Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгаль орчны нөхөн сэргээлтэд зориулж аж ахуйн нэгжүүд 13 тэрбум төгрөг барьцаалжээ

Байгаль орчны нөхөн сэргээлтэд зориулж аж ахуйн нэгжүүд 13 тэрбум төгрөг барьцаалжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Өнгөрсөн онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 7.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 591.1 тэрбум төгрөгөөр давсан байна. Харин төсвийн зарлага 9 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцэл ДНБ-ний 6.4 хувь буюу 1 их наяд 742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бөгөөд Үндэсний аудитын газраас Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг анх удаа "зөрчилгүй” хэмээн дүгнэснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр төсвийн хөрөнгө үргүй зарцуулсан, хариуцлагагүй хандсан албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцож байгааг Д.Тэрбишдагва гишүүн тодрууллаа. Аудитын дүгнэлтээр зөрчилтэй гарсан төрийн байгууллагуудын удирдлагуудад хариуцлага тооцох саналыг холбогдох яамдын сайд нарт хүргүүлсэн байна. Хуулийн хүрээнд тухайн байгууллагын удирдлагуудыг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцох боломжтой гэдгийг Үндэсний аудитын газрын удирдлагууд хэлэв.
Мөн Ц.Гарамжав гишүүн уул уурхайгаас үүдэн сүүрсэн байгаль орчныг нөхөн сэргээх болон цөлжилттэй тэмцэх чиглэлд өнгөрсөн онд хэдэн төгрөг зарцуулсныг асуулаа.
Одоогоор Монгол Улсын нийт нутгийн 76.8 хувь тодорхой хэмжээгээр цөлжитөд өртөж байгаа бөгөөд үүний 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй байгааг БОАЖЯ-ны мэргэжилтнүүд хариулав. Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс нөхөн сэргээлт хийхэд зориулан тодорхой хэмжээний барьцаа хөрөнгө авдаг аж. Одоогоор аж ахуйн нэгжүүдээс нийт 13 тэрбум төгрөгийн барьцаа татсан гэдгийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа хэллээ.
Энэ үеэр Д.Тэрбишдагва тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан ч олонхын дэмжлэг авсангүй. Тэрбээр, "2017 оны гүйцэтгэл бол ирэх оны төсвийн төслийг боловсруулах, батлахад чухал нөлөөтэй. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэхэд салбарын буюу БОАЖ-ын сайд заавал оролцох ёстой. Одоогоор  БОАЖ-ын сайд болон дэд сайд гадаадад томилолтоор ажиллаж байгаа. Тиймээс тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, Н.Цэрэнбат сайдыг ирсний дараа хэлэлцэх хэрэгтэй” гэсэн юм.
Ийнхүү байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Байгаль орчны нөхөн сэргээлтэд зориулж аж ахуйн нэгжүүд 13 тэрбум төгрөг барьцаалжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL