- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй
УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод зөрчил нүүрсний хулгайтай холбоотой юу?” илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Өнөөдөр улстөр хямраад, парламентын хямрал үүсчихсэн сонин нөхцөл байдалтай байгаа. Энэ бол миний харж байгаагаар намын дотоод эрх ашгийн төлөөх тэмцэл явсаар байгаад парламент руу орж ирээд, хөл толгой нь олдохгүй, Үндсэн хуулийн зөрчилтэй байж болзошгүй шийдвэрүүд гараад явж байна. Энэ асуудал намаас эхлэлтэй. Нам дээрээ очиж дуусна.
Нам бол эрх ашгийн бүлэглэлийн хэлбэрт орчихсон.Эрх ашиг, бүлэглэлийн хамгийн том нөлөөлөл, хүчин зүйл нь орлого. Орлого нүүрснээс орж ирж байгаа. Нүүрс болоод улстөрийн намын хоорондын мөнгөний оролцоог холдуулах юм бол намууд цэвэршиж, парламент тогтвортой болно.
Үл ойлгогдох, хэцүү төвөгтэй улстөрийн процессийн шийдэл нь явж явж энгийн хар нүүрсэн дээр очих болоод, тэр нүүрсийг хэн эзэмшиж байгаа юм, уурхайг хэн ажиллуулж, олох ашгийг хэн хувиарлаж, удирдлагыг хэн томилж байгаагаас монголын улстөрийн намуудын төлөвшил хамаарна. Намын төлөвшлөөс парламент тогтвортой болно. Улстөрийн нарийн асуудлууд мэдээж байгаа. Гэхдээ миний харж байгаа өөр өнцөг бол энэ удаагийнх шиг хямралууд олон дахин давтагдана. Монгол улс үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр холимог тогтолцоотой парламенттай болсон. Тийм учраас цаашдаа нэг нам хэт давамгайлж, өөрийн үзэмжээр шийддэг үе өнгөрсөн. Ийм тохиолдлууд цаашдаа зөндөө гарна. Үүнийг энэ жил нэлээн хүнд байдлаар сургуулилт хийж байна. Цаашдаа ийм байдал нь төрөө нурааж ч болно. Төрийн өмчийн компанийг намаас холдуулж засаглалыг өөрчлөхгүй бол энэ зовлонгоосоо ангижрахгүй гэдэг локигоор улстөр, нам болоод нүүрсний уурхай 3 хоорондоо хамааралтай гэдэг утгаар мэдээлэл өгөх гэж зорьсон юм. Хоёрдугаарт нэгнийгээ зөвтгөсөн, буруутгасан, ялласан маш олон мэдээлэл явж байна. Энэ улстөржилт дунд иргэд болоод УИХ-ын гишүүд ч тэр хоёр алхам хойшлоод эрүүлээр хармаар байна.
Хэн нэгэн рүү дайрах цаг хугацаа байж болно. Гэхдээ одоо биш. Одоо аль нэг талд орохгүйгээр нүүрс гэж юу юм? Яагаад чухал юм бэ? Яагаад шороо болохгүй юм? Монголчууд хэрхэн илүү үр ашиг хүртэх вэ? Намыг яагаад нүүрснээс холдуулах вэ? гэдэг мэдээллийг та бүхэнтэй хуваалцаж байна.
Нүүрс янз бүр байдаг. Хөөдөг нүүрс байдаг. Талханд исгэгч хийхгүй зуураад болговол хатаж хорчийгоод хатуу гурил болно. Ямар нэгэн нэмэлт хийж байж талх хөөдөг. Үүнтэй адилхан хөөдөг нүүрс гэж бий. Хөөдөг нүүрсийг коксжих нүүрс гэж нэрлэдэг. Хөөдөг нүүрс ховор байдаг. Хэр хэмжээнд хөөх вэ? Бүрэн хөөх үү, дутуу хөөх үү, эсвэл бүр хөөдөггүй юу? Ийм 3 төрлийн нүүрс тавантолгой дээр бий. Коксждог, сул коксждог, коксждоггүй. Нүүрс шороо болохгүй. Яагаад гэвэл гангийн үйлдвэр, барилга, автомашины үйлдвэр, металь хийц, химийн үйлдвэр, эрчим хүч бүгд нүүрсэн дээр тулгуурлаж байгаа. Ялангуяа коксжих нүүрс ховор учраас үнс болохгүй. 2020 оноос 2025 он хүртэл 5 жил дарааллан дэлхийн нүүрсний хэрэглээ, үйлдвэрлэл өссөн. Жил бүр түүхэн дээд хэмжээндээ хүрч байгаа. Өнгөрсөн жил дэлхийн хэмжээний хэрэглээ 8.8 тэрбум тонн болсон. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаас үүдсэн нүүрсний хэрэглээг бууруулах шаардлага байгаа. Хүн төрөлхтөн зорилго тавьчихсан ч амьдрал өөр байгаад байдаг. Сайн зорилгодоо харамсалтай нь хүрч чадахгүй байгаа. Хүрвэл мэдээж сайн. 8 тэрбум тонн гэдэг бол монголоос тасарчихсан том тоо. Нүүрсний хэрэглээ өсч байгааг зөвтгөж байгаа юм биш. Амьдрал ийм л байна. Нүүрсний хэрэглээ нэмэгдэнэ. Алга болох боломжгүй.
Энэ том аж үйлдвэр нэг өдрийн дотор солигдохгүй. 8.8 тэрбум тонн ирэх жил 9 тэрбум тонн болно. Бидний ойлгож авах зүйл бол манай нүүрс шороо болохгүй. Үүний талыг нь БНХАУ хэрэглэдэг. Дэлхийн тал нь Монгол улсын хилийн урд байна. Хамгийн том хэрэглээ нь. Тэгэхээр манай нүүрс шороо болохгүй.
Дэлхийн тал буюу 4.5 тэрбум тонн хэрэглээний 1 хувийн хэлбэлзэл дээр бид маш том тоглолт хийж болно. 1 хувийн, 5 хувийн хэлбэлзэл үргэлж байна. Өөрөөр хэлбэл зах зээл дандаа байгаа. Бидний хувьд яаж ухаалаг тоглох вэ гэдэг нь л чухал. Гэтэл нүүрс удахгүй хэрэггүй болох гээд байна, үнэ нь хамаагүй, хямд боловч ихээр заръя, биржээр зардаггүй юм гэдэг өгүүлбэрийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, УИХ-ын чуулганы идэр дээр 2024 оны намар маш их ярьсан. Үүнийг би том гэрээ байгуулахын өмнө урьтал болгож ойлголтын пи арын дэвсгэр болгосон гэж бодож байгаа. Нүүрсийг биржээр зардаг. Англи, Европ, Орос, Хятадын, Нью-Йоркын биржүүд дээр нүүрс зардаг. Нүүрсийг биржээр зардаггүй гэдэг бол худлаа. 2024 оны 12-р сарын 27-нд “Чайна Энержи”-н гэрээ хэлэлцэж байх үед УИХ-ын чуулган дээр цаг аваад би энэ танилцуулгыг уншиж өгсөн юм. Тийм учраас нүүрсийг биржээр зардаг. Дараа нь оффтейк гэрээ гэж зүйл байна. Урт хугацааны том гэрээ гэж бий. Ийм 3 зүйл байна. Оффтейк гэдэг нь надад мөнгө байхгүй, та миний ажлыг хийгээд өг. Дараа нь нүүрсээр төлбөрөө төлнө гэдэг л гэрээ шүү дээ. Урьдчилж мөнгөө авч ажлаа хийлгэнэ. Дараа нь нүүрсээр төлбөрөө төлнө. Нэг төрлийн бартер. Оффтейк гэрээнүүд ил болсон. Төмөр замын үндсэн 2 оффтейк гэрээ 2 жилийн өмнө ил болсон. Түүнийг гүйцэтгэж байгаа туслах гэрээнүүд нь саяхан ил болсон. Тэр олон гэрээний дийлэнх нь Бодь байна гэсэн. Мөн Эрдэнэс тавантолгой дээр 10 сая тоннын хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барьсан. Үүнийг барьсан БНХАУ-ын Норинко компани төлбөртөө 2.5 сая тонн нүүрс худалдаж авах гэрээ байгуулсан.
Энэ оффтейк гэрээ сая ил болсон. Эрдэнэс тавантолгойн веб сайт руу ороод харах юм бол байгаа. Энэтхэгийн зээлээр баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр рүү Тамсагийн талбайгаас газрын тосоо дамжуулах хоолой барьсан. Үүнийг мөн л БНХАУ-ын Норинко компани 3.5 сая тонн нүүрс аваад барьж өгсөн.
Дараа нь бидэнд урт хугацааны, тогтвортой гэдэг том гэрээнүүд байна. Энэ гэрээнүүд ил гараагүй, хаалттай байгаа. Эдгээр гэрээний дүн нь биржүүдийн дүнгээс, оффтейк гэрээний дүнгүүдээс хамаагүй их. Хэдэн арван сая тоннын том гэрээнүүд хаалттай байна. Нээлттэй болгох гэхээр худалдан авагч БНХАУ-ын талаас зөвшөөрөл авах ёстой гэж тайлбарладаг. Үндсэндээ өнөөдрийн монголын улстөрийн нөхцөл байдал ч, энэ салбар нээлттэй болох цаг нь болсон гэдэг үндэслэл гаргаад, албан ёсоор БНХАУ-ын талд компани хооронд тавина уу, гадаад харилцаагаар ч юм уу хүсэлт гаргаад нээх цаг нь болсон гэж би үзэж байгаа. Үүнд нуух юм байхгүй. Нууцаар тоглолт хийнэ, дэлхийн зах зээлийн үнэд монгол нөлөөлнө гэдэг зүйл байж болохгүй. Учир нь БНХАУ бол их гүрэн, тэнцвэржүүлэгч. БНХАУ хөршүүдтэйгээ өргөн цар хүрээгээр, хүртээмжтэй, жижиг тоглогчиддоо ашигтайгаар хөгжих шинэ үеийн их гүрэн гэдэг нэр томъёог гаргаж ирсэн. Тэр бодлогын хүрээнд ч нууж хаах юм байхгүй. Чалко компани Зүүн цанхийн нэг хэсгийн олборлотын 60 хувийг, жилд ойролцоогоор 10 сая тонн нүүрс авах гэрээ. E-commerce буюу хуучин Wans Way гэж байсан компани 15 сая тонн нүүрс авах гэрээтэй, гэхдээ удахгүй дуусах гэж байгаа. Дараагийнх нь Жай Ёо гэж компани 15 сая тонн нүүрсний гэрээтэй. Ер нь дуусаж байгаа. Нөгөө оффтейкээр үйлдвэр, хоолой барьсан Норинко 15 сая тонн нүүрс худалдан авах гэрээтэй. Дийлэнх нүүрсээ нийлүүлсэн, удахгүй дуусах гэж байгаа. Энэ 4 дээр сая “Чайна Энержи” нэмэгдэж орж ирсэн. 2030 он хүртэл жилд дунджаар 5 сая тонн нүүрс авах гэрээтэй. 2030 оноос хойш жил бүр 20 сая тонн нүүрс авна. Нийтдээ 16 жилийн турш 247 сая тонн гэж улстөрчид хэвлэлээр ярьсан шүү дээ. Энэ гэрээнүүд нээгээгүй, хаалттай байгаа шүү.
Нэгдүгээрт, биржийн худалдаа. Богино эргэлттэй. Үнэ харьцангуй өндөр.
Хоёрдугаарт, урт хугацааны том гэрээ. Энэ гэрээний давуу тал нь тогтвортой,хөрөнгө оруулалт төлөвлөж болно. Хямралын үед хэрэгтэй. Зах зээл байхгүй үед улсын том компаниуд нь ядаж аваад байна. Бирж бол гоё өндөр үнэтэй явж байгаад хямрал гарвал зогсчихно. Өнгөрсөн жил хямрал гараад биржийн худалдаа зогссон үед бирж ажиллахгүй байгаа биз дээ, харсан уу гэж хүмүүс ярьсан. Одоо буцаад ажиллаад эхэлсэн.
Гуравдугаарт, оффтейк бол бүтээн байгуулалтанд хэрэгтэй. Юм бүтээмээр байгад, мөнгөгүй учраас нүүрсээр төлчихнө гэдэг. Агуулгаараа эдгээр гэрээнүүд аль аль нь байж болно. Холимог байдлаар л явдаг. Дэлхийд ийм л байгаа. Гэхдээ ямар харьцаагаар, ямар үнээр байх вэ, нууц байх уу, ил байх уу гэдэг нь бидэнд хамгийн чухал.
Тэгвэл оффтейк гэрээний үнэ хэд байгаа юм бэ? Үүнд би гэрээний нууцтай холбоотой асуудлыг ярихгүй. Гэхдээ нийтэд ил болсон мэдээллийг хуваалцана. Норинко нь гэрээнд дурдсанаар 2022 оны 2-р улирлын суурь үнийг 113 доллараар тооцсон байгаа. Уурхайн аман дээр 113 доллар. 2019 онд бүр хямд буюу 60 доллар орчим байсан. Одоо буцаад буурчихсан байгаа. Сошиалд ярьснаар бол уурхайн аман дээр 1 тонн нүүрс 55 доллар байх шиг байна. Дараагийн улирлын үнийг тооцохдоо өмнөх улиралд БНХАУ-ын 3, олон улсын 2, нийт 5 эх үүсвэрийн мэдээг аваад, дундажлана. Гэхдээ 70 хувь нь монголын нүүрснээс хамаарна. Монголтой ойрхон учраас манай нүүрс хямд үнээр, ихээр ороод байх юм бол үнэ бага хэмжээгээр буурна. Өөрөөр хэлбэл бид нүүрсээ их хэмжээгээр үнээ бууруулаад бавал өөрсдийнхөө үнийн индексийг бууруулаад манай үнэ багасах боломжтой. Ойролцоолохгүй бол цэг таслалаар нь хэлэх боломжгүй. Гэрээний үнэ улирал бүр өөрчлөгдөж байгаа. Эхлээд шууд хэлэхэд нүүрсийг биржээр зардаг, биржээр зарах нь ашигтай.
Жишээ нь, одоо хөрөнгийн биржээр ороод харахад коксжих нүүрс 1 тонн нь 100 доллар байгаа. Тэгвэл уурхайн аман дээр 60 доллар гэе. Бодит байдлаас нэг их зөрөхгүй байх. Үүн дээр тээвэр 20 доллар нэмбэл 80 болно. Монголын тээвэрчид ойролцоогоор 10 доллараар тээвэр хийдэг, тэр нь ашиггүй.
Анх хэлэлцээр хийж, тооцолол хийхдээ БНХАУ-ын тал 25 доллараар тооцож байсан. Ингэхээр 20 долларын зөрүү гарч байна. 1 сая тонн нүүрснээс 20 сая доллар, 10 сая тонн нүүрснээс 200 сая доллар. Гэхдээ хэлбэлзэнэ. Нүүрсни үнэ унаад байвал зөрүү багасна. Үнэ нэмэгдэх юм бол магадгүй ихсэх байх. Тогтмол тооцож болохгүй. Хямдруулсан үнэтэй, урт хугацааны том гэрээг хязгаарлах хэрэгтэй. Байх хэрэгтэй, гэхдээ хязгаарлах ёстой. Энэ оны 10-р сар буюу одоогийн байдлаар Эрдэнэс тавантолгой 21 сая тонн нүүрс экспортлосон байна. Үүнээс 16.6 сая тонн нь том гэрээгээр, 4.4 сая тонн нь биржээр буюу бараг 80 хувь нь том гэрээ, 20 хувь нь биржээр зарагдсан байна. Биржээр зарах ашигтай ч биржээр зарж байгаа хэмжээ нь 20 хувь байна. Үүнийг нэмэгдүүлж, ядаж 50, 50 хувь болгомоор байна. Тогтвортой, хямдралтайгаар том компаниуддаа өгье. Олон улсын харилцаа, тогтвортой байдал хэрэгтэй. Гэхдээ бирж ажиллах ёстой. Биржээр зарагдсан 4.4 сая тонн нүүрсний 300 мянга гаруй тонн нь л коксжих нүүрс байна. 90 хувь нь коксждоггүй, сул коксждог нүүрс. Бирж дээр сайн нүүрс орж ирэхгүй байна. Учир нь том худалдан авагчид бүх сайн нүүрсийг сорчлоод аваад явчихдаг. Бирж дээр коксжих нүүрсийг оруулах хэрэгтэй. Хэрэв бирж дээр сайн нүүрс орж ирвэл биржээр худалдан авах сонирхол нэмэгдэнэ. Биржийн худалдаа өснө. Биржийн худалдааг 50 хувьд хүргэхийн тулд сайн нүүрс оруулж ирэх хэрэгтэй. Сайн нүүрс оруулж ирэхийн тулд том гэрээнүүдээ хязгаарла. Одоо хугацаа нь дуусч байгаа гэрэнүүдээ дуусга. Тодорхой хугацаанд дахиж битгий гэрээ байгуул. Тэгвэл бирж рүү сайн нүүрс орж ирнэ. Нийт үнийн дүн өснө. Үнэ өсөхгүй бол бид үнэгүй ажил хийж яах юм? Бөөн хэрүүл, хулгай болоод нүүрсээ олборлож байгаа бол орлогоо нэммээр байна шүү дээ. Монголчууд үнээ нэмэх бодлого барих хэрэгтэй. Гэтэл бид үнээ бууруулах бодлого хэрэгжүүлээд байна. Яагаад гэвэл бирж 20 хувь, 80 хувь нь хямдруулсан үнэтэй тогмол гэрээ байна. Энэ бол үнэ бууруулах бодлого.
Дараагийн чухал асуудал бол монголын нутаг дэвсгэр дээрх тээврийг монголчууд хийнэ. Энэ бол дүрэм байх ёстой. Үүнийг хийж чадахгүй байгаа. “Чайна Энержи”-н гэрээний нэг том зүйл нь уурхайн ам нөхцлөөр буюу тээврийг БНХАУ-ын тал шийднэ. Зүй нь бол монголын нутаг дэвсгэр дээрх тээврийг монголчууд шийдэх ёстой.
Нэг талаасаа зардал өртөг байна. Нөгөө талаасаа эрсдэл бий. Зам харгуй нь манай улсын эзэмшлийнх. Элдэв жагсаал болно, цаг уурын үзэгдэл гарна. Тийм учраас монголын тал хил хүрэх тээврээ хариуцах нь зүйтэй. Ажил хийсэн хүн мөнгө авна шүү дээ. Цалин нь үлдэнэ. Маш олон жолооч тэнд машин, техник авчихсан, өрөнд ороод хүнд байдалтай байдаг. Эрдэнэс тавантолгойн тендер буюу биржээр борлуулсан нүүрсний 20 хувь дээр тендер зарлаад, хамгийн бага үнэ өгсөн нь ордог учраас ойролцоогоор 10 доллараар 1 тонн нүүрсийг тээвэр хийж байгаа. Энэ дүн нь нурмаг ачааны жишиг тээврийн үнээс бага буюу засвар үйлчилгээ хийх боломжгүй. Ашиг байхгүй, машин өөрийгөө идээд дуусгадаг. Өөр ажил байхгүй учраас жолооч нар тэнд очиж хүнд нөхцөлд амьдарч байна. Нөгөө 80 хувийг авч байгаа том компаниуд нь өөрсдөө тээврийн компанитай. Тэд тээврээс ашиг хийхгүй. Тийм шаардлага байхгүй. Том борлуулалтаа хийгээд, тэндээсээ машин техникээ шинэчлээд, жолооч нар нь багахан цалин аваад явж байдаг. Ийм хоёр зөрүү байна. Үүний үр дүнд монгол жолооч нар өрсөлдөөнд сөхөрч байгаа. Зээлээ төлж дийлэхгүй, удахгүй явах боломжгүй болно. Үүн дээр том шийдэл хэрэгтэй. Би нүүрс тээврийнхэнтэй нэлээн уулзаж ярилцсан. Худалдан авагч хэн байхаас үл хамаарч нурмаг ачааны жишиг доод үнэ, тендер ил тод байх байдал руу оруулахгүй бол
нэгдүгээрт, олон мянган хүний амьдрал, ар гэр, хөрөнгө, зээл маш хүнд байдалд байна.
Хоёрдугаарт, Монгол улс тээврийн бодлоготой байх ёстой. Монголын нутаг дэвсгэр дээр монголчууд тээвэрлэ.
Бирж, том гэрээ хамт явах ёстой. Том гэрээнүүдийг хязгаарлах хэрэгтэй. Том гэрээнүүд хэт давамгайлаад 80 хувь болчихлоо. 90, 95 хувь болчихвол бүр утгагүй болно. Шинэ засаг гарч ирэх болгондоо том гэрээ байгуулаад байх юм уу? Тэр том гэрээ нь хэнд зориулсан гэрээ байх юм? Олборлолтыг нь монголчууд хийх юм уу? Тээврээ монголчууд хийх юм уу? Худалдаагаа БНХАУ-тай, олон улстай хийе. Ашигаа аваад тогтвортой ажиллаг л дээ. Гэтэл яагаад бүх юмыг нь худалдан авагч талд хариуцуулж өгөх гээд байгаа юм? Чайна Энержи гурвыг цогцоор нь гэдэг томъёолол буюу уг нь тусдаа мөнгөө өгөөд бариулж байгаа боловч төмөр замаа нүүрс худалдан авахтай хамт явуулья, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх буюу олборлолтонд оролцоно гэдэг зүйл оруулж ирээд гэрээ байгуулсан.
Одоо шинэ засаг төсөв дагуулж оруулж ирсэн тогтоол байгаа. Тэр нь одоо тавантолгойн хөрс хөндөөгүй үлдсэн хэсэг дээр иж бүрэн цогцоор нь экспорт, олборлолт, тээврийг гүйцэтгүүлэх хөрөнгө оруулагчийг олж хэлэлцээр хийнэ гэсэн агуулгатай. Гэхдээ хэлэлцэгдэж эхлээгүй байгаа.
Үндсэн санаа нь иж бүрэн, цогцоор нь гэхээр бас нэг том хөрөнгө оруулагч орж ирэх гэж байна. Болно, гэхдээ яагаад тэд нартай худалдаагаа хийж болдоггүй юм? Тээвэр олборлолт бүгдийг нь яагаад оруулах гээд байгаа юм? Ил тод байх хэрэгтэй. Чайна энержитэй холбоотой нийтэд ил гарсан мэдээллийг дахиад та бүхэнд сануулья. Олон жил явж байгаад нэн шинэ түүх буюу 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө ажлын хэсэг монголын биржийн үнээс 5 хувийн хямдралтайгаар нүүрсээ нийлүүлнэ гэдэг тохиролцоог хийгээд, уг ажлын хэсгийг одоогийн Сангийн яамны ТНБД Ж.Ганбат ахлаж гэрээ хийсэн гэж өндөр албан тушаалтнууд харуулж байсан. Үүнийг би зурагтаар харсан. Юу болсон юм мэдэхгүй. Дараа нь УИХ-ын сонгууль болсон. Сонгуулийн дараа 8-р сард Чайна энержигийн баг монголд ирж шинэ санал тавьсан. Тэр санал нь үнийг Чалкогийн нөхцлөөс буулгахгүй. Олборлолтонд оролцоно, ам нөхцлөөр авна буюу нөгөө гурвийг цогцоор нь гэдэг. Ингээд Монгол улсын Засгийн газраас ажлын хэсэг томилогдсон. Засгийн газар хоорондын хэлэлцээр хийгдсэн. Хэлэлцээрийн төслөө УИХ-руу оруулж ирсэн. УИХ-аас хэлэлцээр хийхдээ ийм зүйлсийг анхаараарай гэдэг чиглэл өгч 58-р тогтоол гаргасан. Үүний дараа Засгийн газар хэлэлцээрээ дуусгаад, УИХ ёсчлон батлаад, Эрдэнэс тавантолгой болон Чайна Энержи гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь нууц байгаа. Ерөнхийдөө Засгийн газар хоорондоо хэлэлцээр хийсэн. БНХАУ-ын Засгийн газраас ирсэн санал бичиг дээр гурвийг цогцоор гэдэг асуудал, үнийг өмнөхөөс муутгахгүй гэдэг нь байгаа. Тэгэхээр бүүр хаалттай юм биш байсан байгаа юм. Асуулт нь сонгуулийн өмнө биржийн үнээс 5 хувь хямд гэдэг санал сонгуулийн дараа яагаад өөрчлөгдсөн бэ? Энэ хооронд юу болсон юм гэдгийг мэдэхгүй байна. Олж мэдэх хэрэгтэй. Гэхдээ энэ хоёрын хооронд хуга нуга, алд дэлэм зөрүү гарахгүй. Тэрийг нь шууд хэлнэ. Гэхдээ зөрүү байгаа. Гурвийг цогцоор, ам нөхцлөөр гэрээ хийнэ гээд ороод ирэхээр Ерөнхий сайд 2024 оны 10-р сарын 25-нд боомтын сэргэлтийн талаар мэдээлэл өгсөн. Тэр үед миний хэлсэн санаа бол төмөр замаа холбох хэрэгтэй. Үнэхээр чухал. Харин нүүрсний худалдан авалт тусдаа асуудал, заавал хамт хийнэ гээд байгаа бол хийж болно.
Хэрэв алдагдалтай нөхцөл байгаа бол хийхгүй байж болно, төмөр замаа холбохгүй байсан ч яадаг юм, хил хүрчихсэн учраас тэндээсээ буулгаж ачаад автомашинаар хил гаргаж болно. Одоо төмөр замгүй ч 80 сая тонн нүүрс гаргаж байгаа.
БНХАУ биднээс 150 сая тонн нүүрс авахгүй ээ. Коксжих нүүрсийг гадаадаас 400 гаруй сая тонн авдаг, үүнийгээ ганц улсаас авахгүй гэдэг тайлбар хийсэн. Энэ талаар судалгаатай учраас эрсдлийг харж байгаад 4 санал гаргасан. Нэг нь дэмжигдсэн. Анх ирсэн бичиг нь коксжих нүүрс авна гэсэн байсан. Миний оруулсан сорчлохгүй гэдэг санал дэмжигдсэн. Одоо Эрдэнэс тавантолгойгоос олборлож байгаа нүүрсний 70-80 хувь нь коксжих нүүрс. Энэ хэвээрээ яваад байвал энэ уурхай чинь сүйрнэ. Тийм учраас сорчлохгүй шүү. Уурхайн төлөвлөгөөтэй хувь харьцааг нь барьж явна гэдэг агуулгыг 2024 оны 10-р сарын 26-нд ЭЗБХ-нд гаргаж дэмжүүлээд, 2024 оны 10-р сарын 27-нд УИХ-ын чуулганаар орж дэмжигдсэн. Энэ бол гэнэтийн зүйл байсан. Орой болсон байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй саналыг нөхөдтэйгээ нийлж бэлдэж, хэлэлцүүлээд оруулсан. Өөр ийм санал орж ирээгүй. Тэгэхээр үүнээс парламент ажиллаж байгааг харж болно. Хэрэв ирж оруулаагүй бол дэмжигдэхгүй. Сорчлохгүй гэдэг санал орсноор урт хугацаандаа олон зуун сая долларын зөрүү авч ирнэ. Хоёрдугаарт, үнэ бодохдоо дээр дурдсан 5 индекс дээр монголын индексээ, ахиад олон улсын биржийн индекс нэмэхгүй бол БНХАУ-ын индекс жин дараад, үнэ унахаар нөгөө хямд үнээ ашиглаад байж болохгүй гэдэг санал оруулсан ч дэмжигдээгүй. Гуравдугаарт, тээврийг монголчууд хийнэ буюу ам нөхцөл биш, хил нөхцлөөр гэдэг санал мөн дэмжигдээгүй. Дөрөвдүгээрт, нийт хэмжээний асуудал байсан. Тайлбар нь монголоос 160 сая тонн нүүрс авах гээд байна гэж Ерөнхий сайд нь хэлж байсан. Салбарын сайд нь 120 сая тонн гэж хэлж байсан. Тэгвэл тэр том тоогоо санамж бичиг дээрээ оруулчих. Тэгэх юм бол нөгөө 20 сая тонн нь жин дарахгүй учраас нүүрсний үнийг унагаах сөрөг нөлөөлөл нь буурна гэж. Энэ бас яваагүй. Гэхдээ дэмжигдсэн 1 саналдаа баяртай байгаа. Чайна Энержигийн гэрээ юугаараа онцлог вэ гэдгийг эргээд харья. Нээлттэй мэдээлэлд тулгуурласан улстөрчид 20, 40 гэдэг хоёр тоо ярьсан. Бас ханатай тоонууд байна.
Гэрээний болон биржийн үнэ 1 тонн нь 40 доллараар зөрж байна шүү дээ, 16 жилийн турш нийт 250 сая тонн нүүрсний үнийн зөрүү 10 тэрбум доллар Монгол улс алдах гээд байна гэж ярьсан. Үүний тайлбар нь 40 гэдэг үнэд тээвэр орчихсон байгаа гэсэн. Тэгэхээр тээвэр 20 доллар гэж үзвэл нөгөө зөрүү 20 доллар болно. Ингээд 100 доллараас 20 доллар гэдэг бол нуга хуга биш юм байна.
Гэхдээ том зөрүү байна. Коксжих нүүрсний хэмжээг 55 хувь гэсэн. Сул коксжих нь 35 хувь, коксжихгүй нүүрс 10 хувь. Талаас илүү нь коксжих нүүрс өгөх гэж байна гэдэг асуудал. Үүнийг яаж шалгах вэ гэхээр, уурхайн төлөвлөгөө нь ямар байгаа юм? Уул геологийн нөхцөл нь ямар юм гэдгээс хамаарч уурхайн төлөвлөгөө 5, 10 жилээр гардаг. Тэндээс гарч байгаа нүүрсний 30 хувь нь коксжих нүүрс байхад 50-г нь нийлүүлнэ гэж болохгүй. УИХ-ын тогтоолын утга нь тийм юм. Үнэхээр 55 хувь юм уу? 30, 40 хувь юм уу гэдгийг Эрдэнэс тавантолгой компанийн төлөвлөгч нараас асуух хэрэгтэй. Одоо Эрдэнэс тавантолйгон борлуулж байгаа нүүрсний 70-80 хувь нь коксжих нүүрс байгаа. Дандаа том гэрээгээр гараад явчихдаг. Бирж дээр зарагдаж байгаа 20 хувьд коксжих нүүрс бараг байхгүй. Сорчлоод байна гэсэн үг. Ийм байдлаар удаан явахгүй. Гоёыг нь мөлжөөд авчихвал уурхай ашиглах боломжгүй болчихдог. Баялгаа алдана гэсэн үг. Сорчилж болохгүй гэдэг утга нь энэ. Энэ 55 хувь чинь нөгөө 70-80 хувьтай харьцуулахаар гайгүй харагдаж байгаа биз. Энэ бол бодит мэдээлэл. Гэхдээ 55 хувь нь урт хугацаанд явна. Эхлээд 2030 он хүртэл, 2030 оноос цаашаа ахиад 10 гаруй жил. Жил бүр 20 сая тонн буюу маш том хэмжээ. Үүн дээр уурхайн төлөвлөгөө ямар байх вэ гэдгийг маш сайн харж байж, 2030 оноос үүнтэй уялдуулж өөрчлөх асуудал гарч ирж болзошгүй. Үнийн зөрүү 40 доллар гэж сошиал дээр явсан. Түүнд нь тээвэр байгаа гэж хэлсэн. Үлдэж байгаа нь 20 доллар. Тэгвэл 5 хувь хөнгөлөөд биржээр явуулья гэсэн нь 5 доллар болно. Нөгөө 20 доллараас 15 долларын зөрүү гарч ирнэ. Энэ таамаг бол ер нь ханатай. Жил бүр, улирал бүр өөрчлөгдөнө. Ихэснэ, багасна. Гэрээний үнэ, тоо нь байхгүй. Гэхдээ жил бүр их наядаар тоологдох зөрүү гарна шүү гэж 2024 оны 12-р сарын 27-нд чуулганы хурал дээр хэлсэн учир нь энэ.
Цаашдаа бид яах ёстой юм бэ? Монголчууд нүүрснээс ашиг их олохын тулд нэгдүгээрт биржээр түлхүү зар. Ядаж том гэрээ 50 хувь, бирж 50 хувь гэдэг харьцааг барьж явах хэрэгтэй. Үүнийг барих бодлогын шийдвэр гаргах хэрэгтэй. Монголын үнийн бодлого. Хоёрдугаарт, хил хүртэлх тээврийг монголчууд хийх. Тэндээсээ бид цалингаа авч, амьдарья. Гуравдугаарт, нүүрсээ сорчлохгүй, уурхайн горимдоо нийцтэй хувь харьцаагаар нь борлуулах. Дөвөрдүгээрт, үндэсний үнийн индекстэй болох. Нүүрс зардаг улс бүр индекстэй байдаг. Монголд байхгүй. Манай хоолоо олж иддэг бүтээгдэхүүн, тэрийгээ хэдэн төгрөгөөр зарахаа өөрсдөө мэддэггүй. Бодлоготой байх хэрэгтэй. Тавдугаарт, бүх гэрээг нууцаас гарга. Албан ёсоор хүндэт хөрш улсдаа тавиад, соёлтойгоор харилцан зөвшилцөөд нээж гаргах асуудал. Сая нээлттэй болсон оффтейк гэрээнүүдийн нийт дүн бол нууцад үлдсэн том гэрээнүүдээс хамаагүй бага. Хэд дахин бага. Нүүрсний хулгай гэж бид ярьдаг. Нүүрсний хулгай бол хулгай хийх эрх мэдэлтэй хүмүүсээс гарна. Тэр нь дунд шатны ажилтнууд байж болно. Дээд шатны ажилтнууд байж болно. Эрх мэдэлгүй хүн хулгайлахгүй. Хулгай хийхийн тулд эрх мэдэл хэрэгтэй. Эрх мэдлийг хэн өгдөг юм? Төрөөс шүү дээ. Төрийн өмчит компанийн удирдлагыг Засгийн газар томилсон. Засгийн газар гэдэг бол нам.
Сонгуульд ялсан нам Засгийн газраа байгуулдаг. Тэгэхээр намын дарга компанийн удирдлагыг томилно. Хулгайн хамгийн сүүлд хариуцлага хүлээх үндсэн субьект нь төр. Олон хүн байгаа. Зарим нь хулгай хийнэ. Зарим нь хулгай хийхгүй. Зарим нь шударга, зарим нь шударга бус хүмүүс. Энэ хэрүүл хэзээ ч дуусахгүй.
Төрийг, намыг өмчөөс холдуулах юм бол хулагй багасна. Үндсэн дүгнэлт нь энэ. 2022 оны 9-р сард би илтгэл тавьж байсан. Хар нүх гэдэг нэртэй. Тэр үед хулгай гэдэг томъёо гарч ирээгүй байсан учраас хар нүх гэж нэрлэсэн. Монголчуудын авсан бүх ашиг орлого хил хоорондын богино тээвэр дээр очоод байхгүй болчхоод байсан юм. Тонн нүүрсний үнэ хэдэн зуун доллар болж байсан үе. Хар нүх бүгдийг нь сороод, хэн аваад байгааг нь би ойлгоогүй учраас хар нүх гэсэн. Сүүлд нь нүүрсний хулгай гэж нэрлэсэн. Тэр нь тээвэрлэлтийн асуудал дээр гарсан том зөрчил. Одоо төмөр замаа тавиад, хилээ холбочихлоо. Гэхдээ шийдвэр гаргагч нар, дарга нараас хулгай тасрахгүй. Тийм учраас төрийн өмчит компанийн хувийг иргэддээ олгож, нээлттэй хувьцаат компани болгох юм бол нүүрсний хулгай багасна. Нүүрсний хулгай багасхаар нам мөнгөнөөс холдоно. Нам мөнгөнөөс холдох юм бол парламент гоё ажиллана. Парламент гоё ажиллах юм бол монголын ардчилал бэхжнэ. Ийм логиктой. Одоо Эрдэнэс тавантолгойн хувьцааны 18 хувь нь иргэдэд байна. 1 хувь нь аж ахуйн нэгжүүдэд байгаа. 34 хувь буюу хяналтын багцыг яаралтайгаар нийтийн хувьцаа болгох хэрэгтэй байна. Ингэхдээ үнэгүйдүүлж болохгүй. Хямдхан зарчихвал гадныхан худалдаад авчихвал бидэнд ямар хэрэгтэй юм? Эсвэл 2,3 том компани авчихвал яах вэ? Ийм учраас хязгаарлалт тавьдаг. Монгол улсын иргэд авна. Монгол улсын аж ахуйн нэгж стратегийн хөрөнгө оруулагч хийж болно. Гэхдээ бага хэмжээтэй. Ирээдүйд 51 хувь буюу дийлэнхийг иргэдэд нийтийн өмчит компани болгомоор байна. Төрийн өмч гэдэг бол намын даргын мэдлийн асуудал болж хувирдаг. Тийм учраас төр өмчтэй бол би өмчтэй болж байна гэдэг ойлголтоосоо салах хэрэгтэй.
Миний амьдрал муу байна, эд нараас болоод би хохироод байна. Дарга минь та гараад бүгдийг нь хурааж аваад, төрийн компани болгож байгаад мөнгийг нь цуглуулаад надад хуваагаад өгөөч гэдэг бол нийгмийн дургүй хүрсэн, үзэн ядсан илэрхийлэл. Энэ маш аюултай.
Ингэх юм бол намын дарга нар тэгье, би бөөгнүүлж байгаад баялгийн сангаар дамжуулаад, эсвэл цагаан сарын өмнө хувь хишиг өгье гээд хулгай яваад дуусахгүй. Тийм учраас баялаг бол таны өмч, миний юм. Та өөрөө хувьцаа эзэмш, хяналтаа тавь. Ногдол ашгаа ав. Гэхдээ янз бүрийн хувилбараар байж болно. Үүнийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, ирээдүйд үнэ цэн нь тогтворжоод, монголчууд хувьцаагаа ойлгоод ухаалаг болсны дараа арилжааг бүр нээлттэй болгож, олон улсын болгоно. Гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй шүү дээ. Тогоон дотроо л зараад байвал үнэгүйдчихнэ. Зөвхөн Эрдэнэс тавантолгой ч биш. 2024 онд төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүү эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд гэдэг эмхэтгэл гарсан. Тэнд бичсэнээр төрийн өмчит 67 компани нийт 26 их наяд төгрөгийн борлуулалт хийж байна. Орон нутгийн өмчит 300 компани 3 их наяд төгрөгийн борлуулалт хийдэг. Үүн дээр нийслэлийг нэмбэл 33 их наяд төгрөг. Улсын төсөв 33 их наяд, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, нийслэл нийлээд 33 их наяд төгрөг болж байна. Яг тэнцүү дүнтэй. Улсын төсөв дээр маш их хэлэлцүүлэг болж байгаа. Цалин гээд жагсаал болоод, УИХ дээр байнга яриад байдаг. Гэтэл улсын төсөв шиг мөнгийг 67 дарга гарын үсэг зураад шийдэж байгаа. Энэ бол монголчуудын мөнгө. Энэ мөнгө улстөр рүү, намын санхүүжилт рүү намын томилгоогоор тавьсан дарга нараар дамжаад явж байгаа. Үүний цаана нөгөө хиймэл элит хүрээлэл, өөрсдийгөө нийгмээс тусгаарласан, бие биенийхээ бизнесийг дэмждэг, худалдан авалт хийж, тансагладаг. Энэ бол нам ялзарч байгаа байдал. Намыг аврахгүй бол парламент ажиллахгүй. Яах гэж олон намтай парламент байгуулсан юм? Парламент байхгүй бол монголын ардчилал байхгүй. Намыг цэвэрлэхийн тулд төрийг өмчөөс холдуулах гэдэг дүгнэлт рүү буцаад орно.
200 мянган гишүүнтэй, 300 мянган гишүүнтэй гэж намууд ярьдаг. Үүнээсээ ичиж амьдрах хэрэгтэй. 300 мянган гишүүн гэж хэн юм бэ? 300 мянган улстөрч байгаа юм уу? Үгүй шүү дээ.
Улстөр хийхгүй юм бол намын гишүүн болж яах юм? Аж амьдрал нь холбоотой, найзуудаараа бизнесээ дэмжүүлдэг, хороонд тараасан халамжийн гурил, будааг найздаа аваачиж өгдөг, томоосоо жижиг хүртэл ашиг сонирхлын бүлэг 300 мянга хүрчхээд байна. Үйлдвэрлэл явуулахгүй 300 мянган хүнийг тэжээх хэрэгтэй. Тэжээхэд мөнгө хэрэг болно. Мөнгө хаанаас олох вэ? Төрийн өмчийн компаниудаар дамжуулж, зувчуулж авч байгаа. Намыг цэвэрлэхийн тулд төрийн өмчөөс холдуулахаас гадна хатуу гишүүнчлэл гэдэг утгагүй зүйлийг байхгүй болгох ёстой. Үндсэн хуулиндаа сонгогчдын 1 хувь байх ёстой гээд хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхийн эсрэг заалт оруулчихсан. Үүнийг эргэж харах ёстой. Намын санхүүжилт нээлттэй байх хэрэгтэй. Улстөрийн намын тухай шинэ хуульд маш гоё заалтууд орсон. Хэрэгжиж эхлэхээс нь өмнө олон данстай байя гэдэг нэмэлт өөрчлөлт өргөн барьчихсан. Тэгэхээр олон данстай болно, олон эх үссвэрээс мөнгө зохицуулах хэрэг гарна. Нөгөө олон зуун мянган тэжээврүүдээ тэжээх боломж олж авах гээд байна. Үүнийг зөвшөөрч болохгүй.
Улстөрийн намын санхүүжилт ил тод бай, олон зуун мянган гишүүнээсээ ич. Бодлого хийх ёстой, мэргэжлийн, улстөрд орон гэсэн зорилго бүхий хүмүүс л намын гишүүн байдаг. Энэ зүйлүүдийг хийж байж нам цэвэршнэ. Нам цэвэр бол парламент ажиллана. Парламент ажиллах юм бол монголын улстөр тогтворжно.
Сая болсон энэ том дохио, төрийн хямрал бол эхлэл. Бид дахиад олон удаа ийм хямрал харна. Ингэж явсаар байгаад парламентаа тараагаад, Ерөнхийлөгчөө татаад, Засгийн газар нь байхгүй болоод, анархи руу орж бусдын идэш болж болохгүй. Үүний тулд эхний хийх ёстой ажил нь төрийн өмчийг үе шаттайгаар намаас салгах. 126 гишүүн харьцангуй чөлөөтэй болсон гэж ярьж байгаа ч заримдаа тийм биш байна. Шинэ үүрэг хүлээсэн хүмүүс үүргээ ухамсарлаад, нам, баг хамт олон чухал боловч нэгдүгээрт монголын эрх ашиг, монголын төр тогтвортой байх хэрэгтэй, тогтвортой байх гэдэг нь буруу зүйлтэй эвлэрэхгүй зөв байх хэрэгтэй гэдгээ ухамсарлаад их болгоомжтой байхгүй бол төрөөрөө тоглоод байна. Зоригтойгоор, ойрын хугацаанд төрийн өмчинй компаниудыг нээж, иргэдэд хувьцааг нь өгч, намыг холдуулахгүй бол ардчилал сүйрлийн зам руу орно. Ийм учраас нүүрс, талх шиг хөөдөг, хөөдөггүй нүүрсийг хэн зарж борлуулж байгаа, үйл ажиллагаа явуулах эрхийг авч байгаа хүмүүс, тэдний намтай холбоотой байдал, намын парламенттай холбоотой байдал, парламентын ардчилалтай холбоотой байдал бүгд хоорондоо холбоотой юм. Төрийн хямралын шийдлийн гарц нь уурхайг хэн ажиллуулах вэ? Гэдэг дээр очиж цэгцэрнэ гэж бодож байна.
М.Чой
сонин.мн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
| Нью йоркын хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
| Австралийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
| Лондонгийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
| Хонконгийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
| Торонтогийн хөрөнгийн бирж | ||
>


























