Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Иргэд 1072 хувьцаагаа төрд худалдахыг хүсч байна

Иргэд 1072 хувьцаагаа төрд худалдахыг хүсч байна

 

Иргэд Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг төр нээлттэйгээр худалдан авахыг хүсч байна

 

Монголын нийгэмд олон янзын асуудал өрнөж байгаа. Тэгвэл тэр дундаас хамгийн анхаарал татсан нь Тавантолгойн 1072 ширхэг хувьцаагаа ямар ч үнээр хамаагүй зарах хүсэлтэй иргэдийн горьдлого л байна. Аль өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлээд иргэд Урт цагаан орчимд олноороо цугларч, хувьцаа авч байгаа гэх хэн мэдэгдэхгүй хүмүүсийг хайж, хүлээсээр. Тэгвэл манай сонины сурвалжлах хэсэг өчигдөр Урт цагаан орж, хувьцаагаа зарахаар зогсч байгаа хүмүүстэй уулзаж, сурвалжилсэн юм. 


 
Үүрийн 06:00 цаг хүртэл зогсоод хувьцаагаа зарж чадсангүй
 


Урт цагаан орчимд өдрийн 11:00 цагийн үед очиход 50 орчим хүн энд тэнд хэсэг хэсгээрээ бөөгнөрөн зогсч байгаа нь харагдлаа.



Монгол-Тайванийн төвийн зүүн талд гурван залуу зогсч байгааг хараад очиж уулзав. Гэхдээ сурвалжлага хийж байна, сониноос яваа гэдгээ мэдээж нуусан. Хувьцаагаа зарах гэж горьдож яваа хэмээн жаахан буу халлаа. Тэр гурав даваа гарагийн орой ирээд, бүр хоносон талаараа ярив. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хувьцаа худалдаж авч байна гэж бужигнаснаас хойш өдөр болгон Урт цагаан орчимд зогсч байгаа аж.  Улмаар даваа гарагт өдөржин, шөнөжин зогсоод, өчигдөр үүрээр 06:00 цаг хүргээд гэртээ харьж амарчээ. 



Тэгээд буцаж ирээд зогсч байгаа нь тэр юм байна. Тэдний хэлж байгаагаар ямар ч байсан хувьцаа худалдаж авч байгаа үнэн гэнэ. Урт цагаан орчимд зогсч байхад машинтай хүн ирээд, янз бүрийн байдлаар дохиж, дууддаг аж. Улмаар ганц, хоёрхон хүн суулгаад яваад өгдөг юм байх. Хэрвээ бусад хүмүүс мэдчихээд араас нь гүйвэл "Сүүлтэй болчихлоо, буу. Такси барьсан гэж хэлээрэй” гээд буулгаад орхичихдог аж. Тэдний нэгээс нь машинтай хүн ирж, хувьцаагаа 350 мянган төгрөгөөр зарчих гэсэн юм байх. Тэгэхээр нь арай хямдхан байна гээд өгөөгүй гэв. 



Тэд аль хэдийнэ хувьцааны дансаа нээлгэсэн бичгээ авчихсан, биедээ аваад явж байсан. Гэхдээ тэдний хэлж байгаагаар хувьца авч байгаа хүмүүс заавал данс нээлгэснээ батлах бичиг баримт шаардахгүй байгаа юм байх. Зөвхөн иргэний үнэмлэх байхад л хангалттай гэж хэлээд, хувьцааг нь авсан хүмүүс ч байгаа гэнэ лээ. Үнэн худлыг бүү мэд, ямар ч байсан тэнд зогсч байгаа иргэд тэгж ярьж байна. За тэгээд хувьцаагаа 800 мянган төгрөгөөр зарсан хэд хэдэн хүн байгаа юм байх. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хувьцааг бүр сая төгрөгөө хүртэл авч байсан тохиолдол гарчээ. 



Харин одоо бол 300 мянган төгрөгөөр л авч байгаа сурагтай.  Шөнө зогсч байхад нэлээд үйл явдал өрнөжээ. Ногоон өнгийн Старекс машинтай хүн ирж, хувьцаа авна гээд Урт цагаан хавьд зогсч байгаа хүмүүс бөөнөөрөө дагаж гүйгээд сүйд болж. Мөн олон наймын тоотой дугаартай хар Ланд Круйзер 200 маркийн машинтай хүн ч ирж, хувьцаа авсан юм байх. Зарим хэвлэлээр хятадууд хувьцаа авч байгаа гэж мэдээлээд байсан тухай тэднээс лавлахад "Хятадууд Эмээлт дээр зөндөө хувьцаа авсан сураг байна билээ. Энэ хавиар бол дандаа монголчууд л яваад байгаа бололтой юм. Гэхдээ эндээс хамгийн ихдээ 800 мянгаар зарчихаад, цааш нь хятадуудад дамлаж 1.5 саяар зардаг  сураг  байна”  хэмээн  сүрхий  мэдээлэлтэй зүйл ярив. Тэднийг шөнө зогсч байхад нэг залуу руу найз нь утастаад "Хувьцаагаа зарчихлаа.



 Сая төгрөгөөр л авч байна” гэж хэлээд, утас руу 20 мянган нэгж явуулсан юм байх. Мөн олон ч хүнийг машиндаа суулгаж авч яваад байгаа гэнэ. Зарим нь бүр мөнгөтэй болчихоод, хоолонд ороод, хувьцаагаа зарчихлаа гэж ярьсан аж. Тиймээс ямар ч байсан хувьцаа худалдаж авч байгаа нь үнэн, тэгээгүй бол энэ олон хүн яах энд зогсох билээ хэмээн тэд ярьсан юм.  Эхний тааралдсан гурван залуутай хөөрөлдөж зогсох зуур Урт цагаан орчимд цугларах хүний тоо эрс нэмэгдэв. Өнөөх гурав "Энэ юу ч биш. Жаахан өдөр тийшээ энэ хавиар дүүрэн хүнтэй болно” хэмээн ярьж байлаа. 

 


Тэр зуур хоёр хижээл насны хүн ирж "Хувьцаа үнэхээр худалдаж авч байна уу. Хаана очиж дансаа баталгаажуулах вэ” гээд л баахан юм асуулаа. Түүний дараа 30 гаруй насны хоёр залуу хүрч ирж "Хувьцаа үнэхээр аваад байгаа юм уу. Үнэхээр авч байгаа нь үнэн бол зарчихмаар байна. Энэ хувьцаа бидэнд хэрэг болно гэж юу байсан юм” хэмээн үглэв. Бид ч хувьцаа авна гээд үе үе машинтай хүмүүс ирж байгаа гэж хүмүүс ярьсан талаар хэлж өглөө.  Гэтэл өнөөх залуучууд "Тэгвэл яаж ийж байгаад олоод, зарна аа” гэсээр явж одов.


 

Хурууны хээ уншигч машинтайгаа явж байгаа гэнэ үү
 

Бидний яриа тэгсхийгээд өндөрлөөгүй. Нөгөө хэд бүр сонирхолтой зүйл ярьсан юм. Хувьцаа худалдаж авч байгаа хүмүүс машиндаа хурууны хээ уншигчтай, бүр нотариатын тамга тэмдэгтэй явж байгаа юм байх. Тиймээс иргэдээс хувьцааны данс нээлгэсэн гэрээ шаардахгүйгээр хувьцааг нь худалдаж авч байгаа гэнэ ээ. Урт цагааны орчмоос машиндаа хүн суулгаж авч яваад, "Долоон буудал”-аас цааш явдаг юм байх. 


Тэнд нь ногоон микро автобустай хүмүүс байж байдаг гэнэ. Хурууны хээ уншигч машин, нотариатын тамга тэмдэг гээд бүхий л шаардлагатай зүйлс байсан аж. Өнөөх гурван залуугийн нэгийнх нь хажуу айлын хүн энэ талаар ярьжээ. Хоёр том хүнийх нь хувьцааг л авсан аж. Хоёр хүүхдийн хувьд хурууны хээг нь уншуулах боломжгүй учраас аваагүй юм байх. 1072 ширхэг хувьцааг нь 800 мянгаар худалдаж авсан талаар ярьсан.  Хувьцааг авчихаад, гар утасных нь сим картыг хугалж хаясан аж. Мэдээлэл алдагдахаас сэргийлсэн нь тэр хэмээжээ. Тэгээд шинэ сим карт аваарай гэж мөнгийг нь өгсөн аж. 



Түүгээр ч барахгүй "Тэнд байна гэж хүмүүст хэлэх юм бол хаягаар чинь очоод ална шүү” гэж сүрдүүлсэн аж.  Тэд мөнгөө л авсан бол болоо гээд л өнгөрсөн тухайгаа ярьж. Ерөнхийдөө сүүлийн үед хувьцааны үнэ буурч, 300-400 мянган төгрөгөөр л авч байгаа сураг байна. Ням гарагт гурван эмэгтэйг нэг нөхөр машиндаа суулгаад явсан юм байх. 400 мянган төгрөгөөр хувьцааг чинь авна гээд. Замдаа өнөөх эмэгтэйчүүд нь хувьцааны үнээ өсгөхөөр ярилцтал хотоос зайдуу аваачаад буулгаад орхичихсон учраа алхаж ирсэн сураг ч байгаа юм байна.  Зарим нэг нь тандалт хийгээд, хэдэн төгрөгөөр зарж байгааг нь судалж яваа ч сураг гарсан. 



Ямар ч байсан иргэд "Горьдлого компани”-ийн захирал хийж, бүтэн 4-5 өдөр Урт цагаан хавиар эргэлдэж байна. Хүн бүр л хувьцаа авч байгаад итгэж байгаа бололтой юм. Бүр зарим нэг дэлгүүрийнхэн Урт цагааны орчимд очиж, иргэдэд купон маягийн юм тараасан байна билээ. Иргэд ч хувьцаагаа зарчихаад, очиж хямдралтай юм авна аа гэж яриад л шуураад байгаа юм байна. Энэ мэтийг ярилцаж байх зуур өнөөх гурав Амгалангийн зах орох уу гэсээр тэндээс холдсон юм. Учир нь Амгалангийн зах орчимд ч бас хувьцаа худалдаж авч байгаа талаар цуурч эхэлсэн байна.

 
 

"Хятад, Солонгос, Япончууд хувьцаа авч байгаа”  
 

Эхний тааралдсан гурван залуутай нэлээд хэдэн минут хөөрөлдсөний дараа хэсэг бөөгнөрсөн хүмүүс дээр очлоо. Нэг хижээл насны эрэгтэй "Ах нь Эмээлтэд очоод, хоёр хоносон. Хувьцаа авч байна гээд байхаар нь. Гэтэл зарж чадсангүй. Хоёр дахь өдрийнх нь шөнө зөндөө олон хүн машинтайгаа эгнээд зогсчихсон байсан. Би ч сүүлдээ ядраад унтаад өгсөн. 



Гэтэл өглөө босоод иртэл ганц ч байхгүй явчихсан байна билээ. Бодвол хувьцаагаа зарсан юм байлгүй дээ. Би л зарж чадаагүй буцаад ирсэн” хэмээн ярьсан юм. Тэр хавьд байгаа зарим хүмүүсийн хэлж байгаагаар Хятад, Солонгос, Японы иргэд хувьцаа худалдаж авч байгаа бололтой юм. Баттай мэдээлэл биш, бас л дам сонссон бололтой. Харин тэр хавиар цугласан иргэд "Хувьцаа авч байгаа нь худлаа байх. 



Аваад байна л гэх юм. Зарим нь хувьцаагаа зарчихлаа л гэх. Тэгсэн мөртлөө авч байгаа хүн нь олдохгүй байна шүү дээ. Худлаа цуурхал байх” хэмээн ярьж байлаа. Иргэд хэрвээ авч байвал хувцаагаар хямдхан ч хамаагүй зарчихмаар байна хэмээн хоорондоо ярьж байсан юм. 


 

"Засгийн газар иргэдээсээ хувьцааг нь нээлттэй аваач ээ”


"Би хувьцаагаа зармааргүй л байна. Гэхдээ өнөөдөр ард түмний амьдрал ямар хэцүү байгаа билээ. Хямдхан ч хамаагүй зараад, хэдэн өдөр ч болов санаа амар явмаар байна. Би уг нь ажил хийдэг. Барилга дээр засал хийдэг юм. Хоёр гурван жилийн өмнө гайгүй л байсан. Цалин мөнгөө цагтаа авдаг байлаа. Одоо байдал үнэхээр дордчихож. Цалингаа өгч байгаа газар алга. Сүүлийн хоёр сар дөрвөн ч газар ажиллаад цалингаа авч чадаагүй л байна. 15 хоног ажиллаад л гардаг, цалингаа өгдөггүй. Хувийн байгууллагуудад ажиллахаар 300 мянган төгрөгийн цалин өгнө. Түүнийх нь 50, 60 мянга нь нийгмийн даатгал, татварт яваад өгдөг. 



Үлдсэн мөнгөөр нь хоол унд, хувцас хунараа зохицуулна. За тэгээд автобус унааны мөнгө хэрэг болно. Тэгэхээр хаанаа ч хүрдэггүй. Ийм байхад бид хувьцаагаа ч болов зарж мөнгө олохгүй яах юм”. Энэ бол нэгэн иргэний яриа. Үнэхээр иргэдийн амьдрал хэцүү байна. Урт цагаан хавьд очиход өнгөтэй өөдтэй хувцастай, боломжийн амьдралтай хүн нэгийг ч харахгүй. Дандаа ажилгүй, гэрээ хорололд амьдардаг, хөдөөнөөс ирсэн болов уу гэмээр хүмүүс л 100-гаараа зогсч байна. Тэд "Уг нь бид хувьцаагаа зармааргүй байна. Зарчихлаа гэхэд Хятадууд л авна. Тэдний л өмч болоод дуусна. Бидний үр хүүхдэд юу үлдэх билээ. Түүний оронд Засгийн газар нээлттэй худалдаад авчихмаар байна. Ойрын хугацаанд асуудлаа шийд. Заавал сонгуулийн дараа асуудлыг шийднэ гэж яриад яахав. Энд шөнөжин өдөржин хүмүүс хувьцаагаа зарах гээд л байж байна. Бид бүгд дэлгүүрт өртэй. Талхаа зээлж идэж байна. Төр 1072 ширхэг хувьцааг сая төгрөгөөр биш юм гэхэд 700-800 мянгаар авахад л болно. 



Тэгвэл бид Хятадуудад өгөхөөс илүү өөрсдийнхөндөө л зарна. Эх орноо, газар нутгаа харийнханд алдчихъя гэсэн сэтгэлтэй хүн байхгүй” хэмээн ярьсан юм. Мөн тэд 76 гишүүнээс нэг нь ч болов бидэнтэй ирж уулзаад, иргэдийнхээ санаа оноог сонсооч ээ. Телевиз, сониноор энд хүмүүс цуглаад, хувьцаагаа зарах гээд байна гээд өчнөөн мэдээлээд байхад яагаад нэг нь ч тоохгүй байна хэмээн ярьж байсан юм. Мөн "50 хүрчихсэн бид одоо 10 жил насалж чадаа ч уу, үгүй ч үү. Гэтэл Тавантолгой нь ашиглалтад ороод, бидэнд мөнгө өгтөл өдий байна. 10 жилийн дотор лав юу ч өгөхгүй. Тийм байхад бид 1072 хувьцаа нэртэй хий хоосон юм хадгалаад яадаг юм. Зарсан нь дээр” гэж ярих хүмүүс ч их байлаа. 


 

Урт цагаан орчимд гэмт хэрэг гарч эхлэх нь 

 Олон хүн цугларсан газар янз бүрийн  гэмт хэрэг гардаг нь ёс. Тэгвэл Урт цагаан орчимд хүмүүс хонон, өнжин олноороо цугларч байгаатай холбоотойгоор гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч эхэлсэн талаар иргэд хэлж байлаа. Тэр хавьд цугласан настай эмэгтэйчүүд "Хувьцаа авна гэж шөнө машинтай залуучууд ирсэн. Тэгээд дандаа залуу охидуудыг авч яваад, хол аваачиж буулгаж хаяж тоглосон явдал гараад байгаа. Мань мэтийг очихоор тоохгүй, бүр түлхэж унагаасан” хэмээн ярьж байсан юм. 



Тэгвэл зарим нэг нь "Шөнө энэ хавиар бүтээлэг нөмөрсөн, дотуур хувцастай эмэгтэй явж байсан. Биеэ үнэлэгч юм байх аа. Энд хүмүүс хувьцаагаа зарж байгаа болохоор мөнгөтэй эрчүүд байгаа гэж бодож ирсэн юм байлгүй. Бүр улаан цагаандаа гарчихсан, нүцгэн шахуу яваад байгаа юм даа” хэмээн ярьж байлаа. 

 


Гэх мэтээр гэмт хэргийн чанартай үйлдлүүд гараад эхэлж.  Бүр биеэ үнэлэгчид хүртэл дэнгийн эрвээхэй аятай тэнд "гэрэл асч” магадгүй гэж горьдон очиж байгаа бололтой. Энэ тал дээр Чингэлтэй дүүргийн цагдаагаас ямар байдлаар хяналт тавьж ажиллаж байгаа талаар тодруулахаар очсон боловч мэдээлэл өгөх хүн байхгүй гэж шалтгаанаар үүдэнд сууж байгаа цагдаа нь буцаалаа. Гэхдээ тус дүүргийн цагдаа 24 цагийн турш Урт цагаан хавиар эргэлдэж байгаа хүмүүсийг хянаж ажиллаж байгаа гэдгийг хэлсэн юм. 


 

Эрдэнэс-Таван толгойн хувьцааг арилжаалах, зарах ямар ч боломж нээгдээгүй


Иргэд Тавантолгойн 1072 хувьцаагаа зарахаар Урт цагаан орчимд цугларсан нь Монгол-Тайванийн төвийн нэгдүгээр давхарт байрлах "Стандарт Инвестмент ҮЦК” ХХК-ийн тараасан цуурхалтай холбоотой гэдгийг иргэд хэлсэн байсан. Тэгвэл Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр болох "Урт цагаан”-ы орчим өрнөөд буй "1072 хувьцаатай холбоотой” үйл явдлын талаар Цагдаагийн байгууллагаас "Санхүүгийн зохицуулах хороо”-той хамтран Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтсийн хурлын зааланд өчигдөр мэдээлэл хийсэн юм. 



Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны хяналтын хэлтсийн дарга Б.Долгорсүрэн ярихдаа "Эрдэнэс-Таван толгойн хувьцааг арилжаалах, зарах ямар ч боломж нээгдээгүйг хэлмээр байна. Тухайлбал, хувьцааг арилжиж, мөнгө болгохоор болвол Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо аль алинд нь бүртгүүлж, албан ёсны шийдвэр гарах ёстой. Гэтэл ямар ч шийдвэр гараагүй учраас хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлээгүй” хэмээн ярьсан байна.  1072 хувьцааг иргэд өөрийн болгож баталгаажуулахын тулд брокер, дилерийн компанид данс нээлгэх боломжтой бөгөөд данс нээх 60 гаруй компани байдаг аж. Гэтэл иргэд энэ данс нээх үйл явцыг зарах мэтээр ташаа ойлгож байгааг мөн дуулгалаа. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хувьцаагаа зарж байна гэх иргэдийн мэдээллийн мөрөөр шалгахад хувьцаа зарсан гэх ямар ч нотолгоо, баримт олдоогүй гэдгийг хэлсэн юм. 


Тиймээс ЭЦГ-аас "Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах төв” НҮББ-ын гүйцэтгэх захирал А болон "Стандарт инвестмент ҮЦС” компанийн гүйцэтгэх захирал Ж нарт Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Бүр тодруулбал, энэ сарын 20-нд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст "Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны "Стандарт Инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарыг шалгаж эхэлсэн байна. Тэдэнд хувьцаа олгох нэрээр иргэдийг залилсан хэмээж Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ. 



"Стандарт Инвестмент” болон "Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал нар нь 2015 оны тавдугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулан үнэт цаасны "Новел Инвестмент” ХХК-ийн салбар төлөөлөгчийн газрыг байгуулжээ. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос  хууль  журмын дагуу тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна. Мөн "Стандарт Инвестмент” ХХК-ийн үйл ажилагаагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутагт "Монгол Тайванийн төв”-ийн байранд "Новел Инвестмент” ХХК нь иргэдийн хувьцааны данс нээх ажлыг эрхэлж байжээ. СЗХ-ноос эрх олгосон 60 гаруй байгууллагад "Новел Инвестмент” ХХК багтаагүй байсан аж. Тиймээс иргэд тухайн компани дээр 5000 төгрөгөөр нээлгэсэн данс нь баталгаажихгүй учраас компанийн удирдлагуудыг хууль бусаар орлого олсон хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. 



Хэдийгээр энэхүү нөхцөл байдал эхлэх үед Санхүүгийн зохицуулах хорооныхон болоод Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас ухуулга хийж, иргэдээс тараасан хэдий ч өнөөдрийг хүртэл хүмүүс хувьцаа худалдаж авч байгаа гэдэгт итгэсээр байна. Мөн хэдэн арваараа Урт цагаан орчимд хөлхөлдөж байгаа юм. Тиймээс дахин ухуулга, сурталчилгаа хийж, тараахгүй бол нөхцөл байдал цаашид яаж ч өөрчлөгдөж болох талтай. 


 

Иргэд ээ, үнэт цаасны дансаа нээлгүүлснээр хувьцаагаа захиран зарцуулах эрхтэй болохгүй 


1072 хувьцааг худалдаж авч байна гэх дуулиан тарьж, иргэд Урт цагааныг сахисанаас хойш албаны хүмүүс, байгууллагууд анхааруулсан мэдээлэл гаргаад бай­гаа. Бүр Санхүүгийн зохицуу­лах хорооноос мэдэгдэл гар­гаж, хувьцаа зарах, худалдаж авах ямар ч боломжгүй гэдгийг анхааруул­сан. Иргэд өнөөдрийг хүр­тэл энэ мэдээлэлд итгэхгүй, харин цуурхалд итгээд байгаа болол­той. 


Эсвэл хэн нэгэн үнэхээр хувь­цаа худалдаж аваад байгаа ч байж болох юм. Ямар ч байсан иргэ­дэд анхааруулах үүднээс зарим албаны эх сурвалжийн яриаг энд багтаах нь зүйтэй болов уу. 


 

Б.Өлзийбаяр: 1072 хувьцааг захиран зарцуулах, өвлүүлэх, шилжүүлэх, бэлэглэх, арилжаалах ямар ч эрх нээгдээгүй


/Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга/

Данс нээх ажил өнөөдөр гэнэт эхэлсэн юм биш.   2011, 2012 онд Засгийн газрын тогтоол гарснаас хойш данс нээх ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 800 мянган иргэн Үнэт цаасны төлбөр тооцооны харилцах дансаа нээлгүүлээд байна. Энэ ажил цаашид ч үргэлжлэх болохоор иргэд яарах хэрэггүй.  



Ихэнх иргэд үнэт цаасны дансаа нээлгүүлснээр хувьцаагаа захиран зарцуулах эрхтэй болно гэж бодоод байх шиг байна. Тиймэрхүү худал цуу яриа газар авч, иргэд олноороо нэг газар цуглараад байгаа юм.  Нэгдүгээрт,  иргэн таны хувьцаагаа захиран зарцуулах эрхийг Засгийн газраас шийддэг. Хоёрдугаарт, 1072 хувьцааг одоохондоо захиран зарцуулах, өвлүүлэх, шилжүүлэх, бэлэглэх, арилжаалах ямар ч эрх нээгдээгүй байгаа.  Тиймээс бүртгэлгүй байгаа хувьцааг зарах ямар ч боломжгүй.  Одоогоор бидэнд хувьцаагаа зарсан болон авсан хүний талаарх мэдээлэл алга. 



Аливаа хувьцааг арилжаалахад заавал Монголын хөрөнгийн биржээр дамждаг. Гэтэл энэ хувьцаа Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй хувьцаа шүү дээ. Тэгэхээр хэн нэгэнд зарж борлуулах ямар ч боломжгүй гэдгийг дахин хэлье.  Манай ард иргэдийн хөрөнгийн зах зээл, үнэт цаасны талаарх мэдлэг маш дутмаг. Тийм болохоор ийм худалд цуурхалд итгэж цугларсан гэж бид харж байна.
 

 
Ж.Батзандан: 1072 хувьцаа хөрөнгийн зах зээлд арилжигдах хүртэл зарах ямар ч боломжгүй 


/УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга/ 

-1072 хувьцааг хятадуудад зарах гэж байна гэдэг худлаа мэдээлэл.  Харин 1072 хувьцааг чөлөөтэй хөрвөх эрхийг Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор хаасан. Өөрөөр хэлбэл,  "Хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хувьцааг саналын эрхгүй аливаа хэлбэрээр захиран зарцуулах боломжгүй" гэж Засгийн газрын тогтоолд маш тодорхой заасан байгаа. Тиймээс Тавантолгойн 1072 хувьцаа хөрөнгийн зах зээлд арилжигдах хүртэл захиран зарцуулах, тэр тусмаа гадаадын хүнд зарах боломжгүй.  

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Пунцагболд
Иргэд 1072 хувьцаагаа төрд худалдахыг хүсч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани