аль нэг талыг баримтлагчид. Ний нуугүй хэлэхэд жагсаалаар тэмцэл хийдэг цаг өнгөрсөн. Нэг хүн огцорлоо гээд юу өөрчлөгдөх юм. Нам нь цаанаа УИХ-д олонх  бүрдүүлчихээд байхад чинь. Байгаа бүх нам нь хоорондоо байнга хамтардаг болчихоод байхад. Бид сөрөг хүчин хийх гэж байгаа бол, нэг бүлэглэлтэй нийлж нөгөөгийн эсрэг явж болохгүй. Зорилго нь аргаа зөвтгөхгүй. Анхнаасаа хөндлөнгийн байр суурь ярих ёстой. Жагсаалаар далимдуулж нэр хүнд олох гээд нам доторх бүлэглэлүүдийн аль нэг талд нь тусалж тэнэгтэж болохгүй л дээ.

Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг шаардах эрх хүмүүст бий. Тэнд очсон залуусын олонхыг би хүндэтгэнэ. Гол нь хэзээ язааны жагсаалаар амьдраад сурчихсан хүмүүс тэнд очиж харагдахаар л дургүй хүрээд байна. Бид МАН, АН, ХҮН гурвыг яг нэг хэмжээнд авч үзэхгүй, нэгийг нь нөгөөгөөс илүүд үзэж байгаа тохиолдолд юу ч өөрчилж чадахгүй. Бид төрийн оролцоог нэмэгдүүлэхийг шаарддаг улс төрч бүхнийг Л.Оюун-Эрдэнийн хэмжээнд авч үздэг болсон цагт, социал демократ үзлийг нулимдаг болсон цагт байдал арай өөрчлөгдөх байх.

-Ингэхэд та болон танай хэсэг нөхдийн Либертари намаа бүртгүүлэх үйл хэрэг чинь юу болж байна?

-Улс төрийн намын хууль шинэчлэгдсэнтэй холбоотой бид бүртгэлийн үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэн. 14 хоног өнгөрсөн байна.  500 хүн цуглаж, гарын үсгээ зураад байна. Чамлахааргүй амжилт гэж би хувьдаа үзэж байна. УДШ-ээс нэрийн баталгаажуулалт авчихсан учраас тодорхой богино хугацаан дотор намыг үүсгэн байгуулах Их хурлаа хуралдуулна. Дахиад 300 гишүүн бидэнтэй нэгдэх шаардлага байгаа. Төлөвлөсөн хугацаанд болчих байх. Үүний дараа УДШ-д бүртгүүлэх хүсэлтээ өгнө. Энэ жилдээ багтааж намаа байгуулна гэдэгт итгэлтэй байна.

-Либертари гэдэг үзлээ яг товч тодорхой салгаж тайлбарлаач?

-Эдийн засгийн хувьд чөлөөт зах зээл, нийгэм соёлын хувьд консерватив үзэл баримтлалтай. Гадаад бодлогын хувьд төвийг сахина. Монголын эрх ашгийг нэгдүгээрт тавина. Маш товчоор хэлбэл ийм л үзэл баримтлалтай.

-Чөлөөт зах зээл гэдгийг хэлсэн бүр л мундаг харагддаг болчихсон өнөөгийн нийгэмд та нарын үзэл санаа холилдож бүдэгрээд байгаа юм биш үү?

-Буруугаар ойлгуулчихсан гээд бид чөлөөт зах зээлийг ярихгүй байж болохгүй биз дээ. Чөлөөт зах зээлийн үзэл санаа гэдэг нэг хоёр бизнесийн төлөө зүтгэх тухай яриа биш. Үүний ялгааг ойлгуулахын тулд чөлөөт зах зээлээ л ярина. Мөн барууны үзэл гэдэгт давхар нийгэм, соёлын асуудлыг хамарсан байр сууриуд бий. Монголд одоогоор эдгээр асуудлыг тодорхой хэлэлцэж эхлээгүй байх шиг. Гэхдээ удахгүй хэлэлцэж эхлэх нь тодорхой.

Өөрсдийн үндэстний онцлог ижилсэл, соёл уламжлал гэдэг юмаа хадгалж хамгаалж хойч үедээ үлдээнэ гэсэн үг. Бас эрх чөлөө, чөлөөт зах зээл гэдэг нь хүн бүр юу дуртайгаа хийж, дур зоргоороо аашилж, хариуцлагаас зугтах тухай ойлголт биш.

Үүнийг зөвөөр ойлгуулах ёстой. Хүйсээ солиод биеэ үнэлэхийг жишээлбэл дэмжээд явж байвал утгагүй. Нөгөөтээгүүр баруун, зүүний үзэл гэдэг нь ертөнцийн зүг чиг биш. Барууны гэхээр барууны улс орнуудын улстөрчдийг шүтнэ гэсэн үг биш. Өрнөдийг ч юм уу, Орос, Хятадыг онцгойлохгүй. Аль нэг талыг нь баримтлахгүй. Милей, Трамп, Германы АФД гэх намууд гарч ирж байна, эдгээр улс төрчид болон намууд баруун жигүүртээ багтдаг. Тэдний үзэл санаа, үйл хэргийг монголчуудад зөвөөр тайлбарлаж ойлгуулах шаардлагатай.

Олон жил тогтсон намууд ялгагдахаа байсан тул жижиг намууд баруун жигүүрийн үзэл санаанд тулгуурлан олны дэмжлэгийг татаж байна. Том намууд дандаа хүчтэй байна гэж үгүй. Тийм боломжгүй юм байна гэдгийг 20-р зууны олон том намууд Европт саяхан хүчээ алдсанаас олж харлаа. Олон нийтийн санаа бодол эргэчихээр ямар ч том эзэнт гүрэн нуран унадаг.

Нам гэдэг ойлголтын нэр хүнд даанч унасан байна л даа. Тэглээ гээд хаантай бололтой биш, хувьсгал хийлтэй биш. Өнөө үед нам болж л эрх ашгаа хамгаалахгүй бол өөр арга байхгүй шүү дээ. Том намуудын эсрэг сөрье гэвэл үзэл санаанд л тулгуурлана. Хувь хүний хэрүүл тэмцлээр хол явахгүй. Ямар ч бодит эерэг өөрчлөлтийг бий болгохгүй. Тийм учраас өнөөдөр хоорондоо ялгаатай юм шиг жүжгийг 30 гаруй жил тавьсан АН, МАН гэх өөр хоорондоо ялгарахгүй хоёр том намын гишүүд дэмжигчид муугийн эсрэг сайн тэмцлийг хийж байгаа мэт жүжиглэж, хүмүүсийг хуураад байгааг харахаар бухимдал төрөөд байна.

 

https://eguur.mn/597071/

 

Н.Хасар: Ерөнхий сайд солигдоод татвар, инфляц буурахгүй нь бодит үнэн. Иймд улс төрийн үзэл, үнэт зүйлд тулгуурласан соёлыг л бий болгох хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:35
Өчигдөр, 12:00
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани