Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мөнгөний хүдэр боловсруулах арга технологийн онцлог

Мөнгөний хүдэр боловсруулах арга технологийн онцлог

 

Сэдвийн агуулга:
 
1.Металл мөнгө олборлолт үйлдвэрлэлийн түүх.
2.Мөнгөний хүдэр ба эрдсүүд. 
3.Мөнгөний хүдрийн баяжуулалт ба боловсруулалт.
4.Мөнгө үйлдвэрлэлийн хэмжээ ба өртөг зардал түүний нөөц, эрэлт хэрэгцээ.
5.Монгол орны мөнгөний ордууд түүний нөөц ба олборлолт.  
  
1.Металл мөнгө олборлолт үйлдвэрлэлийн түүх 
 
Хүн төрөлхтөн мөнгө олборлон ашигласан түүх 5000 гаруй жилийн өмнөөс эхэлсэн гэж үздэг. Мөнгө нь алтны адил байгаль дээр хүдэр хэлбэртэйгээс гадна цэвэр цул байдлаар тохиолдох нь элбэг байдаг  учир хүн төрөлхтөн энэ металлыг эрт дээр үеэс олборлож ашиглаж иржээ. 
 
Эртний Ассири, Вавилоны  эзэнт гүрнүүдэд мөнгийг ариун металл гэж  өргөмжлөн Сарны бэлгэдэл хэмээн үзэж маш ихээр олборлож ашиглаж байсан түүх бий. Өнөөгийн Турк улсын нутаг дэвсгэрт орших Анатолид МЭӨ 3000 орчим жилийн өмнө мөнгө олборлож байсан археологийн олдвор олдсон төдийгүй энэ үнэт металл нь Ойрхи Дорнод, Эртний Грек, Ромын соёл иргэншил цэцэглэн хөгжихөд маш их нөлөө үзүүлсэн гэж үздэг. 
 
МЭӨ 1200 оны орчимд мөнгөний үйлдвэрлэлийн төв Грекийн Лауриумын мөнгө- хар тугалганы уурхай байсан. Энэ уурхай нь тухайн бүс нутгийг өсөн нэмэгдэж буй мөнгөний эрэлт хэрэгцээг бүрэн хангаж  байсан төдийгүй эртний Афиныг мөнгө валютаар хангадаг эх уурхай  байжээ. Лауриумын уурхайг  МЭӨ 500 -аас МЭ 100 он хүртэл идэвхтэй олборлож ашиглаж байсан түүхэн баримт байдаг.   Тэдний ашиглаж байсан металл мөнгийг хар тугалганаас нь ялгаж салгах  эртний арга эдүгээг хүртэл уламжлагдсаар ирсэн.  Мөнгөний хүдрийг буталж нунтаглаад усаар угааж хатаасны дараа флюстэй хольж хайлуулаад дараа нь хайлшаа модны нүүрстэй хамт халаана. Үүссэн мөнгө хар тугалганы хайлшийг улайстал нь агаарт ил халаахад хар тугалга нь бараг бүрэн исэлдэж оксид үүсгэх ба мөнгө цэврээрээ үлддэг. Хар тугалганы оксид нь 896ө С- градусд мөнгө нь 960°С- градусд хайлдаг бөгөөд тэд цэвэр мөнгийг ийм аргаар гаргаж авдаг байжээ. МЭ 100-гаад онд мөнгө олборлолтын төв Испани руу шилжсэн бөгөөд Карфаген дахь уурхай нь Ромын эзэнт гүрний гол нийлүүлэгч байсан төдийгүй Ази-Европын худалдааны зам дагуух үйлдвэрлэл худалдааны чухал зангилаа төв нь байсан. Түүнээс гадна Монголын эзэнт гүрний үед олон улсын хооронд худалдаа арилжаа эрчимжин хөгжиж, Өрнө Дорныг холбосон торгоны зам ажиллаж эхлэх үед алт тэр тусмаа мөнгөн зоос арилжааны гол хэлбэр болон дэлхий даяар түгж байсан түүхэн үе бий. 
 
Христофер Колумб 1492онд шинэ тивд газардсаны дараа Америк тивд цагаан металл олборлолт шилжин ирсэн байдаг. Европын байлдан дагуулагчид  шинэ тивд олон мөнгөний орд нээсэн нь мөнгөний олборлолтыг эрс нэмэгдүүлсэн түүхэн үйл явдал болсон.
 
Испаничууд Америк тивийг анх түрүүлж эзлэн авснаар тэдний мөнгөний олборлолт эрс нэмэгдсэн төдийгүй зөвхөн 1500-1800 оны хооронд Боливи, Перу, Мексикээс дэлхийн нийт мөнгөний үйлдвэрлэл, худалдааны 85 гаруй хувийг авч байсан түүхэн баримт бий. Хожим нь уул уурхай ба мөнгө олборлолт бусад улс орнуудад хөгжиж ялангуяа АНУ-д Невада мужид Comstock Lode-ийг нээснээр мөнгө олборлолтын төв тийш шилсэн байна. 
 
Дэлхий даяар мөнгөний олборлолт үйлдвэрлэл өргөжин тэлж 1870 -аад он гэхэд жил бүр 40-80 сая унц хүрсэн байна.  Хамгийн том цул мөнгийг Германы Шнеебергийн уурхайгаас 1477 онд олсон бөгөөд тэр нь даруй 20 тонн жинтэй байсан гэдэг. 
 
Шинэ тив газар нутгийг эзэмших ашиглах үйл явц эрс нэмэгдсэн мөн уул уурхайн техник технологийн шинэ дэвшил хөгжлийн үр дүнд 1876-1920 онуудад мөнгө олборлолт үйлдвэрлэлд тэсрэлт гарсан байна.  XIX зууны сүүлийн хагаст мөнгө үйлдвэрлэлийн хэмжээ эхний 75 жилийн дунджаас дөрөв дахин өсөж, жилд ойролцоогоор 120 сая унц хүрч байжээ. Дэлхийн мөнгөний нийт үйлдвэрлэл эрс нэмэгдсэн нь Австрали, Төв Америк, Европ дахь мөнгөний шинэ шинэ ордуудын нээлттэй шууд холбоотой бөгөөд 1900-1920 оны хоорондох хорин жилийн хугацаанд дэлхийн нийт үйлдвэрлэл 50 -хувиар өсч, нийт дүн нь жилд 190 сая унц хүрсэн. Энэ өсөлт нь Канад, АНУ, Африк, Мексик, Чили, Япон болон бусад улс орнуудын шинэ шинэ ордуудын нээлттэй шууд холбоотой байсан. 
Түүнээс гадна XX зууны эхэнд гарсан шинжлэх ухаан техник, технологийн шинэ дэвшил хөгжил нь мөнгөний олборлолт үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан билээ. 
 
Уурын хөдөлгүүрийн тусламжтайгаар өрөмдлөг хийх, уурхайн усыг зайлуулах, хүдэр чулуу тээвэрлэлтийг хурдыг нэмэгдүүлж сайжруулсан гээд олон том ололтууд гарсан. Энэ хүдэр олборлох баяжуулах техник технологийн дэвшил хөгжил нь мөнгийг бусад хүдрээс ялгах чадварыг нэмэгдүүлсэн төдийгүй илүү их хэмжээний хүдэр материалыг боловсруулах боломжийг авчирсан. 
 
Ийнхүү шинэ арга технологийг ашиглаж эхэлсэн нь мөнгө үйлдвэрлэлийн хэмжээг эрс нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байсан төдийгүй XIX зууны эцэс гэхэд дэлхийн өнцөг булан бүрт байсан өндөр агуулгатай холимог металлын хүдрийг ашиглаж эхэлсэн түүхтэй холбоотой. Эртний соёл иргэншил мөнгийг харьцангуй бага хэмжээгээр олборлож эхэлснээс хойших 5000 гаруй жилийн түүхэн хугацааны дараа дэлхийн нийт мөнгөний олборлолт үйлдвэрлэл нэмэгдсээр 2019он гэхэд 833 сая унц хүрсэн.
 
2. Мөнгөний эрдэс түүхий эд ба хүдрийн төрлүүд
 
Мөнгө (лат. Argentum, англ. Silver) нь гялалзсан цагаан өнгөтөй металл буюу химийн элемент юм. Түүний атом масс 107,87 ба химийн үелэх системийн 47-р байр эзлэх бөгөөд Ag гэж тэмдэглэгддэг үнэт металл.  
 
Мөнгө нь манай гариг дээр цэвэр дангаар болон нэгдлийн байдлаар тохиолддог металл бөгөөд мөнгө агуулсан 60 гаруй эрдэс чулуулаг байдгаас үйлдвэрлэлийн ач холбогдолтой 10 гаруй эрдэс бий.  Мөнгөний бие даасан хүдрийн биет тохиолдох нь маш ховор бөгөөд ихэнхдээ зэс алт, холимог металлын ордын хүдрийн биетэд дагалдан үүссэн байдаг. 
 
Шижирмэг цэвэр мөнгөгийг дангаар нь баяжуулан авах тохиолдол ховор ихэвчлэн алт, зэс, висмут, сурьма мэтийн элементүүдийг агуулсан хүдрийг баяжуулан мөнгө дагалдуулсан баяжмал гарган авдаг. Дэлхий дээр мөнгө алтнаас 20 дахин их, зэснээс үлэмж бага хэмжээтэй оршдог бөгөөд цэвэр мөнгө гялалзсан цагаан өнгөтэй зөөлхөн, давтагдах сунах шинж чанартай, онцгой хурц мөнгөлөг цагаан гялбаатай, дулаан ба цахилгааныг бусад металлаас илүү сайн дамжуулдаг.  Бусад төрлийн зэвэрдэггүй металлын адил химийн урвалд маш тэсвэртэй ердийн хүчлээс устөрөгчийг түрдэггүй, хуурай, цэвэр агаарт өөрчлөгддөггүй гэвч агаарт хүхэрт устөрөгч болон хүхрийн дэгдэмхий нэгдэл байвал мөнгө харладаг.  Азотын ба хүхрийн хүчил мөнгөтэй алгуур урвалд орж түүнийг уусгадаг.  
 
Давсны хүчил ба хаан дарс мөнгийг уусгадаггүй учир нь гадаргаар нь хлорт мөнгөний AgCl хамгаалах нимгэн хальс үүсдэгтэй холбоотой. Ихэнх нэгдэлд мөнгө исэлдлийн +1 зэрэгтэй байдаг боловч мөнгө исэлдлийн +2 зэрэгтэй байж болдог. Мөнгөний зарим бэлдмэл бактери устгах чадвартай нитрат, колларгол үүсгэдэг. 
 
Мөнгөний давснууд гэрэл мэдрэх чадвартай тул фото зургийн үйлдвэрлэлд XVIII зууны сүүл үеэс өргөн хэрэглэж ирсэн түүхтэй. Металл мөнгө фото зургийн үйлдвэрлэл, цахилгаан техник болон электроникийн үйлдвэрлэл ба гоёл чимэглэл, мөнгөн зоос үйлдвэрлэл, анагаах ухаан, толь үйлдвэрлэх, хайлшууд бэлтгэх, төмөрлөг эд зүйлсийн өнгөлгөө бүрхүүл хийх гээд өргөн хүрээнд ашигладаг.Дээр дурдсанчлан мөнгө нь байгаль дээр цэвэр цул эрдсийн хэлбэртэй тохиолдох боловч ихэнхдээ хүхэртэй нэгдэж сульфид эрдсүүд үүсгэн тогтсон байдаг. Дан мөнгөний хүдэр нь техник эдийн засгийн хувьд цэвэр мөнгө ялгаж авах боломжтой өндөр агуулгатай байх нь ховор бөгөөд мөнгө агуулсан үйлдвэрлэлийн ач холбогдолтой  эрдсүүдэд дараах эрдэс чулуулгууд тооцогддог.
 
•электрум (алт-мөнгө);
•кюстелит (мөнгө-алт);
•аргентит (мөнгө-хүхэр);
•прустит (мөнгө-мышьяк-хүхэр);
•бромаргерит (мөнгө-бром);
•кераргирит (мөнгө-хлор);
•пираргирит (мөнгө-сурьма-хүхэр);
•стефанит (мөнгө-сурьма-хүхэр);
•полибазит (мөнгө-зэс-сурьма-хүхэр);
•фрейбергит (зэс-хүхэр-мөнгө);
•аргентоярозит (мөнгө-төмөр-хүхэр);
•дискразит (мөнгө-сурьма);
•агвиларит (мөнгө-селен-хүхэр)
 
Цэвэр мөнгө: (100%), мөн ар­ген­тит Ag2S(87,1%), по­ли­ба­зит (Аg,Cu)16Sb2S11 (62,1–84,9%), пру­стит Аg3AsS3 (65,5%), пи­рар­ги­рит Ag3SbS3 (60%), элек­трум Au,Ag (38%) гэсэн эрдсүүд мөнгө агуулсан байдаг.  Өнөөгийн байдлаар мөнгөний хүдрийн батлагдсан нөөцийг хоёр үндсэн хэсэгт хувааж үздэг: нэг нь дан цэвэр мөнгөний хүдэр  энэ нь олборлолтын өртгөөс үл хамаарах үйлдвэрлэлийн ач холбогдолтой, нөгөө нь мөнгө дагалдсан хүдэр энэ нь үйлдвэрлэлийн ач холбогдлоос доогуур мөнгөний агуулгатай хүдэр гэж ангилдаг. Мөнгөний хүдрийг алт-мөнгөний хүдэр, дан цэвэр мөнгөний хүдэр гэж ангилах нь бий эдгээр хүдэр нь ихэнхдээ хар тугалга, цайр, зэс гээд өнгөт металлуудтай хамт оршдог. Дэлхийн нийт мөнгөний үйлдвэрлэлийн 99 гаруй хувийг эдгээр хүдрээс олборлодог төдийгүй нийт гарган авч буй цэвэр мөнгөний гуравны хоёроос илүү хувийг полиметалл буюу холимог металлын хүдрийн ордуудаас бүрдүүлдэг.
 
Нийт мөнгө олборлолтын хэмжээ                                                      
  
сонин mn
Дэлхийн нийт мөнгө олборлолт үйлдвэрлэлийн хэдэн хувийг хаанаас ямар эрдэс металлын хүдрээс авч байгааг доорх зурагт харуулав.
 
сонин mn
Цэвэр металл мөнгө үйлдвэрлэлийн 27 орчим хувийг мөнгөний анхдагч уурхайгаас авдаг бол гуравны нэгээс илүү хувийг хар тугалга, цайрын уурхайгаас, 20 гаруй хувийг зэсийн уурхайгаас авч байгааг дээрх зургаас харж болно. 
 
Хэдийгээр зарим холимог металлын хүдэрт мөнгөний агуулга өндөр байдаг боловч мөнгө үндсэн бүтээгдэхүүн болгодоггүй. Ер нь ихэнх холимог металлын хүдэр нь 0.085 хувь мөнгө, 0.5 хувь хар тугалга, 0.5 хувь зэс, 0.3 хувь сурьма агуулсан байх нь бий. Тэдгээрийг хөвүүлэн баяжуулсны дараа 1,7 хувийн мөнгө, 10-15 хувийн хар тугалга, 10-15 хувийн зэс, 6 хувийн сурьма агуулсан баяжмал гарган авдаг.   
                      
Үйлдвэрлэсэн мөнгөний 25-27 орчим хувийг цэвэр мөнгөний анхдагч хүдрээс гарган авч үлдсэн 75 хувь нь хар тугалга, зэс, цайр, алт гэсэн өнгөт ба үнэт металлын хүдрээс гарган авдгийг дээрх график зурагт харуулсан билээ. Металл мөнгө нь эдгээр өнгөт металлын хүдрийн сульфид эрдсүүдэд ихэвчлэн агуулагддаг бөгөөд хар тугалганы галенит (PbS), цайрын сфалерит (ZnS), зэсийн халкопирит (CuFeS2) Халькозин (CuS) гэсэн эрдсүүдийн дотор агуулагддаг. 
 
Түүнээс гадна пирит (FeS2) ба арсенопирит (FeAsS) гэсэн сульфид эрдсүүдэд мөнгөний эрдэсжилт их хэмжээгээр орших нь бий. Мөнгөний эрдэсжилт нь ихэвчлэн аргентит (Ag2S), проустит (Ag3AsS3), полибазит [(Ag, Cu) гэсэн эрдсүүдэд их хэмжээгээр байдаг. Мөнгөний  агуулга  дан цэвэр мөнгөний хүдэрт 200-800г/т хүрэх ба холимог металлын хүдрүүдэд дунджаар 50-60г/т мөнгө агуулагдах боловч түүнээс зонхилох металл мөнгийг гаргаж авдгийг өмнөх зурагт харуулсан. 
 
Эдгээр мөнгө агуулсан хүдрийг ил болон далд аргаар олборлоод дараа нь буталж нунтаглаад хөвүүлэн баяжуулдаг. Дээр дурдсанчлан мөнгө агуулсан бүх хүдэр бараг бүгдээрээ сульфид эрдсүүдээс тогтдог учраас тэдгээрийг флотац буюу хөвүүлэн баяжуулах аргаар авдаг тэндээс 30-40 дахин өндөр агуулгатай өнгөт металлын баяжмал авдаг.  Өнгөт металлын баяжмалуудаас хар тугалганы баяжмалд хамгийн их мөнгө агуулагддаг бөгөөд цайрын баяжмалд мөнгө хамгийн бага хэмжээгээр агуулдагддаг.
 
Мөнгөн алтны хүдэр: 
 
Алт мөнгөний хүдэрт алтнаас гадна нэг тонн хүдэр тутамд хэдэн арваас хэдэн зуун грамм мөнгө агуулагддаг бөгөөд энэ мөнгөний хүдэр нь ихэвчлэн шаварлаг эрдсүүд, төмрийн исэл, манганы исэлтэй зэрэгцэн оршдог. Байгалийн дан цэвэр мөнгөний мөхлөгүүд ихэвчлэн металлын исэл ба гидроксидын гадаргууд хальсан бүрхүүл үүсгэсэн хэлбэртэй тогтсон байдаг.  Алтны эрдсүүдэд байгалийн цэвэр шижир алт, мөнгө-алт гэсэн хэлбэртэй оршдог мөн алтны ширхэглэлийн хэмжээ маш бага хэмжээтэй бөгөөд тухайн эрдсүүдийн дотор шигдэж сууж өгсөн байдаг.
 
Хар тугалга, цайр, зэстэй хамт орших мөнгөний хүдэр:
 
Хар тугалга, цайр, зэстэй хамт орших мөнгөний хүдэр дахь мөнгө нь гол төлөв бие даасан мөнгөний эрдсүүдээс тогтсон байдаг. Олон янзын орд газруудад мөнгө нь хүхэр, зэс, хар тугалга, цагаан тугалга, сурьма, теллур, селен, хүнцэл болон бусад элементүүдтэй янз бүрийн нэгдлүүд үүсгэн орших нь бий.
 
Төрөл бүрийн мөнгөний эрдсүүд хар тугалга, цайр, зэс болон бусад сульфид эрдсүүдтэй нягт холбогдон оршдог төдийгүй цэвэр мөнгөний мөхлөгүүдийн ихэнх нь маш нарийн жижиг ширхэгтэй учир эрдсүүдийн дотор шигдэж сууж өгсөн байдаг. 
 
Дан цэвэр шижирмэг мөнгөний ширхэглэлийн хэмжээ нь 0.04 мм-ээс бага байх бөгөөд ихэнх мөнгөний эрдсийн ширхэглэлийн хэмжээ 0.04-0.02мм хүртэл байдаг.  Хамгийн нарийн  жижиг ширхэглэл нь 0.001мм хэмжээтэй байх нь бий. Маш нарийн жижиг ширхэглэлтэй мөнгөний эрдсүүд галенит, сфалерит мөн зэсийн сульфидын эрдсүүдийн дотор шигдэж сууж өгсөн байх төдийгүй түүний атом бүтэц орц найрлаганд нь орсон бичил биет хэлбэрээр тархан оршдог.  Флотаци буюу хөвүүлэн баяжуулалтын үр дүнд тэдгээр сульфид эрдсүүдтэй хамт цэвэр мөнгөний мөхлөгүүдийн баяжуулан авах технологи бий. Ер нь дэлхий дээр олборлон авч буй нийт мөнгөний 70-80 хувийг мөнгө агуулсан өнгөт металлын сульфидийн хүдрээс нарийн төвөгтэй баяжуулах боловсруулах арга ажиллагааны үр дүнд гаргаж авдаг. 
 
Жишээлбэл: зэс, хар тугалга, цайрын сульфидийн баяжмалыг пирометаллургийн аргаар боловсруулан мөнгө агуулсан цайр, хар тугалга эсвэл цэвэр зэс хэлбэрээр гаргаж авдаг. Металл мөнгөгийг баяжуулан авах цогц арга ажиллагааны сонголтод мөнгөний эрдсийн бүтэц найрлага, ширхэглэлийн хэмжээ болон бусад шинж чанарууд чухал нөлөө үзүүлдэг учир сайтар судлан шинжлэх шаардлагатай байдаг.
 
3. Мөнгөний хүдэр баяжуулах боловсруулах арга технологи
 
Мөнгөн-алтны хүдэрт олон төрлийн мөнгөний мөхлөгүүд оршдог тэдгээр нь ихэвчлэн янз бүрийн бүтэц найрлага, хэлбэр хэмжээтэй оршдог бөгөөд уурхайд тэдгээрийг хамтаар нь олборлон баяжуулах аргыг ихэвчлэн ашигладаг.  Ерөнхийдөө мөнгө алтны хүдрийг баяжуулах үндсэн арга технологи нь флотаци ба цианиджуулах арга ажиллагаа байдаг. Гэхдээ хэрхэн яаж баяжуулан авах арга ажиллагааг сонгохдоо мөнгөний хүдэр эрдсийн бүтэц найрлага, хэлбэр хэмжээ ба бусад шинж чанараас хамаарч сонгодог. Мөнгөний эрдэс дотор сфалерит буюу цайрын эрдэс мөн байгалийн цэвэр мөнгө давамгайлах тохиолдолд флотаци ба цианиджуулалтын хоёр аргыг хослуулан хэрэглэж мөнгөгийг баяжуулан авах боломжтой.  
 
Хүдэрт их хэмжээний бүдэг улаан өнгөтэй мөнгө, цайвар улаан мөнгө, селений агуулсан мөнгө бусад уусах чадвар муутай цианиджуулах боломжгүй эрдэс бодис ихээхэн агуулагдсан бол зөвхөн флотацийн аргыг ашиглан баяжуулан авдаг.
 
Гэхдээ флотацийн ба цианиджуулах арга технологийн хооронд металл авалтын хэмжээ ялгаатай байдагийг тэмдэглэх нь зүйтэй байх. Ихэнхдээ цианиджуулах арга ажиллагааны металл авалт флотацийн арга технологиос өндөр байдаг. Алт, мөнгөний нийтлэг хүдрийг баяжуулах боловсруулах үйл ажиллагаанууд дараах байдалтай байж болно.
 
I.Флотаци ба цианиджуулах 
 
Алт, мөнгө агуулсан кварцын судал бүхий сульфидын хүдрийг хөвүүлэн баяжуулан бага хэмжээний мөнгөний баяжмал авч дараа нь түүнийг цианиджуулан баяжуулах арга технологи ашиглах нь бий. Флотацийн баяжмалыг цианиджуулах нь хүдрийг бүхэлд нь цианиджуулах процесстой харьцуулахад нийт хүдрийг нарийн нунтаглах шаардлагагүй, эрчим хүчний хэмнэлттэй, үйлдвэрлэлийн зай талбай бага эзэлдэг давуу талуудтай.  Түүнээс гадна үйл ажиллагааны зардал багатай тоног төхөөрөмж ба капитал хөрөнгө оруулалтийн хэмжээ бага  байх гээд эдийн засгийн хэмнэлттэй  олон давуу талуудыг бий болгодог.
 
II. Флотаци-шарах-цианиджуудах
 
Энэхүү арга ажиллагааг хүчилд уусдаггүй алт-хүнцлийн хүдэр, алт-сурьманы хүдэр, хэт өндөр сульфидын агуулагтай алт-пиритийн хүдрийг баяжуулахад ихэвчлэн ашиглагддаг. Өндөр температурд шарах үйл ажиллагаа нь хүнцэл, сурьма болон бусад цианиджуулах процессод муугаар нөлөөлдөг хортой элементүүдийг зайлуулах зорилготой юм.
 
III. Флотаци-хайлуулалт-боловсруулалт
 
Алт, мөнгө агуулсан холимог металлын сульфидын хүдрийн дийлэнх хувийг энэ аргаар боловсруулдаг. Флотаци буюу хөвүүлэн баяжуулалтын үр дүнд зэс, хар тугалгын баяжмалтай хамт алт мөнгөгийг баяжуулан авдаг төдийгүй хайлуулах үйлдвэрт тэдгээрийг тусгайлан ялган авдаг арга ажиллагааг хэлдэг.
 
IV. Флотаци-цианиджуулах-шарах-цианиджуулах.
 
Энэхүү арга технологийг алт сурьмагийн нэгдэл, пирротит, халькопирит агуулсан сульфидын хүдэр  болон бусад кварц агуулсан сульфидын хүдрийг боловсруулахад өргөн ашигладаг. Хөвүүлэн баяжуулах аргаар сульфидын эрдсүүдийг баяжмал болгон хүдрээс ялгаж аваад түүнийг шарах буюу шатаах үйл ажиллагааны дараа алт, мөнгөгийг цианиджуулан уусган авах арга ажиллагаа юм. Флотацийн дараа хаягдал дахь алт, мөнгөний агуулга өндөр хэвээр байвал түүнийг цианиджуулан гүйцэт баяжуулан авах ажиллагааг хэрэглэдэг.
 
V. Цианиджуулах-флотаци
 
Сульфид хүдэрт орших алт, мөнгийг цианиджуулан бүрэн гүйцэд баяжуулан авах боломжгүй үед цианиджуулсан шаар булингыг дахин хөвүүлэн баяжуулж алт, мөнгөний авалтыг нэмэгдүүлэх боломжтой арга технологийг ашиглах нь бий. Мөнгө агуулсан хүдэр баяжуулах эдгээр олон аргуудаас гадна өнгөт металлын баяжмалуудаас цэвэр металл мөнгө ялгаж авдаг металлургийн төрөл бүрийн арга технологи байдаг. Өнгөт металлургийн нарийн төвөгтэй олон арга ажиллагааны үр дүнд цэвэр металл мөнгөгийг ялгаж авдаг. Тэдгээр арга технологийн тухай товч танилцуулга хүргье.
 
Зэсийн баяжмалаас мөнгө ялгаж авах процесс:
 
Зэсийн сульфидийн баяжмалыг хайлуулах боловсруулах үед баяжмал дахь мөнгөний 97-99хувийг агуулсан "цэврүү" зэс үүсдэг. Зэсийг баяжмалыг электролизийн аргаар цэвэршүүлэх үед нялцгай биет гэж нэрлэгддэг уусдаггүй хольц нь цэвэршүүлэх савны ёроолд аажмаар хуримтлагдан үлддэг. 
 
Энэ хольц хуримтлалд зэсийн баяжмалд анх агуулагдаж байсан мөнгө маш ихээр хуримтлагдан өндөр агуулгатай болсон байдаг; Жишээлбэл, сульфидийн баяжмал дахь мөнгөний агууламж 0.2 хувь байвал 20 хувийн мөнгө агуулсан нялцгай биет буюу давирхай үүсдэг. Ер нь мөнгө, алт, цагаан алтны алтны бүлгийн металлаас бусад бараг бүх металлыг исэлдүүлэхийн тулд жижиг босоо зууханд хайлуулдаг. 
 
Доре гэж нэрлэгддэг алт мөнгөний хайлш нь ерөнхийдөө 0.5-5% алт, 0.1-1% цагаан алтны металл, үлдэгдэл мөнгө агуулдаг. Энэ металлыг хайлшийг цутгаж, анод үүсгэж, мөнгө-зэсийг нитратын уусмалд электролиз аргаар ялган авдаг. Энэ үйл ажиллагаанд Moebius ба Thum Balbach систем гэсэн хоёр өөр цахилгаан химийн цэвэршүүлэх аргыг ашигладаг.
 
сонин mn
Moebius ба Thum Balbach процесс буюу системийн бүдүүдч зураг:
 
Тэдгээрийн гол ялгаа нь электродууд нь Моебиус системд босоо байрлалтай, Thum Balbach системд хэвтээ байрлалтай байдаг. Электролизийн аргаар гаргаж авсан мөнгө нь ихэвчлэн гурван есийн цэвэршилттэй байдаг төдийгүй заримдаа энэ аргаар дөрвөн есийн буюу 99.99 хувийн цэвэршилттэй мөнгө гарган авч болдог. 
 
Хар тугалганы баяжмалаас мөнгө ялгаж авах процесс:
 
Хар тугалганы баяжмалыг эхлээд шарж хайлуулаад, сурьма, хүнцэл, цагаан тугалга, мөнгө зэрэг хольцыг зайлуулан хар тугалганы гулдмай гаргаж авдаг. Хайлсан хар тугалганы гулдмай дээр цайр нэмж мөнгө алтыг ялган авах Паркесын процессын үр дүнд мөнгөгийг ялган авдаг.  
 
сонин mn
Паркесын процессын бүдүүвч зураг.
 
Паркесийн процесс гэдэг нь хар тугалганаас мөнгө ялгах пирометаллургийн үйлдвэрлэлийн процесс буюу энэ нь шингэн-шингэн-хандлах гэсэн арга ажиллагаануудаас бүрддэг. Паркесийн процесс нь цайрын шингэн төлөв байдлын 2 шинж чанарыг ашигладаг.  Эхнийх нь цайр нь хар тугалгатай холилддоггүй, нөгөө нь мөнгө хар тугалгатай харьцуулахад цайрт 3000 дахин илүү уусдаг.
 
Мөнгө агуулсан хар тугалганы шингэн дээр цайр нэмэхэд мөнгө нь цайр руу шилждэг төдийгүй цайр нь алт, мөнгөтэй хурдан бөгөөд бүрэн урвалд орж, гулдмайн оройд хөвж уусдаггүй нэгдлүүдийг үүсгэдэг.  Цайр нь тугалгатай холилдохгүй тул тусдаа давхарга үүсгэн үлдэж амархан ялгардаг.  
 
Дараа нь цайр мөнгөний хайлшийг цайр уурших хүртэл халааж бараг цэвэр мөнгө ялган авдаг. Мөн хар тугалганы хайлш шингэнд алт агуулагдаж байгаа бол мөн адил энэ аргаар алтны ялган авч болдог.  Энэ арга ажиллагааг Английн металлурги Александр Паркес 1850 онд патент авсан байдаг. Үлдсэн хар тугалга-алт мөнгөний үлдэгдлийг өндөр температурт (ойролцоогоор 800 ° C буюу 1450 ° F) халааж хүчтэй исэлдүүлэх аргаар боловсруулдаг. Мөнгө, алт нь металл элемент хэлбэрээр үлддэг бол хар тугалга исэлдэн ангижран ялгардаг. Энэ ялгарсан алт, мөнгөний хайлшийг цаашид дээрх Moebius ба Thum Balbach процессоор дахин цэвэршүүлдэг 
 
Цайрын баяжмалаас мөнгө ялгаж авах процесс: 
 
Цайрын баяжмалыг шарж халаадаг дараа нь хүхрийн хүчлээр уусган цайрын агууламжийг бууруулдаг ба уусгалтын дараа хар тугалга, мөнгө, алт агуулсан үлдэгдэл шаар үлддэг түүн дахь цайрын агууламж 5-10 хувь хүртэл буурсан байдаг.  Энэ нь шаарыг халуун хийгээр үлээх утаан аргаар боловсруулдаг буюу нунтаг нүүрс эсвэл коксыг агаартай хамт үлээлгэдэг.  Цайр нь металл хэлбэрт орж, шаараас салж ууршдаг бол хар тугалга нь металл хэлбэрт шилжиж, мөнгө, алтыг өөртөө уусгадаг.  Энэхүү хар тугалганы гулдмайг дээр дурдсан аргаар боловсруулдаг ба түүнийг үе цуглуулж хар тугалга боловсруулахад зуух руу илгээдэг.
 
сонин mn
Цайр мөнгөгийг ялгах үйл ажиллагааны бүдүүвч зураг:
 
Металл хайлш ба хаягдал түүхий эдээс авах мөнгө:
 
Нийт үйлдвэрлэсэн мөнгөний 60 орчим хувийг гэрэл зургын салбарт ашигладаг бөгөөд ашигласан гэрэл зургийн хальснаас металл мөнгөгийг дахин боловсруулж авч болдог.  Гэрэл зургийн хальсыг шатааж үнс үлдэгдлийг уусган ууусмал электролизийн аргаар мөнгө гарган авдаг технологи бий.   Мөн өндөр зэрэглэлийн үнэт эдлэлийн хаягдлыг ихэвчлэн засварлаж боловсронгуй болгохоос гадна хайлуулан дахин ашигладаг. 
 
Мөнгө болон бусад үнэт металлыг өнгөлөх, нунтаглах явцад үүссэн нарийн ширхэгтэй тоос ба жижиг ширхэгтэй үлдэгдлийг цуглуулан хайлуулж цэвэр бус мөнгө авдаг төдийгүй түүнийг цахилгаан химийн /электролизийн/ аргаар цэвэршүүлэн мөнгө гарган авдаг.
 
Метал мөнгө нь маш их зөөлөн уяан хатан шинж чанартай элдэв зураас, эвдрэлд өртөмтгий металл. Тиймээс түүний хатуулгийг нэмэгдүүлэхийн тулд бусад металлуудыг нэмж, илүү бат бөх, эвдрэл гэмтэл тэсвэртэй хатуу хайлш гаргаж авдаг.
 
Хамгийн алдартай зэс-мөнгөний хайлш бол Английн фунт Стерлинг 92.5 хувь мөнгө, 7.5 хувь зэс агуулсан байдаг бөгөөд зоос мөнгө нь 90 хувийн мөнгө, 10 хувийн зэсийн агуулгатай хайлш юм. Элдэв үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зориулалтаар ихэвчлэн 85-90 хувийн мөнгө ба өөр бусад үнэт ба өнгөт металл ашигладаг.
 
Мөнгө нь бүх металлаас хамгийн өндөр цахилгаан дамжуулах чадвартай тул цахилгаан дамжуулах эд ангиудад өргөн ашиглагддаг.  Палладий, никел нь металлын исэлдэлд, сульфидын химийн эсэргүүцлийг сайжруулж, зэврэлтэд тэсвэртэй болгодог.  Мөн гагнуурын дүүргэгчид хамгийн түгээмэл хэрэглэгддэг үнэт металл бол мөнгө бөгөөд түүнийг хөнгөн цагаан, магни, титанаас бусад бараг бүх ган, өнгөт металлыг гагнахад ашигладаг. Энэ гагнуурын хайлшийн ердийн найрлага нь 50 хувь мөнгө, 34 хувь зэс, 16 хувь цайр байдаг.
 
4.Мөнгө үйлдвэрлэлийн хэмжээ ба өртөг зардал түүний нөөц, эрэлт хэрэгцээний тухай
 
Шинжээчдийн үзэж байгаагаар дэлхий дээрх энэхүү үнэт металлын батлагдсан нөөцийн нийт хэмжээ 600 мянган тонн гэж үздэг бөгөөд энэ нь ойрын 22 жилд л хүрэлцээтэй гэсэн тооцоо бий.
 
Дэлхийн нийт мөнгөний нөөцийн 23 хувь нь Перу улсад ногддог бөгөөд энэ металлын нөөцөөр Чили (14 хувь), Австрали (13 хувь), Польш(12 хувь), Хятад  ( 8 хувь), Мексик (7 хувь), АНУ(5 хувь) удаалдаг байна. Хамгийн том нөөцийг Польш, Перу эзэмшдэг бөгөөд эдгээр улсуудын нутаг дэвсгэр дээр тус бүр 110 мянга орчим тонн энэ цагаан металлын нөөц бий гэж тогтоосон. 
 
Цахилгаан, дулаан дамжуулах чадвартай, хайлуулахад хялбар энэ металл орчин үеийн электроникийн аж үйлдвэрт хамгийн их эрэлтэйгээс гадна аж үйлдвэрийн аль ч салбарт их бага хэмжээгээр ашиглагддаг.  Сүүлийн үед орчин үеийн анагаах ухаанд ч металл мөнгийг ашиглах нь эрс нэмэгджээ. Мөнгөний эрэлт хэрэгцээ жилээс жилд өсөж, нөөц нь тэр хэмжээгээр багасах болсон тул үнэ нь тогтмол өсч байна.  Мөнгө бол алтны дараа ордог хамгийн эрэлт хэрэгцээ өндөртэй үнэт металл билээ. 
 
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр  2018 онд манай гараг дээр 27 мянган тонн мөнгө үйлдвэрлэж байсан. Өнөөгийн байдлаар дэлхий даяар жил тутам 23-25 гаруй мянган тонн мөнгө олборлодог бөгөөд олборлолтын хэмжээгээр Мексик улс тэргүүлдэг. 
 
Мексик улс олон зууны турш металл мөнгө үйлдвэрлэлийн тэргүүн эгнээнд тасралтгүй явж ирсэн төдийгүй одоогоор тус улсад мөнгө агуулсан хүдрийн 200 орчим уурхай үйл ажиллагаа явуулж байна.  Тэдгээрээс хамгийн том орд уурхайнууд нь Лас Торес (4.3 сая тонн хүдэр), Ла Энкантада (3.2 сая тонн хүдэр) нар тооцогддог.  Өнөөдөр Мексик улс дэлхийн нийт "цагаан" алт үйлдвэрлэлийн 20 орчим хувийг дангаараа хангадаг бөгөөд нийтдээ 4500 тонн мөнгө олборлодог.  Мөнгө олборлогч хамгийн том компани нь Мексикийн "INDUSTRIAS PENOLES” болон дэлхийн уул уурхайн магнат "BHP” хоёр ордог. Зөвхөн энэ хоёр компани дэлхийн нийт мөнгө олборлолтын 20 шахам хувийг дангаараа хангадаг. 
 
Латин Америкийн Перу улс ч мөнгө идэвхтэй олборлодог бөгөөд улс орон даяар тархсан олон жижиг уурхайтай билээ.  Тэдгээр уурхайнуудаас дэлхийн нийт мөнгө үйлдвэрлэлийн 17% -ийг бүрдүүлдэг бөгөөд хамгийн том ордуудад Сан Рафаеле ба Дорнод Кордильера нарыг тооцдог.
 
Мөн Польш дахь хамгийн баян мөнгөний ордууд нь Любин хотын ойролцоо оршдог тэндээс маш их хэмжээний өнгөт металл ба мөнгө олборлож үйлдвэрлэдэг.  Дэлхийд тэргүүлэх зэргийн мөнгө олборлож үйлдвэрлэдэг компаниудын жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэж байсан түүхэн үе тэдэнд бий.
 
Дараах хүснэгтэд дэлхийд тэргүүлэх зэргийн мөнгө олборлогч, үйлдвэрлэгч улс орнуудыг харуулав.
 
сонин mn
Дэлхийн мөнгө олборлолт үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн 4 жил дараалан буурч 2020онд 784,4 сая унц хүрсэн. Энэ нь сүүлийн арваад жилийн хамгийн доод түвшинд хүрсэн дүн бөгөөд 5.9 хувиар буурчээ. Дэлхий нийтээр тархсан COVED-19 цар тахлын улмаас тэргүүлэх зэргийн мөнгө үйлдвэрлэгч улс орнуудын хэд хэдэн томоохон уурхайнууд 2020оны эхний хагаст түр хугацаагаар хаагдсанаас мөнгөний анхдагч уурхайнуудын гарц 119 хувиар буурч 209.4 сая/унц хүрч буурсан байна.  Энэ нь том мөнгөний уурхайнуудын зэрэглэл буурсан мөн зэсийн уурхайгаас гарах мөнгөний гаралт буурч байгаатай холбоотой төдийгүй зарим томоохон үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааны алдагдалтай шууд холбоотой юм. Бүс нутгийн хувьд Төв ба Өмнөд Америк 13 хувиар буурсан бол Хойд Америк 6 хувь, Европ 1 хувиар тус тус буурсан байна.  Мөнгөний олборлолт үйлдвэрлэлийн хувьд Чили улс 24 хувь, Турк улс 11 хувь, Индонез 14 хувь, Австрали 3 хувийн өсөлттэй байна.
 
Дэлхийн мөнгөний нийт эрэлт нийлүүлэлтийн (сая/унц)тоон үзүүлэлт
 
сонин mn
сонин mn
Дэлхийн мөнгөний нийт эрэлт хэрэглээний тоон үзүүлэлт
 
сонин mn
Анхдагч мөнгөний олборлолтын нийт зардал 5.7 хувиар буурч 4.73 ам.доллар/унц хүрч байсан бол бүх төрлийн тогтмол зардал 3.7 хувиар буурч 11.17 ам.доллар/унц хүрсэн. Өнөөдөр мөнгө олборлох зардал нэг унц нь 9 доллар байгаа бөгөөд цэвэр металлын үнэ унц нь 26 орчим доллар хүрч байна. Мэдээж металл мөнгөний үнэ олон хүчин зүйлээс хамаарч байнга өөрчлөгдөж хэлбэлзэж байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийн эдийн засгийн хямралын нөлөөгөө энэ үнэт металлын үнэ тогтворгүй байгаа нь ажиглагдаж байна.   
 
Сүүлийн 20 жилийн мөнгөний үнийн өөрчилөлт ба хэлбэлзэл, (унц/ам.доллар)
 
сонин mn
Шинжээчид ойрын ирээдүйд энэхүү үнэт металлын үнэ өсөх төлөвтэй гэж үзэж байгаа. Энэ нь аж үйлдвэрийн салбарт мөнгөний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсэнтэй шууд холбоотой юм. Хэдэн жилийн өмнө буюу 2011 оны сүүлээр нэг унц мөнгөний ханш 37-38 доллар хүрч байсан түүх бий.
 
5. Монгол Улсын мөнгөний ордууд ба нөөц
 
Монгол орны хэмжээнд мөнгөний дагалдсан болон бусад эрдэстэй холилдон тогтсон хэд хэдэн ордуудыг нээж илрүүлжээ. Эдгээр дотор Баян-Өлгий аймгийн нутагт орших Асгатын орд үйлдвэрлэлийн ач холбогдолтой нэлээд нарийн судлагдсан.  Мөн мөнгө агуулсан холимог металлын ордууд ихэвчлэн нутгийн зүүн хэсэгт тархсан бөгөөд Дорнод аймгийн Улаан, Мухар, Цавийн мөнгөний өндөр агуулгатай цайр хар тугалганы ордууд нарийвчлан судлагдаж нөөц нь тогтоогдсон байдаг. 
 
Түүнээс гадна Сүхбаатар аймгийн Төмөртэйн Овоогийн орд, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Мөнгөн-Өндрийн полиметаллын мөнгө агуулсан орд мөн Хар толгойн томоохон орд газрууд бий.  Манай орны хувьд эрдэнэс баялгийн сандаа 2200 тонн мөнгөний нөөцтэй гэж тогтоосон. Гэхдээ нарийвчилсан судалгааны дараа уг нөөц 6000 тонн хүрэх боломжтой гэж үздэг. 
 
Монгол Улсын мөнгөний ордууд ба эзэмшигч компануудын нэрс:         
 
сонин mn
Асгат-ын мөнгө, холимог металлын орд нь Монгол орны баруун хэсэгт, Баян-Өлгий аймгийн Ногоон-Нуур сумын нутагт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог. Уртраг 8908I, Өргөрөг: 49052I, далайн төвшнөөс дээш 2500-иас 3200 м хүртэл өргөгдсөн уулын алслагдсан газар оршдог учир олборлолт явуулахад бэрхшээл ихтэй юм. Тус бүс нутаг нь цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас их унадаг, Агаарын дундаж температур 0 градус орчим байдаг. Аймгийн төв Өлгий хот хүртэл 180 км, Нийслэл Улаанбаатар хотоос 1800 км зайтай.  
 
Хамгийн ойр орших төмөр замын станц нь ОХУ-ын Бийск станц хүртэл 720 км зайтай юм. Тус ордыг 1976 онд БНМАУ-ын хилийн 100 км-ийн бүсийн геологийн судалгааны үед илрүүлсэн. Асгатын мөнгөний ордын хэмжээнд 1986 оноос явуулсан төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд 25 метр квадрат талбайд тархсан дунджаар 3 км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрсэн. 
 
Нийт 6.4 сая тонн хүдэр, 72.6 мянган тонн зэс, 3.3 мянган тонн висмут, 31.8 мянган тонн сурьма, 2.2 мянган тонн мөнгөнөөс гадна бусад дагалдах холимог металлын нөөцтэй гэж тогтоосон. Тухайн үед нөөцийг нь 26.9 сая тонн хүдэр, 7369 тонн мөнгөтэй гэж тогтоосноос үйлдвэрлэлийн аргаар ашиглах 2566 тонн мөнгө агуулсан 8.2 сая тонн хүдрийн нөөц байна гэж тооцсон. Асгатын мөнгөний ордыг ашиглалтанд бэлтгэгдсэн хүдрийн нөөцийг 1996 оны байдлаар тооцоолон гаргасан нэг хувилбарыг авч үзвэл С1+С2=6402.6мян.тн болж байсан. Үүнд металлын нөөц нь: Ag=2.247тн, Sb=31.830тн , Cu=7.264тн, Bi=3.319.8тн хүрч байсан. Хамтын баяжмалыг пирометаллургийн аргаар боловсруулалт хийж мөнгө, зэс, сурьма, гаргах улмаар гидрометаллургийн аргаар мөнгө, зэс, алт, цайрыг тус тус гарган авах боломжтойг лабораторийн туршилтаар тогтоосон. Тус ордын хялбар баяжигдах  ба анхдагч, исэлдсэн, бага зэрэг исэлдсэн хүдрийг нэг технологийн схемээр баяжуулан авч болохыг баталсан. 
 
Ордыг далд аргаар олборлох бөгөөд уул-техникийн нөхцөл болон хүдэр ба мөнгө агуулагч чулуулгийн физик-механикийн шинж чанараас хамаарч системтэйгээр хэсэгчилсэн олборлох боломжтой юм. 
 
Орд нь ихээхэн тектоник эвдрэл болон өндөр нэвчилт бүхий девоны терриген хурдсанд хуримтлагдсан бөгөөд олон жилийн цэвдэгт чулуулгийн бүсэд байрладаг. Асгатын ордыг өнөөдрийг хүртэл эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй нь технологийн ашигтай шийдэл олоогүй, байршил түвэгтэй хүнд нөхцөлтэй, нөөц нь мөнгөний том ордод тооцохуйц хэмжээний биш, олон элемент агуулсан бүтэцтэй гэх мэт олон шалтгаанаас үүдэлтэйг геологичид онцгойлон тэмдэглэдэг. Түүнээс гадна Асгатын мөнгөний орд нь удаан хугацааны хэрэгцээ хангахгүй, эдийн засгийн ашиг багатай хэмээн судалгаагаар тооцогдсон байдаг. 
 
Өнөөдөр уг мөнгөний ордын бүтээн байгуулалтын шаардлагатай дэд бүтэц, эрчим хүч, усан хангамж шийдэгдээгүй байна. Дэлхий нийтэд COVED-19 цар тахлын улмаас үнэт металлын үнэ эрс өсөж, түүхэнд байгаагүй дээд цэгтээ тулсан нь өнөө үед энэ орд газраас үнэт металлыг олборлон эдийн засгийн эргэлтэд оруулан ашиг орлого олох боломж бий. 
 
Өмнө нь Монросцветмет компани "Асгат"-ын ордын 4 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан бөгөөд Засгийн газрын /2019.01.16/-ийн хуралдаанаар Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. Уг тогтоолоор стратегийн ордод хамрагдсан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олборлолтын шатны үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагч талтай хамтран ордыг олборлох боломжийг судлах үүргийг "Эрдэнэс Монгол” ХХК-д өгсөн.  Мөн Засгийн газрын 2022 оны 3-р сарын хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар танилцуулж, ТЭЗҮ-ийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан танилцуулахыг "Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад даалгажээ.
 
"Эрдэнэс Силвэр ресурс" ХХК -ний эзэмшиж буй "Салхит” нэртэй  MV-021483 дугаартай  тусгай зөвшөөрлийн талбай нь  Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших ба Улаанбаатар хотоос урд зүгт 280 км, Дундговь аймгийн төв Мандалговь хотоос зүүн хойш 60 км-т, Гурвансайхан сумын төвөөс хойш 35 км зайд байрладаг. Дундговь аймгийн нутагт 1966 онд А.А.Храпов нар 1:500 000 масштабтай геологи- гидрогеологийн судалгааны ажил хийсэн. 1968 онд Д. Величков нар Алтанширээ, Дэлгэрэх сумын нутагт эрэл шалгалтын ажил явуулснаар Модот худагийн боржингийн байршил түүний хувирлын бүсийг нарийвчлан тогтоож зэс, хайлуур жонш, ховор металлын эрдэсжсэн цэг, хүдрийн илэрц нэлээд хэдийг шинээр тогтоон үнэлэлт өгсөн байдаг. 
 
Талбайн баруун хойт хэсэгт 1971 онд 1:200 000 масштабын эрэл зураглалын ажил явуулж дунд-дээд анх төрмөлийн этгүн шохойлог, доод  пермийн бялхмал, доод дунд юрын этгүн дээд юра доод цэрдийн цагаан цавын бялхмал, доод цэрдийн Зүүнбаянгийн давхаргаас этгүн болон дөрөвдөгчийн хурдас ялгасан байна. 
 
Доод-дунд юрагын настай эх газрын молассын хурдсыг амьтны үлдэгдлээр насыг нь тогтоож хайлуур жонш, хүрэн нүүрс, гөлтгөнө зэрэг ашигт малтмалын хүдрийн илрэл илрүүлжээ. Ашигт малтмал Судалгааны талбай нь металлогений мужлалтаар Дундговь-Буянтын металлогений бүсийн Гурвансайханы хүдрийн дүүрэгт хамрагдах бөгөөд геологи хайгуулын судалгаа харьцангуй сул хийгдсэн боловч үнэт металл /Аu/-ын ач холбогдолтой орд илэрч болох шалгуур шинж тэмдэг бүхий талбайд хамрагдаж байгаа юм. Дундговь аймгийн нутагт 1979-1983 онуудад хийгдсэн 1:200000-ны масштабын бүлэгчилсэн зураглалын үр дүнгийн ашигт малтмалын зурагт флюорит, хүрэн хүдэр, чулуун хүдэр, гипс, каолин, барилгын материалын орд, илрэлүүд, алт, мөнгө, вольфрам, газрын ховор элемент, зэс болон холимог металл, цагаан тугалга, берилл, стронций, молибден, шатдаг занарын илрэл, эрдэсэжсэн цэгүүд тогтоогдсон байдаг.  Ордын хүдрийн нөөцийг гадаргуугаас доош 190 м хүртэлх гүнд буюу хэвтээ түвшинд 1190м-ийн горизонт хүртэл гүнд өрөмдлөгөөр судлагдсан байдлаас шалтгаалан бодитой (B) ба боломжтой (C) зэрэглэлээр тооцоолов. 
 
Тухайн районд хамгийн ойр орших, гарал үүсэл, шинж төрхийн хувьд ижил төстэй, сайн судлагдсан судлын төрлийн ордуудын үзүүлэлтүүд болон геостатистикийн анализын үр дүнгүүдийг үндэслэн С.Авирмэд нарын 1991 онд боловсруулсан кондицийн үзүүлэлтүүдтэй уялдуулан, Салхит мөнгө-алтны ордын онцлог мөнгөний өнөөгийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, ордыг бүрэн дүүрэн ашиглах шаардлага зэргийг харгалзан захын агуулга болон нөөцийн блок дахь үйлдвэрлэлийн хамгийн бага агуулгыг доорх байдлаар тооцсон болно. 
 
•Хүдэр дахь мөнгөний эквивалентын захын агуулга 20 г/т 
•Хүдрийн биетийн хамгийн бага зузаан 2.0 м 
•Нөөцийн тооцоонд орсон хоосон чулуулгийн хамгийн их зузаан 2.0 м 
•Ил аргаар ашиглах үеийн хөрс хуулалтын коэффициент 2.93 м3 /т
 
Нийт ордын хэмжээнд тооцсон нөөц 2020 оны нөөцийн хөдөлгөөнөөр ордын хэмжээнд В+С+овоолго/склад/ зэргээр 2.9 сая.тн  336.49 гр/тн агуулга бүхий 982.87 тн мөнгө, 0.46 гр/тн агуулга бүхий 1353.7 кг алт байна.
 
Үүнээс В зэргээр 1.48 сая тн 293.69 гр/тн дундаж агуулгатай 437.11 тн мөнгө, 0.29 гр/тн 608.62 кг алт, С зэргээр 0.98 сая тн 180 гр/тн дундаж агуулгатай 177.36 тн мөнгө, 0.18 гр/тн дундаж агуулгатай 283.7 кг алт, нөөцийн овоолгод 0.43 сая тн 850.66 гр/тн агуулга бүхий 365.31 тн мөнгө, 1.06 гр/тн агуулгатай 454.69 кг алт тус тус байна. Өмнө хийгдсэн ТЭЗҮ болон нөөцийн судалгаагаар Салхитын мөнгө, алтны орд нь ашиглалтын талбайнхаа гуравны хоёрт нөөц тогтоолгосон.  
 
Уг судалгаагаар 808.3 тонн мөнгө 1117.1 тонн алтны нөөцтэй гэж тогтоосон ч хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлснээр дээрх нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтойг тогтоосон. Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн Салхитын мөнгөний ордыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж 2018 онд төрийн мэдэлд шилжүүлэн авсан. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Силвер Ресурс” ХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Ийнхүү Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн нь Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг болсон билээ. 
 
Салхитын орд газрыг Ил уурхай, Баяжуулах үйлдвэр гэсэн аргаар олборлож ашигладаг. Баяжуулах үйлдвэр нь Бутлалт нунтаглалт, Хөвүүлэн баяжуулалт, Шүүж хатаах, Баяжмал савлалт ачилт, Хаягдлын далан гэсэн 5 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд хөвүүлэн баяжуулалтын үр дүнд мөнгөний өндөр агуулгатай баяжмал гарган авдаг. 
 
Баяжуулах үйлдвэр нь хоногт 1000 тонн хүдэр боловсруулан 30-40 тонн баяжмал гарган авах хүчин чадалтай. Нэг тонн баяжмалд ойролцоогоор 15000гр мөнгө, 3гр алт, 1кг гаруй зэс, цайр агуулагддаг. Усан хангамжийг уурхайн бүсээс 2,000-3,500 метрийн зайтай 4 гүний худгаас хангадаг бөгөөд Баяжуулах үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангах нөөцийн 3 усан санг байгуулсан. Баяжуулах үйлдвэр нь өтгөрүүлж шүүгдсэн шаварлаг хуурай хаягдал гаргадаг байгаль орчинд ээлтэй аюул осол багатай технологи сонгосон бөгөөд ашигласан усныхаа 85 хувийг дахин ашигладаг. Салхитын мөнгөний уурхайн Баяжуулах үйлдвэр өнгөрсөн 2021онд 205.568тн хүдэр боловсруулан 3.264 тонн баяжмал үйлдвэрлэж экспортод гаргасан байна.
 
Монгол Улсын Зөвлөх Инженер  Д.Отгонбаатар
Мөнгөний хүдэр боловсруулах арга технологийн онцлог
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шатахуун экспортлохыг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлжээ

 МОСКВА. 2024 оны гуравдугаар сарын 1 /Anadolu/. Орос улсаас ...

2024 оны 03 сарын 01, 19 цаг 40 минут
Brent маркийн газрын тосны үнэ 84 ам.долларыг давлаа

   Brent маркийн газрын тосны нэг баррелийн үнэ сүүлийн нэг ...

2024 оны 02 сарын 29, 20 цаг 00 минут
Д.Амарбаясгалан: “Орано” групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ үргэлжилж байна

 Францын Орано групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил ...

2024 оны 02 сарын 29, 19 цаг 48 минут
Ж.Ганбаатар: Зэсийн баяжмалаа биржээр зарах шийдвэр гаргасан

 Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын асуудлын талаар Уул ...

2024 оны 02 сарын 29, 19 цаг 32 минут
Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хэргийг илрүүлжээ

    Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн ...

2024 оны 02 сарын 29, 18 цаг 50 минут
Зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг биржээр худалдаална

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны хоёрдугаар сарын 28-нд ...

2024 оны 02 сарын 29, 14 цаг 53 минут
Зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг Уул уурхайн биржээр худалдаална

    Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах ...

2024 оны 02 сарын 29, 14 цаг 34 минут
Brent маркийн газрын тосны үнэ 84 ам.долларыг давлаа

      Brent маркийн газрын тосны нэг баррелийн үнэ ...

2024 оны 02 сарын 29, 10 цаг 41 минут
2024 оны 02 сарын 29, 10 цаг 17 минут
Ураны гэрээ улс төрийн гацаанд орж, сонгуулиас нааш УРАГШЛАХГҮЙ болжээ

 Монгол, Францын хооронд байгуулагдах 1.6 тэрбум ам.долларын уран ...

2024 оны 02 сарын 28, 13 цаг 29 минут
ОХУ ирэх сарын 1-нээс бензиний экспортоо ХОРИГЛОХООР ТӨЛӨВЛӨЖ байна

 ОХУ-ын Засгийн газар 2024 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн ...

2024 оны 02 сарын 28, 13 цаг 06 минут
Хятад улс уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой зорилгоосоо ухрах уу

 Хятад улс  уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой гол зорилгоо ...

2024 оны 02 сарын 28, 12 цаг 52 минут
Хөрсний бохирдлыг бууруулах зөвлөмж

 Экологийн цагдаагийн албанаас хөрсний бохирдлыг бууруулах ...

2024 оны 02 сарын 27, 17 цаг 39 минут
2024 оны 02 сарын 27, 17 цаг 36 минут
Бүлэг этгээд хууль бусаар 35кг ногоон хаш чулуу олборлосныг илрүүлжээ

 Экологийн Цагдаагийн Албаны төв, орон нутгийн алба хаагчид хууль ...

2024 оны 02 сарын 27, 17 цаг 35 минут
Өндөр хувиар баяжуулсан Ираны ураны нөөц багасжээ

 ТЕХРАН, 2024 оны хоёрдугаар сарын 27 /Bloomberg/. Ираны эрх ...

2024 оны 02 сарын 27, 17 цаг 27 минут
ОХУ ирэх сарын 1-ээс бензиний экспортоо ХОРИГЛОХООР ТӨЛӨВЛӨЖ байна

      ОХУ-ын Засгийн газар 2024 оны гуравдугаар сарын ...

2024 оны 02 сарын 27, 15 цаг 50 минут
Ройтерс: Орос, Хятад “Сибирийн хүч 2”-оор дамжих хийн үнийг тохиролцоход хол байна

 Украинд хоёр жил үргэлжилсэн дайн, Европын хориг арга хэмжээний ...

2024 оны 02 сарын 27, 13 цаг 21 минут
2024 оны 02 сарын 27, 13 цаг 16 минут
“Steppe Gold” компани “Бороо Гоулд”-ыг 100 хувь худалдаж авах гүйлгээ энэ сарын 18-нд хийгдэнэ

  Монголд 2004 оноос хойш алт олборлосон "Бороо Гоулд” компанийг ...

2024 оны 02 сарын 27, 12 цаг 30 минут
З.Батбаяр: “Оюутолгой“ компанид 700 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулсан

 БОАЖЯ-наас өвлийн аялал жуулчлалын гуравдугаар сарын арга хэмжээний ...

2024 оны 02 сарын 26, 17 цаг 02 минут
Б.Уянга: Уул уурхайн салбарынхан гамшгаас урьдчилан сэргийлэх аяныг урт хугацаанд өрнүүлнэ

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгатай ярилцлаа. ...

2024 оны 02 сарын 26, 16 цаг 58 минут
Соёлын сайд Ч.Номин үндэсний статустай байгууллагыг самарч байна

  2024 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр ...

2024 оны 02 сарын 26, 12 цаг 31 минут
Bloomberg: БНХАУ-ын нүүрсний үйлдвэрлэл буурна

  Уул уурхайн томоохон бүс нутгууд нүүрс олборлолт, үйлдвэрлэлээ ...

2024 оны 02 сарын 23, 18 цаг 42 минут
Citi: 2025 он гэхэд алт 3000 доллар, газрын тос 100 доллар хүрнэ

 "Citi”-ийн мэдээлснээр алтны үнэ нэг унц нь 3000 доллар, нефтийн үнэ ...

2024 оны 02 сарын 23, 11 цаг 38 минут
Хашаандаа мод, сөөг тарьж ургуулдаг айл өрхийг дэмжинэ

 Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/.Ойн газраас ...

2024 оны 02 сарын 22, 15 цаг 29 минут
2024 оны 02 сарын 22, 15 цаг 28 минут
Астероидын гадаргууд ус байгааг анх удаа илрүүлжээ

 ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 19/CNN/.Усны молекулууд анх ...

2024 оны 02 сарын 22, 12 цаг 36 минут
Хийн олборлолт энэ онд нэмэгдэнэ

 ДОХА, 2024 оны хоёрдугаар сарын 19 /gecf.org/. Түлшний эрэлт ...

2024 оны 02 сарын 20, 10 цаг 41 минут
878 сая төгрөгийн НДШ төлөөгүй Хятадын компанийн захирлыг 6 сая төгрөгөөр торгожээ

 Нүүрс тээвэрлэн хилээр гаргадаг аж ахуйн нэгжүүд мэргэшсэн жолооч ...

2024 оны 02 сарын 19, 19 цаг 02 минут
“ЭТТ: 2023 оны ногдол ашиг болох 285 мянган төгрөгийг IV сард олгохоор болов

 "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны 2 ...

2024 оны 02 сарын 19, 18 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК 3,2 сая тонн нүүрс биржээр арилжааллаа

 "Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Монголын ...

2024 оны 02 сарын 16, 14 цаг 54 минут
Б.Жаргалан: Нүүрсний экспортоос 8.9 тэрбум доллар олсон хэрнээ ажил хийсэнгүй

 Ардчилсан намын өнөөдрийн /2024.02.15/ 4:11 мэдээллийн цагт ...

2024 оны 02 сарын 16, 14 цаг 52 минут
Mining: Зэсийн үнэ 9500 долларт хүрнэ

    Дэлхийн үйлдвэрлэл аажмаар сэргэж буйтай ...

2024 оны 02 сарын 14, 14 цаг 09 минут
Intellinews: Төв Азид газрын ховор элементийн нөөц бүхий 384 орд бий

 АНУ-д төвтэй Олон улсын татварын байгууллагын тайланд дурдсанаар ...

2024 оны 02 сарын 14, 13 цаг 59 минут
Зэсийн баяжмалын цахим арилжааны талаар хэлэлцэнэ

 Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 13/МОНЦАМЭ/.Монголын Хөрөнгийн ...

2024 оны 02 сарын 14, 13 цаг 57 минут
Туркийн алтны уурхайд нуранги үүсэж 9 уурхайчин сураггүй болжээ

   Эрзинжан мужийн алтны ил уурхайд хөрс гулсаж, уурхайчид ...

2024 оны 02 сарын 14, 13 цаг 50 минут
Олон улсын эдийн засгийн байгууллага нефтийн эрэлт сулрана гэж дүгнэв

 2024 онд дэлхийн нефтийн эрэлт бурна гэж Олон улсын эдийн ...

2024 оны 02 сарын 14, 10 цаг 56 минут
“Экспортод гаргах зэсийн баяжмалын цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлэг болно

 "Экспортод гаргах зэсийн баяжмалын цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлэг ...

2024 оны 02 сарын 13, 14 цаг 08 минут
Intellinews: Төв Азид газрын ховор элементийн нөөц бүхий 384 орд бий

 АНУ-д төвтэй Олон улсын татварын байгууллагын тайланд дурдсанаар ...

2024 оны 02 сарын 13, 11 цаг 33 минут
Хариуцах эзэнгүй орхигдсон 1229,8 га талбайд 100 хувь нөхөн сэргээлт хийжээ

 Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн ...

2024 оны 02 сарын 08, 18 цаг 26 минут
Дэлхийн гангийн зах зээл хямрал, шилжилтийн үеийг туулж байна

MetalMiner сайтад нийтлэгдсэн шинжээчийн ярианд дурдсанаар, Европ дахь аж ...

2024 оны 02 сарын 08, 16 цаг 13 минут
Завханмандал суманд алт олборлож буй “Шувуун хар уул“ ХХК цианит натри ашиглах зөвшөөрөл авчээ

 Завхан аймгийн Завханмандал суманд алт олборлож буй "Шувуун хар уул" ...

2024 оны 02 сарын 07, 12 цаг 07 минут
Хиймэл оюун ухааныг ашиглан асар том зэсийн орд илрүүлжээ

 ЛУСАКА, 2024 оны хоёрдугаар сарын 6 /Bloomberg/. Ногоон эрчим ...

2024 оны 02 сарын 06, 15 цаг 39 минут
Дэйрдрэ Лингенфэлдер: Оюу толгой дэлхийн дөрөвдөгч том зэсийн уурхай болно

    "Оюу толгой" ХХК 2023 оны дөрөвдүгээр улирлын үйл ...

2024 оны 02 сарын 06, 15 цаг 37 минут
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл энэ сарын 26-29-нд болно

Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний ...

2024 оны 02 сарын 06, 12 цаг 47 минут
Таван толгойтой адил Эрдэнэтээс 1072 ширхэг хувьцаа авцгаая

 Одоогоос 13 жилийн өмнө Таван толгойгоос иргэн бүрд 536 ширхэг ...

2024 оны 02 сарын 06, 10 цаг 59 минут
Түмэн газрын цайны зам

Богино хэмжээний баримтат кино ...

2024 оны 02 сарын 05, 16 цаг 49 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани