Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Бадамсүрэн: “Энэ шинэ дарга чинь шөнө үйлдвэрээр явдаг сонин нөхөр байна” гэж ажилчид шуугьсан гэнэ билээ

Үнэн, худал нь мэдэгдэхгүй аар саар хэл үгний араас хөөцөлдөж явах зав үнэндээ алга

-Цахим орчин, олон нийтийн сүлжээгээр "Эрдэнэт үйлдвэр”-тэй, тантай холбоотой янз бүрийн яриа хөөрөө гардаг. Зарим нь ч гайхаж, цочирдмоор л харагдах юм. Харин та хэвлэл мэдээллээр явж байгаа зүйлд тэр бүр хариу өгөөд байгаа нь харагддаггүй?
-"Эрдэнэт үйлдвэр” нээлттэй болсон шүү дээ. Үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаа нь шилэн дансны цахим хуудсанд, худалдан авалтын үйл ажиллагаа нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системд ил тод, нээлттэй байна. Хүсвэл цаг нараа тохирч байгаад үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах боломж нээлттэй. "Эрдэнэт үйлдвэр”-т санаа зовохгүй байж болно доо. Бид 2019 онд үйлдвэрлэл, эдийн засгийн үр дүнгээр түүхэнд байгаагүй өндөр амжилт тогтоон, сайн ажилласан. Цаашдаа ч төр, засгийнхаа, ард түмнийхээ итгэл найдварыг дааж, олон жил сайн ажиллах боломж манай уурхайчид, баг хамт олонд бий. Цаг наргүй ажиллаж байгаа бидэнд энд тэнд ярьж буй үнэн, худал нь мэдэгдэхгүй аар саар хэл үгний араас хөөцөлдөж явах зав үнэндээ алга даа.

-Та тоохгүй байж болох ч хүмүүст асуулт үлдээд байгаа шүү дээ. Яг бидний ярилцаж буй энэ цаг үед олон нийтийн сүлжээгээр явж буй нэг баримтын талаар асуухаас аргагүй нь. Та 500 мянган ам.доллар, дэд захирал, хэлтсийн дарга нар чинь 100-400 мянган ам.долларын шагнал урамшуулал авсан гэх жагсаалтын талаар...
-Түүнд итгэх хүн байхгүй байлгүй. Тамга, тэмдэг ч үгүй, харваас хуурамч эд байгаа биз дээ. "Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагын нэрийг жагсааж байгаад санаанд оромгүй их мөнгөний тоо тавьчихсан тэр цаасны зургийг 2018 оны хавар олон нийтийн сүлжээнд тавьж байсан. Ор үндэсгүй худлаа зүйл болохоор бид ч тоогоогүй. Харин тухайн үед 49 хувийг эзэмшиж байсан "Монголын зэс корпорац”-ынхан нэг няцаалт хийгээд, чимээгүй болсон эд шүү дээ. Түүнийг л дахиж гаргаж ирээд байгаа харагдана билээ.

-Бас нэг сониуч асуулт байна. Таныг ажлаа авангуутаа үнэтэй машин, тансаг байр авсан гэж шуугьсан. Ялыг нь үүрвэл ямбыг нь эдэл гэж боддог хүн үү, та?
-"Монголросцветмет” нэгдэлд ажиллаж байхад уурхайнуудаа нэг удаа бүтэн тойроход 3000 орчим км явдаг байлаа. "Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд нэг дороо төвлөрсөн, өөрийн онцлогтой л доо. Гэхдээ л үйлдвэрийн бүх цех, обьектуудаараа нэг удаа бүрэн тойроход 500 орчим км явдаг. Бидний ажил төрлийн онцлогоос хамаараад Улаанбаатарт ажиллах цаг хугацаа багагүй шүү. Төр, засагтаа ажил төрлөө танилцуулна, зөвлөлдөнө, шаардлагатай тохиолдолд хурал зөвлөгөөнд оролцоно гээд ажил их бий. Би хүмүүсээ ажил төрлөөр хот хүрээ явахад нь шөнө орой явахгүй байхыг анхааруулж, захидаг юм. Гэхдээ өөр дээрээ тулахаар ажилдаа захирагдаад, цаг заваа хэмнэх гэж шөнө голдуу явж байна. Ийм нөхцөлд ажиллаж байгаа хүмүүст, тэр тусмаа над мэтийн цаг нартай уралдаж ажилладаг хүнд найдвартай унаа машин, хариуцлагатай жолооч л их чухал байдаг даа. Байр сууц, тавилганы тухайд худлаа юм их харагддаг шүү.

-"Эрдэнэт үйлдвэр” Монгол, Оросын хамтарсан аж ахуйн нэгж биш болсон. Гэтэл үйлдвэрийн дэргэд өнөө хүртэл орос сургууль, цэцэрлэг ажиллуулсаар буй нь таны оросуудад элэгтэйнх үү?
-Үйлдвэрийн дэргэд орос сургууль, цэцэрлэг ажилладаг. Тэнд хэдхэн орос, олонх нь монгол хүүхэд байдаг. Багш нар нь орос. Энэ бол манай үйлдвэрийн онцлог, цаашид үргэлжлэх ёстой зөв ажил гэж боддог. Орос сургууль, цэцэрлэг орос мэргэжилтнүүдэд гэхээсээ илүү монголчуудад хэрэгтэй. Манай уурхайчдын хүүхэд унаган орос хэлтэй болж, Оросын их, дээд сургуулиудад сурч байна. Гадаад хэлийг ийм түвшинд сурахад ямар төлбөр зардал гардаг билээ. Гэтэл манайд үнэ төлбөргүй. Монголчууд их туйлшрамтгай. Нэг хэсэг орос хэлийг овоо сурч байснаа зах зээлд шилжсэнээс хойш орос хэл хэрэггүй, англи хэл л сурах ёстой гэж бөөнөөрөө давхисан. Орос хэл дэлхийн том хэлнүүдийн нэг, үгүй ядаж хөрш гүрнийхээ хэлийг мэддэг байх хэрэгтэй гэж боддог хүн цөөхөн үлдсэн. Орос хэл англи хэлийг сурахад дөхөм болно уу гэхээс саад болохгүй.

ӨНӨӨГИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ОРДУУДЫН ХАЙГУУЛЫН АЖЛЫН ҮР ДҮН, ОРДУУДЫГ ХЭРХЭН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ АСУУДЛЫГ ЗАЛУУХАН ИНЖЕНЕР БАЙХДАА ХАРИУЦДАГ БАЙЛАА

-Тантай нэгэнт уулзсаных, Х.Бадамсүрэн гэдэг хүний талаар уншигчдадаа илүү ихийг хүргэмээр байна. Бага нас, нутаг усны тухай дурсамж үргэлж амттай, халуун дулаан байдаг шүү дээ?
-Би Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, хөдөө төрж, өссөн бусдынхаа л адил малын захад борви тэнийсэн. Сумын бага, дунд, аймгийн төвийн арван жилийн сургуульд сурч, сурагчдын дотуур байраар амьдарч, эрдэм номын захад хүрсэн. Гайгүй сурлагатай байсан болохоор гадаадад сурна гэдэгтээ итгэлтэй явдаг хүү байлаа. Аравдугаар анги төгсөх жил манай аймагт гадаадын 5-6 хуваарь ирснээс хамгийн түрүүнд ороод, сонгосон мэргэжил маань уул уурхайн инженер-маркшейдер. 

-Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Гадаадад сурна, тэгэхдээ нэг бол ЗХУ руу явж орос хэл сурна, эсвэл Герман явна гэж боддог байсан юм. Тэр жил Германы хуваарь ирээгүй, ЗХУ, Румын, Унгар зэрэг улсын цөөхөн хуваарь ирсэн болохоор тэдэн дундаас Зөвлөлтийг сонгосон нь тэр. Уул уурхайн талаар мэдлэг тааруухан, тэр тусмаа маркшейдер хүн юу хийдэг вэ гэдгийг огт мэдэхгүй. Ангийнхаа багштайгаа нийлж толь бичиг эргүүлж байгаад багцаагаар ойлгож, энэ мэргэжлийг сонгосон сон. Хувь заяа түшиж сонголт зөв байжээ. Миний хувьд төрийн бодлогоор бэлтгэгдсэн  боловсон хүчний л нэг. Сонгосон мэргэжлээрээ салбарынхаа хөгжил, дэвшлийн төлөө олон жил зүтгэж явна даа.

-Эрхүүгийн Политехникийн дээд сургууль төгсөж ирээд шууд яаманд ажилласан юм билээ. Тэр үед дөнгөж төгссөн залуу хөдөө томилогдохгүй, яаманд үлдэнэ гэдэг тийм ч олон хүнд олддог боломж биш байсан гэдэг. Танд энэ боломж хэрхэн олдож байв?
-Би уг нь "Эрдэнэт үйлдвэр”-т ажиллана гэсэн саналтай ирсэн. Гэтэл намайг явуулаагүй. 

-Залуус "Эрдэнэтийн овоо өнгөтэй байна” гэж дуулалдаад зорьж очдог байсан романтик үе?
-Тийм, дэврүүн мөрөөдлөөр, илтгээлт өвөрлөн очдог байсан үе. "Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтээн байгуулалт ид өрнөсөн, эхний ээлж нь  ашиглалтад орчихсон байсан. "Эрдэнэт үйлдвэр”-ийн анхны монгол захирлаар ажиллаж байсан Ш.Отгонбилэг бид хоёр нэг мэргэжлийнх, тэр надаас өмнө төгсөөд, Геологи, уул уурхайн яамны Уул уурхайн хэлтсийн дарга, салбарын ерөнхий инженер болчихсон байсан юм.
Ш.Отгонбилэг дарга тэр үед намайг хүлээн авч уулзаад яамны төв аппаратад ажиллах санал тавьсан юм. Түүний өмнө нь ажиллаж байсан ерөнхий маркшейдерийн орон тоо сул байсан. Харин би Эрдэнэт явах хүсэлтэй байгаагаа хэлж нэлээд яриа хөөрөө болсон юм даг. Манай эхнэр Рэнцэн-Амгалан Эрхүүгийн Анагаахын дээд сургууль төгссөн. Бид тэнд танилцаж, гэр бүл болсон хоёр. Манай хүнийг бас хотод, АУДС-д багшаар хуваарилсан. Гэр бүлийн хүн маань хотод үлдсэн болохоор би ч үлдсэн. Ингэж л манайх хотын айл болсон доо.

-Геологи, уул уурхайн салбарын ажил ид оргилж буцалж байсан жилүүдэд яаманд ажиллажээ. Тэр үед яамны ажил ямар байв?
-1980-аад он бол эрдэс баялгийн салбарын хөгжил дэвшил шинэ шатанд гарч байсан үе л дээ. Тэр үед өнөөгийн стратегийн ач холбогдолтой ордуудын хайгуулыг ид хийж байлаа. Зөвлөлтийн болон олон улсын геологийн экспедиц ажиллаж, гол гол ордуудын хайгуулыг Зөвлөлтийн геологичдын оролцоотой хийсэн. Тэдний хийсэн геологийн ажлын үр дүн, цаашид ордуудыг хэрхэн уурхай болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгийг миний ажиллаж байсан Уул уурхайн үйлдвэрийн хэлтсийн түвшинд ярьдаг байлаа. Би ерөнхий маркшейдерээр ажиллаж байгаад Уул уурхайн үйлдвэрийн хэлтсийн дарга бөгөөд салбарын ерөнхий инженер болсон юм.
Тэр үед яаманд залуу хүн цөөвтөр, ихэвчлэн 40-өөс дээш насныхан ажилладаг байж. Харин манай хэлтсийнхний олонх нь залуус. Ажлаа гялалзуулна. Социалист уралдаанд үргэлж л түрүүлдэг байлаа. Бидний ажлыг хагас жил тутам дүгнэдэг байсан. Жилийн эхний хагасыг нь наадмын өмнө, сүүлийн хагасыг шинэ жилийн үеэр дүгнэж, түрүүлсэн хэлтэс, хамт олныг 600-700 төгрөгөөр шагнадаг байлаа. Тэр үед бол их мөнгө шүү дээ. Нэг удаа шинэ жилээр шагналын мөнгөө аваад манай хэлтсийн залуус орос дэлгүүрээс бялуу авч, эхнэр, хүүхдүүдээ баярлуулж билээ. Сайхан хамт олон байсан даа.
Яаманд сайхан ч ажилласан, их ч туршлага, мэдлэг хуримтлуулсан. Томоохон ордуудын хайгуулын ажлын явцтай байнга танилцана, ер нь хөдөө гадаа их явна. Энэ нь дараа дараагийн ажлуудад, ялангуяа хамтарсан үйлдвэрүүдийг удирдахад их хэрэг болсон доо. УИХ-ын гишүүнээр ажиллахад ч тэр үед олсон ойлголт мэдлэг, дадлага туршлага их тус дэмтэй байсан.

2-3-ХАН ВАГОНЧИК, ГЭРТЭЙ АЖЛАА ЭХЭЛЖ БАЙХ ҮЕЭС НЬ БОР-ӨНДӨРИЙН УУРХАЙТАЙ ХОЛБОГДСОН

-Та яамны хэлтсийн дарга, салбарын ерөнхий инженер болчихсон хойноо Бор-Өндөр рүү явсан юм уу. Дөнгөж төгсөж ирсэн оюутан өөрөө Эрдэнэт явъя гээд байхад нь явуулаагүй байж салбарынхаа ерөнхий инженер болтол ажиллачихсан хүнийг яагаад хөдөө явуулчихдаг билээ?
-Би өөрөө санал гаргаж 1988 онд Бор-Өндөр явсан юм. Яамныхаа удирдлагад саналаа танилцуулахад нэг их дуртай хүлээж аваагүй юм даг. Гол хэлтсийг нь хариуцдаг байсан болохоор тэр биз.

-Та тийшээ яагаад явъя гэсэн юм бэ?
-Яаманд байхдаа үйлдвэр, уурхайнуудаар их явдаг байсан. Тэгж явахад үйлдвэрлэлийн ажил сайхан санагддаг байлаа. Хийж буй ажлын үр дүн тодорхой. Сар, улирал, жилээр ажлынх нь төлөвлөгөө хэр биелж байгааг харж, үр дүнгээ мэдрээд явах сайхан шүү дээ. Нөгөө талаас би эрдмийн ажил хийх гээд, түүндээ цаг зав гаргаж огт чадахгүй байсан юм. Яам хүн цөөвтөр, ачаалал ихтэй, цаг зав бага гардаг байсан. Ялангуяа намайг төгсөж ирсний дараах үе бол геологи, уул уурхайн салбарын ажил буцалж байсан он цаг. "Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет”-ийн үйлдвэрүүд, Багануурын уурхайн бүтээн байгуулалт гээд л. Яаманд ажиллаж байхдаа олж авсан санаа оноо, дадлага туршлагадаа үндэслэн эрдмийн ажлаа хийх, бодсон санасанаа үйлдвэрлэлд нэвтрүүлж, үр дүнг нь үзэх хүсэл маань намайг үйлдвэрлэл рүү хөтөлсөн дөө. 

-Бор-Өндөрийг сонгосон нь санамсаргүй хэрэг байгаагүй биз дээ?
-Бор-Өндөр миний амьдралтай хувь заяагаар холбогдсон чухал газруудын маань нэг. Би 1980 оны сүүлчээр Бор-Өндөрт анх томилолтоор очсон. Тэгэхэд 2-3 вагончик, мөн тэр тооны гэр л байсан. Уулын баяжуулах үйлдвэр барих гээд, ТЭЗҮ-ийг нь ЗХУ-д хийж байсан үе. Тэр ажилд яамны зүгээс би оролцсон. Зураг төсөл хийж буй хүмүүстэй яамаа төлөөлөн байнга явдаг байлаа. Өнөөгийн Бор-Өндөр сумын хилийн цэсийг тогтоох ажлыг инженер-маркшейдерын хувьд хийсэн. Дараа нь Бор-Өндөрийн бүтээн байгуулалт эхлэхээр болж, боловсон хүчин бэлтгэх асуудал яригдсан. Энэ үед Бүрэнцогтын гянт болдын уурхай хаагдаж таарсан. Бүрэн цогтод ажиллаж байсан уурхайчид, ажилчдыг Бор-Өндөрт шилжүүлэх ажлыг надад хариуцуулсан. Үндсэндээ тэд Бор-Өндөрт бараг бүгдээрээ шилжиж ирж ажилласан даа.
Бор-Өндөрийн үйлдвэрийн эхний ээлж 1982 онд ашиглалтад орсон. Тухайн үед ашиглалтад орж буй үйлдвэр, уурхайг хүлээж авахад Техникийн бэлэн байдал тодорхойлох комисс ажилладаг байв. Уг комиссын даргаар нь манай яамны орлогч сайд Д.Рэнчинханд гуай, нарийн бичгийн даргаар нь би ажилладаг, Бор-Өндөрт байнга ирж, очдог байлаа. Тэгж явахад техник технологийг нь сайжруулчих юм сан, өөрчилчих юм сан гэсэн янз бүрийн санаа төрнө. Түүнийгээ газар дээр нь ажил хэрэг болгох, Бор-Өндөрийн бүтээн байгуулалтыг дуусгах ажилд гар бие оролцох хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөж, нөгөө талаас эрдэм номын ажлаа ч хийе гээд ийм шийдвэр гаргасан. Миний саналыг яамны удирдлага маань нэлээд бодож, эргэцүүлж байгаад хүлээж авсан. Манай Д.Рэнчинханд гуай алсын хараатай, мундаг хүн шүү дээ.  "За Бадмаа минь, залуу хүн үйлдвэрлэлд ажиллая, эрдэм номын ажил хийе гэж байхад дэмжилгүй яах вэ. Шав тавихаас нь эхлээд Бор-Өндөрийн бүтээн байгуулалтын ажилд оролцсон хүн. Тиймээс явах чинь зөв” гээд явуулж байлаа.
Би тэнд үйлдвэрээ удирдахаас гадна Бор-Өндөр хот, Хэрлэн хорооны АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргын албыг давхар хашдаг байв. Тэгж байтал 1990 он гарч, хотын даргын ажлаа өгөөд, үйлдвэрээ удирдаад явсан. Бор-Өндөрт байхдаа АИХ-ын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хуулийг батлалцаж байлаа. Яриад байвал сайхан түүх их бий. 

-АНУ руу сургуульд явсан уул уурхайн инженерүүдийн анхных нь та юу?
-Бараг л тийм байх шүү. Намайг Бор-Өндөрт ажиллаж байх үед салбарын яамны бодлогоор инженерүүдийг Колорадод сургасан. Тэр инженерүүдийн зарим нь одоо ч "Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байгаа. Ер нь уул уурхайн салбарынхан хүмүүсээ сургаж бэлтгэх, дадлагажуулах, дэвшүүлж ажиллуулах асуудалд дээр үеэс сүрхий бодлоготой байснаа сүүл рүүгээ нэг хэсэг улстөржүүлсэн явдал бий. Үйлдвэр, аж ахуйн газрыг ер нь улстөржүүлж болохгүй. Үүнийг мэддэг, мэдэрсэн хүний хувьд, "Эрдэнэт үйлдвэр”-т томилогдож ирээд л улс төрөөс ангид байлгах бодлого, үйл ажиллагаа явуулж байна. Ингэж ажиллах боломжийг олгосон Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд манай уурхайчид, хамт олон талархалтай байдаг. Би үйлдвэр, аж ахуйн газрыг улстөржүүлдэг явдлыг эцэс төгсгөл болгох ёстой гэсэн хатуу бодолтой. Үүнийгээ өөрийн биеэр хэрэгжүүлэх гэж зүтгэж байна. Энэ бол амаргүй ажил. Аймаг, орон нутагт зарим хүндрэл бэрхшээл гарах л юм.

-Ямар хүндрэл бэрхшээл...?
-Миний хийж буй ажил, баримталж буй бодлого, зарчим хүн бүрт таалагдахгүй нь мэдээж. Миний шаардлага өндөр. Түүнд нийцэхгүй нөхдөд мэдээж таалагддаггүй байх. Би өөрөө хүнд таалагдах гэж ажил хийдэггүй. Сайн үр дүнгийн төлөө л ажилладаг. Үйлдвэрээ, улс орноо гэсэн сэтгэлтэй хүмүүст бол миний зарчим таалагдаж байгаа. Би барьж буй зарчмаа зөв гэж итгэж, хамт олондоо ч үүнийгээ байнга хэлдэг, ийм зарчимд нийцэж ажиллахыг шаарддаг, чиглүүлдэг. 

-Үйлдвэр, аж ахуйн газрыг улстөржүүлэх буруу гэдгийг мэдэрсэн гэж та юуг хэлж байна вэ?
-Үйлдвэрийн ажил яаж явж байгаагаас үл хамаарч, улс төрийн зорилгоор боловсон хүчнийг нь халж солих явдлыг бишгүй л харлаа. Түүнээс сайн үр дүн огт гараагүй. Инженер, мэргэжилтнүүдийг өөртөө итгэх итгэл, тэмүүлэлгүй болгож, мэргэжлээрээ ажиллах урам зоригийг нь мохоодог. Жам ёсоороо, ажил хэрэгч чанар, мэдлэг мэргэжлээрээ өсөж дэвжээд явах боломж нь хязгаарлагдаж, улс төрийн татаас, гүүр кранаар өргүүлсэн хүмүүс өмнүүр нь ороод байхаар инженерүүд үйлдвэрлэлээ сайн явуулъя, сайхан ажиллая, ахиж дэвшье гэхээсээ илүү "За яах вэ дээ, ингэсхийгээд л байж байя. Тэртэй, тэргүй аль нэг шахааны нөхөр ирэхээс хойш” гэсэн бодолтой болдог. Энэ нь мэргэжилдээ дурлаж, хийж буй ажлаараа омогшоод, итгэл дүүрэн урагшаа харж алхахад нь саад болдог. Эрдэнэтэд ирээд инженерүүдтэйгээ уулзаж байхад ийм л мэдрэмж надад төрсөн. Одоо бол өөр болсон, зөв голдиролдоо орсон. Энэ маань жишиг болоосой.

"МОНГОЛРОСЦВЕТМЕТ”-ИЙН УУРХАЙНУУДЫГ АЛДАГДАЛТАЙ ГЭЭД ХААХ ГЭЖ БАЙХАД АВЧ, ЖИЛ ГАРУЙН ДОТОР АШИГТАЙ АЖИЛЛУУЛЖ БАЙВ

-Таны хамгийн удаан ажилласан газар "Монголросцветмет” үү. Тэндхийн анхны монгол захирал байх аа?
-Тийм ээ. Би 12 жил ажилласан. "Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлын ажлыг 1994 онд хүлээж авахад тус нэгдлийн үйлдвэрлэл, санхүүгийн байдал тун хүндэрчихсэн байсан. Арваад үйлдвэрээс Бор-Өндөрөөс бусдыг нь, тухайлбал, Айраг, Өргөн, Хажуу-Улаан, Бэрхийн жоншны үйлдвэр, Толгойтын алтны үйлдвэрийг хаах дээрээ тулчихсан байв. Намайг захирлаар батлах Зөвлөлийн хурлыг Москвад хийх үеэр Оросын тал "Өөрийн чинь хийх анхны ажлын нэг бол алдагдалтай үйлдвэрүүдийг зогсоох явдал” гэж хэлдэг юм байна. Тэгэхэд нь "Үйлдвэр хаалгах гэж намайг томилж байгаа бол, уучлаарай, би наад ажлыг чинь хийхгүй” гэж хэдэрлэж байв. Тэр үед яамны орлогч сайд, Зөвлөлийн Монголын хэсгийн даргаар ажиллаж байсан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Амгалан гуай надтай хамт байж, ингэж хэлэхийг минь сонсож суусан.
Оросууд "Энэ үйлдвэрүүд алдагдалтай ажиллаж байгаа. Цаашид энэ хэвээрээ байвал хариуцлагыг нь хэн хүлээх юм бэ” гэхээр нь "Би хүлээнэ” гэж хэлээд, цаг хугацаатай үүрэг даалгавар авч байж билээ. Хоёр жилийн хугацаанд үйлдвэрүүдийг ашигтай болгоно гэж амлаад, жил гаруйн дотор ашигтай ажиллуулж чадсан. Тэгэхэд Зөвлөл намайг суудлын автомашин, хүссэн газартаа хувийн орон сууцтай болох эрхээр шагнасан. Тухайн үед би их баярлаж, урамшиж байсан ч шагналаа аваагүй. Хэдийгээр Зөвлөлийн шийдвэр гарсан ч шагналаа авахын тулд "Монросцветмет”-ийн захирлын хувьд би өөрөө гарын үсэг зурах болчихоод, эвгүй санагдаад тэр чигт нь орхичихсон юм.
Харин тухайн үед надтай гар нийлж хамтарч ажилласан үйлдвэрийн дарга нараа Улаанбаатарт байртай болгосон. Эргээд бодоход тэр тун зөв шийдвэр байсан. Байгууллагаас өгсөн тэр байранд зарим нь өөрсдөө, заримынх нь үр хүүхэд, бурхан болсон нэгнийх нь хань ижил амьдарч байгаа. Одоо тэдэнтэйгээ уулзахад нүүр бардам байдаг. Хамтарч ажиллаж байсан хүмүүс хөөрөх хуучтай, сэтгэл сайхан эргэж уулзах шиг таатай зүйл үгүй.

-Найдваргүй гээд хаах гэж байсан үйлдвэрүүдийг яаж ашигтай ажиллуулсан юм бэ?
-"Монголросцветмет”-ийг хориод жил орос хүн удирдсан, би анхны монгол ерөнхий захирал. Ажил аваад очиход хамт олон үнэхээр сайхан угтаж, хүлээж авсан. Тэр нь надад асар их урам зориг өгч билээ. Тэнд байдал хүнд байсан болохоор монгол хүн захирлаар томилогдлоо, энэ хүн нэг аварчихдаг юм биш байгаа гэсэн найдлага хүмүүст төрсөн байх.  Чөмгөө дундартал зүтгэнэ гэж байдаг бол би энэ үйлдвэр, хамт олны төлөө ёстой тэгж л ажилласан. 
Эрхэлсэн ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж, дурлаж байж үр дүнд хүрдэг шүү дээ. "Монголросцветмет” нэгдэлд гар нийлж хамтран ажилласан хамт олон үнэхээр сайхан хүмүүс байсан. Хамт олон гар нийлээд ажиллахад болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй юм билээ. Бид ер нь аливаа асуудалд эмх цэгцтэй хандаж, сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэж, эв нэгдэлийг хангаж ажиллах нь хамгийн чухал.

ХАМТАРСАН ҮЙЛДВЭРҮҮДЭД МОНГОЛЫН ЭЗЭМШИХ ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ЕРӨНХИЙ ЗАХИРЛААР МОНГОЛ ХҮН АЖИЛЛУУЛАХ САНААЧИЛГА ГАРГАН, ДЭМЖҮҮЛЖ БАЙЛАА

-Таныг Бор-Өндөрт ажиллаж байхдаа хамтарсан үйлдвэрүүдийн Монголын талын эзэмшлийн хувийг 51 хувь болгоход нэлээд үүрэгтэй оролцсон гэж сонссон юм байна?
-Бор-Өндөрт очоод удалгүй уурхайнхаа 10 жилийн ойг тэмдэглэсэн юм. Энэ үеэр "Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал” зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулсан. Зөвлөгөөнд салбарын яамны удирдлага, "Эрдэнэт үйлдвэр”-ээс эхлээд бүхий л уул уурхайн үйлдвэрийн захирлууд, салбарын мэргэжилтэн, инженерүүд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсон доо. Энэ зөвлөгөөнөөр зарчмын хэд хэдэн томоохон асуудлыг хэлэлцсэн. Зөвлөгөөнөөс газрын баялаг ашигласны төлбөрийг Монгол Улсад бий болгох, "Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмэт нэгдэл”-ийн талаарх Засгийн газар хоорондын 1973 оны хэлэлцээрийг өөрчилж, хоёр улсын Засгийн газар 50:50 хувь эзэмшиж байгааг 51:49 хувь болгох, эдгээр хамтарсан үйлдвэрүүдийн ерөнхий захирлаар монгол хүн байх зэрэг санал санаачлагыг гаргаж, төр засгийн удирдлагуудад танилцуулж, дэмжүүлсэн. Ийнхүү Монгол, Оросын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээр байгуулагдсанаар эдгээр асуудлууд баталгаажиж, хэрэгжсэн түүхтэй.

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг бас алдагдалтай байхад нь авч өөд нь татсан гэдэг. Яаж яваад Дарханы төмөрлөгтэй холбогдсон юм бэ?
-"Монголросцветмет”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан үе. 2001 онд "Эрдэнэт үйлдвэр” рүү ажлаар очих замдаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрээр орж, мэргэжил нэгтнүүдтэйгээ хэсэг хөөрөлдсөн юм. Үйлдвэрийн байдал амаргүй байгаа нь анзаарагдсан. Тэгээд Улаанбаатар руу буцах замдаа баахан бодлоо. Энэ үйлдвэрийг яагаад сайхан аваад явж болдоггүй юм бэ гэсэн бодол төрөв. Тэгээд салбарын яамны удирдлагад "Энэ үйлдвэрийг өөд нь татах ажлыг "Монголросцветмет”-д хариуцуулвал ямар вэ?” гэдэг саналаа хэлсэн. Манай яамныхан "Энэ нөхөр ийм шалдаа буучихсан үйлдвэрийн юуг нь сонирхоод байгаа юм бол” гэж гайхаж хүлээж авсан. Бүр "Тоглоод байгаа юм уу” гэж асуусан хүн ч бий. Ингээд тендер зарлаж, тендерт нь манай баг ялсан. Би дөрөвдүгээр сард санал тавьсан. Манайхны ажил яаж явдаг билээ дээ, тендер, бичиг цаас гэсээр арваннэгдүгээр сарын сүүлчээр хөхөө өвлийн хүйтэнд Төмөрлөгийн үйлдвэрийг хүлээж авсан. Байдал үнэхээр хүнд байлаа. Хүчин чадлын ашиглалт нь 10 хүрэхгүй хувьтай, гурван тэрбум төгрөгийн алдагдалтай, улс, орон нутгийн төсөвт юу ч өгдөггүй, арван тэрбум давсан өртэй байсан санагдаж байна.

-Тийм үйлдвэрийг та яагаад авъя гэж бодсон юм бэ?
-Намайг Геологи, уул уурхайн яаманд байхад л хар төмөрлөгийн үйлдвэр барина гэж ярьдаг байсан юм. Яам энэ ажлыг бодлогын түвшинд хөөцөлдсөөр Японы техникийн туслалцаагаар бүтээн байгуулалт хийгдсэн юм. Энэ үйлдвэрийг барих ажлыг манай хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Ганжууржав гуай хариуцаж байсан. Монголын хүнд үйлдвэрийн эхлэл болох, жилд 100 мянган тонн хаягдал төмөр хайлуулж, тэр хэмжээний бүтээгдэхүүн гаргах үйлдвэртэй боллоо, нөгөө талаас Монгол, Японы хамтын ажиллагааны гол гүүр болох үйлдвэр байгуулагдлаа гэж их өөдрөг байсан юм. Гэтэл багагүй хугацаанд ажиллачихаад энэ үйлдвэрээ олигтой авч явж чадахгүй байгаа улс яаж томоохон хэмжээний хүнд үйлдвэр хөгжүүлж, хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргах билээ гэсэн эмзэглэл байсан. Мэргэжлийн "өвчин” л юм даа. Тэгээд л "Үзээд алдъя” гэж шийдэж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн менежментийг авсан. Анх ажилтай нь танилцахдаа шөнө очсон. Тэр үед "Энэ шинэ дарга чинь шөнө үйлдвэрээр явдаг сонин нөхөр байна” гэж ажилчид их шуугьсан гэнэ билээ. Үйлдвэрийн дарга хүнийхээ хувьд гүндүүгүй, сайхан хүн байсан. Гэвч үйлдвэрийн байдал бол хэцүүхэн санагдсан. Тэр үед өвлийн хүйтэн эхэлж байсныг ч хэлэх үү, салхи хүүгээд, тоног төхөөрөмж нь хэзээ хөлдчих бол гэж яс хавталзмаар. Тэгээд даргыг нь аргагүйн эрхэнд солих шийдвэрт хүрсэн дээ. 
Хоёр жилийн хугацаанд хүчин чадлын ашиглалтыг 60-70 хувьд хүргэж, ашигтай ажиллуулсан. Гурван тэрбум орчим төгрөгийн алдагдалтай байсныг эсрэгээр нь энэ хэмжээний ашигтай болгосон. Өр, авлагын асуудлыг шийдсэн. "Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтарч ажиллан, ган бөөрөнцгийн бэлдэц хийдэг болсон. Энэ цаг үед манай менежментийн баг үнэхээр шуурхай, бүтээлчээр ажиллаж байсан шүү. Ингээд Дарханы төмөрлөгийн үйлдвэр нэг хэсэг мандсан даа. Тэр үед баг болж, хамтарч ажилласан нөхдөдөө, мэргэжлийн хамт олондоо одоо ч талархалтай явдаг. 
Ер нь ажил сайжраад ирэхээр л хүмүүсийн сонирхлыг татаж, улстөржилт эхэлдэг. "Монголросцветмет”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ийм л замаар явсан. Ашиг орлого сайтай, ажил нь сайн байхад "дурласан” хүмүүс бол үйлдвэрлэлд, үйлдвэрийн үр ашигт, хамгийн гол нь тэнд ажиллаж буй хамт олонд сайн зүйл авчирдаггүй.

"ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИ БАЙГУУЛАХ САНАЛАА ЗАСГИЙН ГАЗРААР ДЭМЖҮҮЛЖ, ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙН ОРДЫГ ХӨДӨЛГӨХ ЗАРЧИМ, БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ АЖЛЫГ АХАЛСАН

-Хувь хүний тань намтар түүхийг яриулъя гэтэл дахиад л баахан уул уурхайн тухай яриа болчихлоо. Та яалт ч үгүй уул уурхайн хүн юм байна?
-Би бол уурхайчин, инженер хүн. Ажил, мэргэжилдээ хөтлөгдөж, хийсэн ажлынхаа үр дүнд урамшиж, хөглөгдөж явна даа.

-УИХ-ын гишүүнээр ажилласан тухай тань асуухаар мөн л уул уурхайтай холбогдоно доо. Стратегийн ач холбогдолтой ордууд, ялангуяа Оюутолгой, Тавантолгойн ордыг хөдөлгөх зарчим, бодлогыг тодорхойлох ажлыг та гардаж байсан шүү дээ?
-Монгол Улсад стратегийн ач холбогдолтой ордууд, том үйлдвэрүүдийнхээ менежментийг авч явах төрийн өмчийн оролцоотой компани хэрэгтэй талаар саналаа боловсруулан тухайн үеийн Засгийн газарт танилцуулж, уг асуудал дэмжигдсэнээр "Эрдэнэс Монгол” ХХК байгуулагдсан түүхтэй. "Эрдэнэс Монгол” компани маань дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, улсынхаа нэр төрийг авч явах компани болоосой гэсэн сэтгэл өвөрлөж ийм санал гаргаж байлаа.
Улс орны хөгжил дэвшлийг шийдэх стратегийн ач холбогдолтой ордууд, тухайлбал, Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал 2000-аад оны эхнээс ид яригдаж эхэлсэн шүү дээ. Тэдгээрийг тойрсон маргаан их, хүмүүс байр суурийн зөрүүтэй байсан цаг үе. Эдгээр ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр дүнд хүргэхэд мэргэжлийн хүний хувьд бодитой хувь нэмэр оруулах сэтгэл өвөрлөж би УИХ-д нэр дэвшсэн. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа энэ хоёр ордын талаар монголчууд бид үнэн зөв мэдээлэл, цэгцтэй ойлголт, нэгдсэн байр суурьтай болох явдлыг чухалчилж байсан. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуай захирамж гаргаж, 30 гаруй гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг би ахалж ажилласан юм. Тэр үед, ажлын хэсгийн гишүүн бүр сэтгэл гаргаж ажилласан гэдгийг онцолмоор байна.
Ажлын хэсгийн гишүүд ажил, мэргэжил, дадлага туршлагын хувьд өөр өөр, үзсэн дуулсан зүйлийн хувьд ч өргөн цар хүрээтэй байсан. Бид хамтарч ажиллаад ямартаа ч УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57, 2010 оны 39-р тогтоолуудыг батлуулж чадсан юм. Уг нь эдгээр тогтоолоор стратегийн авч холбогдолтой энэ хоёр том ордыг ашиглах асуудлыг, зөв эхлүүлэх зам мөрийг тавьж өгсөн гэж ойлгодог. Тэр ч хэрээрээ нэлээд ханатай, зөв зүйтэй тогтоол, шийдвэрүүд гарсан гэж боддог. Эдгээрийг цаг алдалгүй хэрэгжүүлсэн бол байдал өнөөгийнхөөс шал өөр байх байлаа.
Аль 2008 онд л дэд бүтцийн ажлыг эхлүүлэх ёстой гэж тогтоол, шийдвэрт тусгасан байтал өнөө хүртэл "Оюутолгой”-г импортын эрчим хүчээр хангаж байна шүү дээ. Гэтэл хажууханд нь Тавантолгойн ордын эрчим хүчний нүүрсийг борлуулж чадахгүй суугаа. Яг өнөөдөр гэхэд л коронавирус гээд нүүрсээ гаргаж чадахгүйд хүрч байна. Ер нь Оюутолгой, Тавантолгойн ордыг цогцоор нь авч үзэх зайлшгүй шаардлагатай байсан. Гэвч тэгээгүй. Энэ гурван тогтоол гарсан дундаж хугацаагаар бодоход түүнээс хойш 10 жил өнгөрч. Арван жилд юу өөрчлөгдөж вэ гээд харахаар харамсалтай дүр зураг харагддаг. Эрчим хүч, төмөр зам, автозам гээд дэд бүтцийн гол асуудлуудаа орхигдуулсан. Том төслүүдийн бүтээн байгуулалтын ажил нь хэлтэй амтай явж байгаа ч үйлдвэрлэл нь жигдрээгүй, үр ашиг нь монголчуудын хүсэж хүлээсэн үр дүнд хүрээгүй байна. Үүнийг хурдан засаж залруулах хэрэгтэй. Цаг хугацаа алдана гэдэг бол эцсийн дүнд бүс нутаг, улс орны хөгжил дэвшлийг урагшлуулах боломжоо алдаж буй хэрэг.

-Энэ цагт "Оюутолгой”-г шалгасан ажлын хэсгийн гишүүдэд компаниас авлига өгсөн, нөлөөлөх гэж оролдсон гэсэн яриа их гарах юм. Харин тэр үед ямар нэг байдлаар нөлөөлөх гэсэн оролдлого гарч байсан болов уу?
-Надад тийм зүйл мэдрэгдээгүй, тийм зүйл огт байгаагүй. УИХ-ын гол ажлын хэсгийг ахалж байсны хувьд би үүнийг сайн мэдэж байна. Ажлын хэсэгт орсон гишүүд ч хоёр том төслийг явуулахын төлөө, тэр тусмаа зөв явуулахын төлөө байсан шүү. 

-Та Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг харьцангуй залуудаа хүртсэн юм билээ.  Зарлигт нь юу гэсэн байдгийг санадаг уу?
-Яамны хэлтсийн дарга, уул уурхайн салбарын ерөнхий инженер, Бор-Өндөрийн дарга, "Монголросцветмет”-ийн анхны монгол ерөнхий захирлаар томилогдохдоо ч тухайн үедээ харьцангуй залууд тооцогдож байсан. 1996 онд 40 нас шүргэж байхдаа Монгол төрийнхөө хайр хишгийг хүртэж, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болж билээ. Эрдэс баялгийн салбарын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, "Монголросцветмет” нэгдлийг амаргүй цаг үед үр дүнтэй удирдсаныг төр засаг маань үнэлсэн гэж боддог.

-Таныг хэдэн жилийн өмнө "Монголросцветмет”-ийн, одоо "Эрдэнэт үйлдвэр”-ийн Х.Бадамсүрэн л гэж мэдэхээс ажлыг ингэж гялалзуулж явсан хүн гэж мэддэггүй байжээ. Одоо ч ажлаа гялалзуулсаар яваа таны ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Үндэсний шуудан
Х.Бадамсүрэн: “Энэ шинэ дарга чинь шөнө үйлдвэрээр явдаг сонин нөхөр байна” гэж ажилчид шуугьсан гэнэ билээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 16:43
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

Өнөөдөр, 12:22
Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

 Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт ...

Өнөөдөр, 11:10
ЭТТ мэдэгдэл гаргав

 Ойрын өдрүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-г уурхайн ам нөхцөлөөр нүүрс ...

Өнөөдөр, 10:52
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

Өчигдөр, 12:01
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани